Нийтлэл

Ямаа гомдоосон сайд

Хуваалцах:
(Ёгтлол)
Ч.Улаан сайд “Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй” хэмээн ард түмэнд таалагдах ганц үг хэлсэн нь тухайн үед малчид бүү хэл ямаа  хүртэл баярлаад майлмаар сайхан байв. Гэвч түүний хэлсэн үг 10 ч хонолгүй өөрчлөгдөж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахаа мэдэгдэж, бусад аймгийн малчдыг болон ямааг ангилан сортолж “заазуурдаж” орхисон. Түүний хэлснээр зүүн гурван аймгийн ноолуур супер болж, бусад нь зам зуурын “ноолуурхан” болж хувирсан.
Салбар хариуцсан сайдын “сахилгагүй” мэдэгдлийн улмаас зүүн гурван аймгаас бусад аймгийн малчид одоо тойргийн гишүүдээ “барьж идэх” шахаж байна. Амаа ар дээрээ гартал алгадуулсан орон нутгийн гишүүд аргаа барлаа. Мань сайд улайхгүй өөрийнхөөрөө зүтгээд байсан тул аргаа барсан намынхан нь чуулганы хуралдаан дээр “Улайхгүй Улаан юм аа” хэмээн шогшрон суусан нь үнэн.
Монголын малчдынхаа хөдөлмөрийг ангилж, ямааг гомдоосон мэдэгдлийнхээ араас ямар ч жишимгүй сууж байгаа түүнийг яг ямар бодлоготон гэх вэ. “Архангайн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөг хүрч байгаагүй” гээд хээв нэг микрофон дээр түгдэрч, улайлгүй хэлчихдэг тэрбээр малчид болон ямаанаас уучлалт гуйх хэрэгтэй. Эрх баригчдын олсон нэг мэргэн санаа нь “Ямааны ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгох” хуулийн төсөл байв. Монголын бүх ямааг гомдолгүй болгох хуулийн төсөл гэсэн үг. Монголчууд хэзээний ямаан омогтой ард түмэн. Тэднээс өмнө 105 мянган төгрөгөөр ноолуураа зарсан зүүн гурван аймгийн малчид кг ноолуур тутам дээрээ дахин 20 мянган төгрөг авна гэвэл малчид болон ямаа нар яавч зүгээр хараад суухгүй болов уу. Монголчууд хэн нэгнээс давахыг хүсэхээс биш хэн нэгнээс ялангуяа мөнгө дутуу авах дургүй ард түмэн.
Хүүхдийн мөнгөн дээрээ 10 мянган төгрөг нэмж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгохоор болсноо Засгийн газар зарласан ч манайхан “Ямаанаас дорд ард түмэн” хэмээн цахим орчинд шуугисан тул арга буюу дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн болтол хүүхдийг мөнгийг 100 мянга байхаар шийдвэр гаргалаа.
Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд ямаанаас хавьгүй илүү гэдгийг нотлон харуулж, Улаан сайдын бодлогогүй үйлдлийг бодлогын замаар шийдвэрлэлээ. Гэхдээ л ямаа гомдсон шүү, Улаан сайд аа. 

Э.Энх       
Эх сурвалж: Zindaa.mn      
скачать dle 12.0