Дэлхийд

Умард Солонгосын тал хоёр Солонгосын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлжээ

Хуваалцах:
Умард Солонгосын тал өнөөдөр хоёр Солонгосын хилийн ойролцоо байрладаг хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн тухай Өмнөд Солонгосын засгийн газар мэдээллээ. Энэ явдлаас хэдхэн цагийн өмнө Пёньяны төв мэдээллийн агентлаг хоёр Солонгосын хил дээр цэрэг байрлуулахаар сүрдүүлж байсан юм.
Умард Солонгосын талд Кэсон тосгоны ойролцоо байрладаг хамтарсан төлөөлөгчийн газрыг 2018 онд хоёр Солонгосын хоорондын харилцааг зохицуулах зорилгоор байгуулж байжээ. Кэсоны төлөөлөгчийн газар коронавирусийн цар тахлын улмаас энэ оны нэгдүгээр сараас хойш эзгүй байгаа юм.
Өмнөдийн талаас коммунизмийн эсрэг хөдөлгөөний идэвхтнүүд суртал ухуулгын материал Умардын хилийг давуулан агаарын бөмбөлгөөр илгээдэг явдал талуудын харилцааг муутгах гол сэдэв болоод байгаа. Пёньяны эрх баригчид энэ явдлыг зогсоохыг Өмнөдийн талаас удаа дараа шаардаж байв.
Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ёо Жон өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Өмнөдийн тал арга хэмжээ авахгүй бол Кэсоны хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг буулгана гэж сүрдүүлж байсан нь ийнхүү биелэлээ олж байна. Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны мэдээлснээр өнөөдөр орон нутгийн цагаар 2:49 цагт Кэсонд дэлбэрэлт болсон гэнэ.
1953 онд гал зогсоох хэлэлцээрээр завсарласан Солонгосын дайны дараа талууд өнөөдрийг хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй байгаа. Тиймээс дипломат харилцаагүй хоёр Солонгосын хувьд Кэсоны хамтарсан төлөөлөгчийн газар нь харилцах гол суваг болж байв.

Р.Төмөр 
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0