Нийгэм

Эрүүдэн шүүсэн хэрэг эцэслэгдсэнгүй

Хуваалцах:
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал  Б.Хурц тэргүүтэй хуулийн байгууллагын есөн  ажилтныг шалгаад жил гаруй болж байна.
Өнгөрсөн  2019 оны наймдугаар сард Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан С.Эрдэнэбат нарын эрүүдэн шүүсэн хэргийг хэлэлцээд хэргийн нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон ч дахин хойшилж, зургадугаар сарын 8-ны өдрийг хүртэл хойшлогдсон юм.
Цаг гаруй хугацаанд хаалттай үргэлжилсэн шүүх хуралдааны гадна талбайд  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тагнуулын ажилтнуудын заавраар гүтгэсэн гэх агуулга бүхий бичиг хадаж, МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл, Хохирогчдын холбоо, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ийн 30 гаруй иргэд хараат бус, шударга шүүхийг шаардан, эрүүдэн шүүсэн асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, гэмт буруутай этгээдүүдэд шүүхээс хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн мөн жагсаж байсан юм.
“...Б.Хурц нарт хатуу шийтгэл оногдуулах ёстой, эрүүдэн шүүснийг бүгд харсан”
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Би хүүтэйгээ хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард уулзсан. Хилсээр шийтгэгдсэн хүүгийн минь нөхцөл байдал, биеийн байдал хүнд байгаа. Их турсан байна лээ. Эмнэлэгт байгаа тулдаа л эрүүдэн шүүлт, дарамт нь бага байна. Шүүх шударга шүүнэ гэдэгт итгээд 400 гаруй километрийн цаанаас ирсэн ч шүүх хуралдаан бас л хойшиллоо. С.Зоригийн хэрэгт холбогдсон эрхтэн дархтануудыг хамгаалж байна гэж хардаж байна. Эрүүдэн шүүсэн бичлэгийг монгол даяар үзсэн. Б.Хурц нарт хатуу шийтгэл оногдуулах ёстой. Эрүүдэн шүүсэн хэрэг дээр ял авах ёстой. Эд нар хуулийн янз бүрийн гаргалгаа гаргаж байгаа” гэдгийг хэллээ.
Иргэн Б.Хандсүрэн “2019 оны гуравдугаар сард Б.Содномдаржаа, С.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг задарсаны дараа 100 гаруй бичиг, шаардлага, хүсэлтүүдийг ТЕГ,АТГ, Төрийн гурван өндөрлөг, ХЗДХЯ,Улсын дээд шүүх, УЕПГ, ХЭҮК, Нийслэлийн прокурор, Эрүүдэн шүүсэн эсэхийг хариуцсан түр хороо, зэрэг байгууллагад явуулсан ч 63-т нь хариу ирсэн. Ирсэн хариу нь шалгаж байгаа гэх мэтчилэн манааны хариу л ирдэг. Б.Хурц зохион байгуулалттайгаар энэ хүмүүсийг хэлмэгдүүлж, эрүүдэн тамласан. Төрийн өндөр албан тушаалтнууд хоорондоо үгсэн хуйвилдан бүлэглэж, жирийн иргэдийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж байна. Шүүх хуралдаан дахин хойшиллоо. Гэсэн ч дараагийн шүүх хуралдаанаар үнэн зөв нь эцэслэн шийдэгдэж, дахин хойшлогдохгүй байгаасай гэж хүсэж байна. Маргааш /өнөөдөр/  бид АТГ, шүүх, прокурор, Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэн, Төв аймгийн сум дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлыг дахин шалгуулахаар өгнө. Монголын ард түмний тэмцэл дуусаагүй. МАНАН бүлэглэл шүүх прокурорт байсаар байна гэдгийг бүгд харж байна” гэлээ.
Хохирогчдын холбооны төлөөлөл н.Оюунцэцэг “Яллагдагчдын талын өмгөөлөгчид нь УИХ-д нэр дэвшсэн. Шүүхээр гэм буруутай нь тогтоогүй тохиолдолд сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ гэдэг хуулийн цоорхойг ашиглан эрүүгийн хэрэгтнүүд нэр дэвшиж байгаагийн нэг жишээ нь энэ. Өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэхийн тулд Б.Хурц ард нь бүх хөрөнгө мөнгийг нь гаргаж байгаа нь харагдаж байна. Оронд нь өмгөөллийн эрхгүй Г.Батбаяр ирж байгаа юм.  Ямар нэгэн байдлаар энэ шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар байтал сонгууль болно. Сонгуулийн дараа тодорхой хэмжээний шинэ МАНАН бүлэглэл үүсвэл энэ хэрэг замхрах нөхцөл байдал үүсээд байна” гэдгийг хэллээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөө солих хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшиллоо
Шүүх хурал хойшилсон талаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл өгсөн юм.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаатай холбогдуулан шүүгдэгч Г.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх болсон шалтгааны улмаас, Шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан нь 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дуусаагүй үргэлжилж байгаа тул  ирээгүй. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангах зэрэг хуульд заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа” гэв. 

Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0