Онцлох мэдээ / Дэлхийд

ДЭЛХИЙН ТОЙМ: Солонгосын хойгт ХУРЦАДМАЛ БАЙДАЛ үүсэв үү!

Хуваалцах:

-Өмнөд Солонгос хэлэлцээрээ зөрчлөө гэв-
Хойд Солонгос Өмнөд Солонгосын цэргийнхний Шар тэнгис дэх АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтыг хатуу шүүмжилжээ. БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдсанаар Сөүл энэ үйлдлээрээ өмнө нь байгуулсан гэрээг зөрчиж байгаа юм. Харин Өмнөд Солонгосын цэргийнхэн хамтарсан тунхаглалын нөхцөлийг зөрчөөгүй гэж үгүйсгэж байгаа бөгөөд энэ нь далайд “энх тайвны бүс” бий болгосон явдал гэжээ. Гэрээнд зааснаар энэ чиглэлийн үйл ажиллагаа нь зөвхөн тайван замаар явагдах ёстой. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Пеньян хөрш орнуудынхаа цэргийн маневрыг эрс эсэргүүцэж буйгаа харуулж, ашиг сонирхлоо идэвхтэй хамгаалахад бэлэн байгаа аж. БНАСАУ-ын удирдлага тус улсын хилийн ойролцоо явуулсан Өмнөд Солонгос, Америкийн флотуудын хамтарсан сургуулилтыг буруутгаж байгаа талаар Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ч дурджээ. Уг мэдэгдэлд маневрыг БНАСАУ-ын баруун эргийн ойролцоох халуун цэгт хийсэн гэж онцолж байна. Энэ бүс нутаг нь өмнөх жилүүдэд Хойд болон Өмнөд Солонгосын хоорондох цэргийн мөргөлдөөний талбар болж байсныг Пеньян сануулжээ.
Хойд Солонгосын мэдээнд “Өмнөд Солонгосын цэргийн хүрээнийхэн биднийг “дайсан” гэж нэрлэж, ийм цэргийн сургуулилт хийсэн нь илүү ноцтой зүйл юм” гэж онцолсон байна. Үүний зэрэгцээ Пеньян Өмнөд Солонгосын цэргийнхний зорилго нь хойд зүгийн гэнэтийн “өдөөн хатгалга”-д хариу арга хэмжээ авах чадвараа дээшлүүлсэн гэдгийг нуухгүй байгааг тэмдэглэв. Хойд Солонгосын талаас үзэж байгаагаар Сөүлийн ийм алхам нь хариу арга хэмжээ авах шаардлагатай “ноцтой өдөөн хатгалга” аж. Үүнээс гадна Пеньяны үзэж байгаагаар эдгээр үйл явдлууд нь 2018 оны дээд хэмжээний уулзалт хүртэл Хоёр Солонгосын хоорондын харилцаа хурцадмал байдалд байсан тэр үе рүү аваачиж байна гэж мэдэгдэлд дурджээ. Сөүлийн үйлдлийг Пеньян Хоёр Солонгосын хооронд 2018 онд цэргийн салбарт байгуулсан гэрээний эсрэг “Өмнөд Солонгосын цэргийн хүрээний ухаангүй өдөөн хатгасан үйлдэл” гэж тайлбарлав. Гэвч Сөүл энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч “Хамтарсан сургуулилт нь батлан хамгаалах шинжтэй байсан. Кунсан хотоос баруун хэсэгт усанд болсон. Есдүгээр сарын 19-ний тохиролцооны дагуу гүйцэтгэгдсэн” гэж мэдэгдээд 2018 онд байгуулсан хоорондын хэлэлцээрийн журмаар явагдсаныг мөн дурджээ.
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, энэ сарын 6-нд Өмнөд Солонгос АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёрдугаар флоттой хамтран Шар тэнгист цэргийн сургуулилт хийсэн байна. Сургуулилтад нисэх хүчин мөн оролцжээ.
Эртний зөрчилдөөн
Сануулахад, Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хүчний тэнгис дээр болж мэдэх төлөвлөөгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тухай тохиролцоог 2018 оны есдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНАСАУ-д хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа үеэр байгуулсан билээ. Талууд мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс усан бүс байгуулах тухай тохиролцоонд хүрч, тэнгисийн цэргийн сургуулилт болон тус бүсэд гал нээхийг зогсоосон. Мүн Жэ Ин, Ким Жон Ун нарын хэлэлцээрийн үр дүн Пеньяны тунхаг бичигт бичигджээ. Хэсэгчилсэн бүсэд гарсан зөрчлийг зогсоох, бие биеэсээ нэг км зайд байх аюулгүй байдлын бүх постыг үгүй болгохоор тохиролцсон байна. Далайн асуудлаар талууд “энх тайвны бүс” бий болгохоор шийджээ. Гэрээнд заасны дагуу зөвхөн зэвсэг зөөдөггүй усан онгоцнууд тус бүсэд орж болно, тэнд болох бүх үйл ажиллагаа зөвхөн тайван замаар явагдах ёстой.
ОХУ-ын Шинжлэх ухааны ака­демийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн судлаач Константин Асмолов “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа Пеньяны Сөүлийг буруутгаж буй шалтгаанууд нь үндэслэлтэй гэжээ. Тэрбээр “Үнэн хэрэгтээ тунхаглалд дайсагналцсан үйлдлээс зайлсхийх хэрэгтэйг тодорхой тусгасан. Гэсэн хэдий ч БНАСАУ-ын эсрэг хийж буй хамтарсан сургуулилт нь дээрх үйлдлүүдэд хамаарах юм. Тиймээс БНАСАУ-ын эрх баригчдын зэвүүцлийг зөвтгөж болно. Ерөнхийдөө хойг дээр хэн, хэдэн удаа сургуулилт хийснийг харах юм бол түрэмгий Хойд Солонгос, туйлын тайван Өмнөд Солонгос гэж ярих нь утгагүй болно” гэж тайлбарлав.
Энэ талаар арай өөр байр суурийг олон улсын улс төр, гадаадын бүс судлалын тэнхимийн тэргүүлэх мэргэжилтэн Роман Файншмидт илэрхийлж байна. Тэрбээр “Өмнөд Солонгос тунхаглалын нөхцөлийг цэргийн сургуулилтаар зөрчсөн үү, хоёр, гурван өдрийн дараа асуудлын талаар илүү олон баримт, мэдээлэл гарч ирэх болно. Хоёр Солонгос хоорондын зөрчилдөөн удаан хугацааны турш үргэлжилж байна” гэжээ.
Дайн ч биш, энх ч биш
БНАСАУ болон АНУ-ын удирдагчид 2017 оны дайсагнал руу буцаж орохгүй байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл, тохиролцоонд нийцсэн амлалтаа биелүүлж байна. Солонгос хоорондын харилцаанд саяхныг хүртэл тайван байдал хэвээр байв. Үүнийг энэ сарын 3-нд БНАСАУ, Өмнөд Солонгосын хил дээр гарсан үйл явдал зөрчсөн.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр тэр үед БНСУ-ын штабын дарга нарын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, тусгаарлах шугамын төв хэсэгт байрлах Өмнөд Солонгосын ажиглалтын цэг рүү хэд хэдэн удаа буудсан байна. Хариуд нь Өмнөд Солонгосын цэргийнхэн мөн БНАСАУ-ын чиглэлд хоёр удаа бууджээ.
Гэсэн хэдий ч хил дээр буун дуу гарсан тохиолдол ч, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн сургуулилт ч Солонгосын хойгт шинэ хурцадмал байдал үүсгэхгүй гэж үзэх судлаачид байна. Хоёр Солонгосын харилцаа хүнд хэвээр байгаа боловч БНСУ-д Мүн Жэ Ин засгийн эрхэнд гарсны дараа Сөүл, Пеньян тогтвортой харилцаатай хэвээр байгаа бөгөөд нөхцөл байдал улам дордохгүй гэж тэд үзэж буй.

скачать dle 12.0