Дэлхийд

“Бид дахин уучлал эрэхгүй”

Хуваалцах:
Англи-Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани тэсэлгээ хийх явцдаа уугуул австраличуудын шүтээн болсон агуйг сүйтгэсэн нь дэлхий дахины анхаарлыг татаж байна. Компанийн зүгээс олон нийт болон уугуул австраличуудаас уучлал эрсэн мэдэгдэл гарсан ч салбарын захирал нь “уучлал гуйх асуудал биш” гэсэн нь нууц бичлэгт үлджээ. Энэхүү нууц бичлэгийн тухай мэдээллийг Австралийн санхүүгийн Financial Review сэтгүүл мэдээлжээ. Рио Тинто компанийн төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Крис Салибюри “Бид буруу үйлдэл хийснийхээ төлөө олон нийтээс уучлал эрсэн. Үүнийг дэлхийн бараг бүх хүн харсан байх. Тийм учраас дахин уучлал эрээд байх зүйл байхгүй” гэж ярьсан нь нууц бичлэгт үлджээ. 
Компанийн зүгээс түүхийн болон соёлын үнэт өвийг устгасандаа уучлал эрсэн болохоос компанийн өдөр тутмын хийдэг үйл ажиллагааныхаа бурууг хүлээж уучлал эрээгүй гэдгийг тэрээр тодотгосон байна. Рио Тинто компани одоогоос долоон жилийн өмнө Австралийн Засгийн газраас холбогдох зөвшөөрлийг авч “Брокман 4” орд газрын үйл ажиллагааг эхэлж байжээ. Гэвч тусгай зөвшөөрлийн талбайд эртний аборингинчуудын түүхэн өвд хамаарах Жуункан агуй орсон байсан юм. Тухайн цаг үедээ болон одоо ч соёлын өв, түүхэн дурсгалт газарт ихээхэн хохирол учруулна гэж орон нутгийнхан ч, олон улсын байгууллагууд ч шүүмжилсээр байдаг билээ. Тиймээс ЮНЕСКО болон соёлын өвийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд Австралийн Засгийн газар, цаашлаад дэлхий нийтэд хандахаар болжээ. 

Б.Аззаяа 
Эх сурвалж: The Australian Financial Review
скачать dle 12.0