Эдийн засаг:
2004 оны УИХ-ын сонгуулийн амлалтаас улбаалан Монголд айл гэр болж “тоглох” явдал орон даяар өрнөсөн. Гэрлэлтээ батлуулсан хосуудад 500 мянган төгрөгийн тэтгэмж өгөх Засгийн газрын шийдвэр хэрэгжсэн дөрвөн жилийн хугацаанд манай улсад түүхэндээ байгаагүй олон гэр бүл “төрсөн” гэлцдэг. Зөвхөн хагас сая төгрөг хувааж авах болзолтойгоор гэрлэлтийн гэрчилгээнд “толгой холбосон” хос энэ дунд цөөнгүй байсан юм. Зарим нь захаасаа илчлэгдэж, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар хөгтэй яриа, сенсац тухайн үед хот, хөдөөгүй түгсэн.
Саяхан “Монгол” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлэгт оролцсон МУБИС-ийн багш, социологийн ухааны доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Салалт сүүлийн 10 жилд хоёр дахин өсөхөд гэрлэлт дэмжсэн халамжийн тогтолцоо голлон нөлөөлсөн” гэж онцолсон. Төр, засаг “Хуурамч гэрлэлтийг өөгшүүлж, төсөвт дарамт учрууллаа” гэдэг шалтгаанаар энэ харалган шийдвэрээ зогсоосон ч уршиг нь нийгэмд өнөө хэр “сүүдэрлэсээр” буйг учир мэдэх хүмүүс ийн хэлж байна. Тэгвэл үүнтэй ижил дэглэлттэй, бас нэг эмгэнэлт “жүжиг” энэ цагт тоглогдож эхэлснийг албаныхан онцлох болов. Энэ нь төрөөс хүүхдэд олгодог мөнгө өссөнтэй холбоотой.
Засгийн газар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг тав дахин нэмэх шийдвэрийг өнгөрсөн хавар гаргасан. Ингэснээр хүүхэд бүрт хагас жилийн турш (ирэх аравдугаар сарын 1 хүртэл) сар болгон 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Зарим хүн “Улстөрчид тоглолт хийлээ. Улс нь “саарал жагсаалт”-д орчихоод байхад ингэж туйлж болохгүй” гэхчлэн тус шийдвэрийг эсэргүүцсэн ч нийгмийн олонх нь эергээр хүлээж авсан. Олон хүүхэдтэй эцэг, эхчүүд “Манай гэрээр төдөн “100 мянгат” гүйлдэж байна” гэх зэргээр хошигнож, цахим ертөнцөөр нэг яриа үүсгэсэн. Гэвч энэ инээд өнөөдөр ханиад болжээ. Зөвхөн энэ тэтгэмжээс болоод сайн эцэг, эх, эмээ, өвөөгийн дүрд тоглодог, хүүхдээ эд зүйл мэт булаацалддаг тохиолдол гарсан байна.
Баримтаар дэлгэрүүлье. Хүү, охин хоёртойгоо амьдардаг нэгэн ядруухан бүсгүй байж гэнэ. Нөхөргүй, төрөл садан нь битгий хэл төрүүлсэн ээж нь ч түүнийг эргэж тойрч, харж үздэггүй гэнэ. Тэрбээр бие муутай учраас халамжаас олгодог цөөн хэдэн төгрөг, хоёр хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг байж. Гэвч бүсгүйн ээж нь өнгөрсөн хавраас эхлээд л охиныхоо хүүд жигтэйхэн санаа тавих болжээ. “Хөл, гар өвдөөд байна. Ойр зуурын ажилд туслуулахгүй бол горьгүй нь. Хажуудаа байлгаж, харж хандъя” гэхчлэн зовлон тоочсон ч бүсгүй зөвшөөрөөгүй аж. Ингээд тэрбээр зээ хүүгээ авахын тулд харьяа хороо, дүүргийнхээ холбогдох байгууллагад ханджээ. Хүслээ гүйцэлдүүлэхийн тулд төрсөн охиноо сэтгэцийн эмгэгтэй гэсэн онош хүртэл зохиосон байна. Холбогдох мэргэжилтнүүд түүний мэдээлсний дагуу охиныг нь СЭМҮТ-д үзүүлэхэд “Сэтгэцийн ямар нэг өөрчлөлтгүй, зовуурьгүй” гэж оношилсон талаар гэр бүл, хүүхэд хөгжлийн асуудал хариуцсан байгууллагад дээд албан тушаал хашдаг эрхэм онцоллоо. Чиг үүргийг нь ойлгоогүйгээс хүүхэд асран хамгаалах эрх шилжүүлэх асуудлаар иргэд тус байгууллагад хандах нь түгээмэл гэнэ. Ялангуяа хүүхдийн мөнгө нэмэгдсэнээс хойш энэ мэт жигтэй явдал гарах болж. “Ирэх намар хүртэл хүүхдээ дэргэдээ байлгах гэтэл ээж нь зөвшөөрөхгүй байна” гэж даажигнасан аав ч бий аж.
Хамгийн ойр байдаг хоёр хорооныхоо нийг-мийн ажилтан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнтэй энэ асуудлын хүрээнд ярилцав. Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нийгмийн ажилтан Х.Цэвэлсүрэн “Хүүхдийн мөнгө олгодог өдөр гэр хорооллын дэлгүүрүүдийн орлого өсдөг. Архидан согтуурах явдал ч ихэсдэг. Карттай нь картаа, бичиг баримттай нь үнэмлэх, дэвтрээ дэлгүүрт барьцаалаад, архи, согтууруулах ундаа авдаг тохиолдол өчнөөн байна. Хүмүүсийн худалдан авах чадвар буурсан учраас дэлгүүрийнхэн өнөөхийг нь уриалгахан авдаг” гэв. Харин Сонгинохайрхан дүүргийн IV хорооны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Туул “Хүүхдийн 20 мянган төгрөгөө авдаггүй байсан хүмүүс тэтгэмж нэмэгдсэний маргаашаас эхлээд л дараалал үүсгэсэн. Бөөн хүсэлт, материалд дарагдсан. “Тэтгэмж авдаг дансны хамтран эзэмшигчийг нь солиулж болох уу, ямар лавлагаа шаарддаг вэ, эцэг, эхийн аль нь ч энэ мөнгийг авах боломжтой юу” гээд бидний ажилтай хамааралтай, хамааралгүй өчнөөн зүйлийг иргэд асууж байсан. Шийдвэр гарсны дараа үнэхээр ачаалалтай ажилласан. Хүүхдийн 100 мянган төгрөг хүмүүсийг хөдөлгөөнд оруулж чадсан шүү” гэж ёжлонгуй хэлэв. Ташрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сард 1.1 сая хүүхэд төрөөс тэтгэмж авсан нь өнгөрсөн оныхоос 231 мянгаар өссөн үзүүлэлт гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тайланд дурджээ.
Өнчин, эцэг, эх нь асран хамгаалж, тэжээн тэтгэх чадамжгүй гэх шалтгаанаар төрийн хайр халамжид буй асрамжийн газрын хүүхдүүдэд ч ийм асуудал тулгардаг гэнэ. “Өнөр бүл” төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Лхагва-Очир “Тэтгэмжээс болоод үр хүүхэдтэй гэдгээ санадаг, мөнгийг нь авах гэж шунах тохиолдол гардаг. Архины хамааралтай болсон, хүүхдээ асран халамжлах чадамжгүй хүмүүс ч энэ асуудлаар ирэх нь бий. Ялангуяа баяр ёслолын үеэр “Хүүхдийнхээ мөнгийг авъя” гэдэг. Асрамжийн газрын хүүхдүүдийн мөнгө хуримтлалын дансанд автоматаар шилждэг. Тэгэхээр өөрөөс нь бусад хүн авах эрхгүй. Ингэж тайлбарлахаар “Тэгвэл хадгаламжийг нь барьцаалаад зээл авчихъя гэдэг” хэмээн ярилаа.
Гурван хүүхдийнхээ мөнгөөр хашаандаа усан сан, жижигхэн байшин бүхий тоглоомын талбай байгуулсан нэгэн аавын тухай мэдээлэл хэд хоногийн өмнө нийгмийн сүлжээнд түгсэн. Төрөөс өгч буй мөнгийг энэ мэтчилэн үр дүнтэй зарцуулж, хүүхдийнхээ боловсрол, хөгжил, эрүүл мэндэд хөрөнгө оруулдаг, хуримтлал үүсгэдэг үлгэр жишээ эцэг, эхчүүд мэдээж бий. Энэ тэтгэмжийг хоол хүнс, ахуйн хэрэглээнд дэм болгож, амьжиргаагаа залгуулдаг өрхүүд ч байгаа. Гэвч сайны хажуугаар саар зүйл хэзээд байдгийг дээрх жишээнүүд баталж байна.
Төр хүүхдийн мөнгийг нэмсний дараа УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир “Таван хүүхэдтэй эцэг, эх ажил хийе гэж шамдахаа больсон. Хөдөлмөрлөе гэхээсээ илүү хүүхдийнхээ 500 мянган төгрөгөөр амьдралаа болгохыг бодож байна” гэж хэлээд шүүмжлэлийн бай болсон. “Амьдралаас хол тасархай юм ярилаа. Сарын 500 мянган төгрөгөөр амьдардаг айл гэж юу байх вэ” гэхчлэн түүнийг даапаалсан хүн олон.
Гэвч бодит нөхцөлд манай улсад хагас сая байтугай сарын 150 мянга хүрэхтэй, үгүйтэй орлоготой, ядуу өрхийн тоо нийт хүн амын 28.4 хувийг эзэлж байна. Нэн ядуу өрхийн тоо 25 хувийг эзэлдэг гэсэн статистик бий. Энэ бүхэн юу өгүүлж байна вэ гэвэл, хагас сая төгрөгт “барьцаалагдан”, нэг насны ханиа сонгож, гэр бүл зохиож тоглосон залуус, 100 мянган төгрөгт санаархан, үр хүүхдээ халамжилж эхэлсэн “сайн” эцэг, эхчүүд бол жилээс жилд ядуурлын гүн рүү шунган буй манай нийгмийн бодит төрх юм. Өөрөөр хэлбэл, энэ бүх “хачирхалтай” үйлдлийн цаад шалтгаан нь иргэдийн амьжиргаа, цаашлаад сэтгэлгээтэй салшгүй холбоотой. Үгүй бол зээ хүүгээ булаахын тулд төрүүлсэн охиноо сэтгэцийн эмгэгтэй гэж зарлах хэрэг юу сан билээ.
Мөд удахгүй, хоёр сар гаруйн дараа хүүхдийн мөнгийг хуучин хэвээр нь олгож эхэлнэ. Асран халамжлах эрх, үүргээ гэнэт “санасан” иргэд тэр үед ямар дүрд хувирч, хэрхэн нүүр бууруулахыг таашгүй. Тиймээс холбогдох байгууллагууд энэ төрлийн маргаантай асуудалд наанатай, цаанатай хандах, хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд анхаарал, хяналтаа сайжруулах шаардлага тулгарлаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18