Дэлхийд

В.Путин генетикийн мэдээллийн сан байгуулахыг тушаав

Хуваалцах:
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний генетикийн мэдээллийн бааз байгуулахыг холбогдох хүмүүст даалгавар болгожээ. Энэхүү зааврын талаар Кремлийн албан ёсны вэбсайтад нийтэлсэн байна. 
Уг генетикийн  мэдээллийн сан нь Оросын Засгийн газрын удирдлага дор, “Курчатовский хүрээлэн”-ийн Үндэсний судалгааны төвийн оролцоотойгоор бий болох аж. Ажлын эхний үр дүнгийн тайланг Ерөнхий сайд Михаил Мишустин ба тус хүрээлэнгийн захирал Александр Благов нар 2020 оны аравдугаар сарын 1-н гэхэд тайлагнах ёстой гэнэ.
Генетикийн мэдээллийг хадгалах, боловсруулах системийг хөгжүүлэхээс гадна өгөгдөл хадгалах, дамжуулах формат, холбогдох хайлтын программ, программ хангамжийг бий болгох ёстой хэмээн албан тушаалд дурджээ. Түүнчлэн Засгийн газраас энэхүү генетикийн баазыг ажиллуулах төсвийг баталсан бөгөөд 2021 оноос хүчинтэй болох юм. Тодорхой хэмжээг нь Ерөнхийлөгчийн зааварт заагаагүй байна.
Тус улсад генетикийн мэдээллийн санг байгуулах талаар Путин тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж байсан. Тэр үед “Роснефть” компани уг төслийн хүрээнд гурван генетикийн төв байгуулах ажлын хамтрагч болсныг зарлаж байсан билээ.
“BBC Russian Service”-ийн мэдээлснээр, уг төслүүдийн нэгийг Владимир Путины том охин гэгддэг Мария Воронцова удирдах гэнэ. Уг төвийг Москвагийн их сургуулийн Шинжлэх ухаан, техникийн хөндийн дэргэд байгуулах бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг Путины бага охин гэгддэг Катерина Тихонова гүйцэтгэх аж. 

О.Тэргэл
Эх сурвалж: meduza.io
скачать dle 12.0