Дэлхийд

Сингапурт робот нохой хүмүүст хоорондоо зайтай явахыг сануулж эхэлжээ

Хуваалцах:
Цар тахлын энэ үед олон нийтийн газарт хүмүүс хоорондоо тодорхой зайтай явах шаардлага тавигдаж байгаа. Тэгвэл энэ шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор Сингапурын засгийн газар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Boston Dynamics компанийн робот нохойг туршиж эхэлжээ. Тус хотын Бишан-Ан Кио цэцэрлэгт хүрээлэнд Spot нэртэй, дөрвөн хөлтэй робот хоёр долоо хоногийн хугацаатай туршигдахаар болсон байна. Эргүүлийн робот нь камертай бөгөөд цэцэрлэгт зугаалж буй хүмүүсийн хоорондын зайг мэдрээд шаардлагатай бол очиж анхааруулах үүрэгтэй. 
Гэхдээ уг робот хүмүүсийн зургийг цуглуулахгүй, хэн болохыг нь тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл хүний хувийн мэдээлэлд халдахгүй ажээ. Хэрвээ туршилт амжилттай болбол Spot-ийг цаашдаа оргил ачааллын үеэр тогтмол ажиллуулах юм байна. Робот нохой ашигласнаар эргүүлийн ажлын байрыг хэмнэж, вирус тараах эрсдлийг бууруулж байгааг Сингапурын Хүрээлэнгүүдийн захиргаанаас мэдээлжээ. Коронавирусийн тархалттай тэмцэхэд технологи ашиглах явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа. Тухайлбал АНУ, Хятадын зарим хотуудад дрон ашиглан хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Р.Түвшин 
Эх сурвалж: The Verge
скачать dle 12.0