Онцлох мэдээ / Нийгэм

Хүчирхийллээс сэргийлэх хүчирхийлэл

Хуваалцах:

Манай улсад өсвөр үеийнхний нөхөн үржихүйн боловсролыг дэмжих, охидыг далд хэлбэрийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад охидын үзлэг хийдэг. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад сард нэг удаа жирэмсэлсэн, эсэхийг шалгах үзлэг, бэлгийн харьцаанд орсон, үгүйг шалгах үзлэгийг намар хичээлийн эхний сард багтан явуулдаг. Охидын үзлэгийг хүчирхийлэл, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх үр дүнтэй арга гэж үзэх нэгэн бий. Үзлэг хийж буй эмч бүр мэргэжлийн ёс зүйтэй, хувийн нууцыг чандлан хадгалж, ямар нэгэн байдлаар нууцыг задалсан, үүний улмаас охид хохирсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг байсан бол охидын үзлэгийг зөвтгөж болох.
Ийм зүйл байхгүйн улмаас хохирсон охин олон бий. Жишээ татахад, хоёр жилийн өмнө хотын захын нэгэн сургуулийн охидын үзлэгийн үеэр ахлах ангийн охиноос бэлгийн замын халдварт өвчин илэрчээ. Гэтэл эмч ангид нь нэрээр нь зарлаж, үүний улмаас охин элдэв нэр хоч зүүж, гадуурхагдсаны улмаас амиа егүүтгэжээ. Үүнд хэн хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Ийм байтал “Охидын үзлэгийг сэргээе” гэж “алга таших” нь эргээд бид хүчирхийллээс сэргийлэх биш, охидоо өөрсдөө сэтгэл зүйгээр нь хүчирхийлж буй хэрэг юм. Амь нас, эрүүл мэнд, нэр хүндээрээ хохирсон ч чимээгүй яваа хэдэн охид байдгийг тодруулах арга алга.
Дахин нэг жишээ татвал, аймгийн төв рүү сагсан бөмбөгийн тэмцээнд явж ирээд үзлэгтээ орохоо мартсан охины ангид эмч нь орж ирээд “Чамаас бусад нь энэ сарын үзлэгтээ орчихсон байна. Яачихсан болоод үзлэгтээ орохгүй байгаа юм. Жирэмсэн болоод нуугаад байна уу” гэж загнаж байсан эмчийг бэлхнээ харж байв. Хаалга хаагдсаны дараа хүүхдүүд нирхийтэл инээлдэж, охин айж, ичсэн улаан хацар, нулимстай нүдийг өрөвдсөн харцаар харж суусан сан. 
Охидын үзлэгийг НҮБ-ын Хүний эрхийн конвенцын хүний эрхийн нийтлэг үндэслэл, хүүхдийн эрх, бэлгийн чиг хандлага, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх, бие физиологийн онцлогтой холбоотой хувийн нууцад халдах зэрэг зүйл заалтуудыг хурцаар зөрчсөн гэж үздэг. Манай улсыг ч мөн үзлэг нэрийн доор охидын эрх, аюулгүй байдалд ноцтой халдаж байгаагаа зогсоох хэрэгтэй гэсэн удаатай. Тэр дундаа сумын ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийг зөрчсөн үйлдэл нэн түгээмэл гэхэд хилсдэхгүй. Эмч гэртээ ирээд “Тэдний хүүхэд тэгсэн, ийм байсан” гэж гэр бүлдээ ярина, багшид нь ч мөн хэлнэ, багш нь гэр бүлдээ гэх мэтээр хөвөрсөөр сумын хов жив, ам дамжсан яриа болдог. Нэг л жишээ дурдахад, 17 настай охин Б “Би сумын сургуульд суралцдаг.
Манай найз Г XI ангид орсон жилээ бэлгийн харьцаанд орчихсон юм билээ. Үзлэгийн дараа эмч өрөөндөө үлдээгээд хэнтэй, хаана, хэзээ бэлгийн харьцаанд орсноо хэлэхийг шаардсан.  Найз маань хэлэх  ёстой юм байна гэж бодсон учир бүгдийг нь ярьсан байгаа юм. Үүний дараа аав, ээжид нь хэлж. Эцэг, эх нь харьцангуй тайван хандаж, эмчийг энэ талаар нууцлахыг хүссэн ч хэдхэн хоногийн дараа олон хүн мэдчихсэн байсан. Найз маань сэтгэл санаагаар унаж, хичээлдээ муудсан. Түүний дараа жилийн үзлэгээр эмч Г-г та хоёр (харьцаанд орсон хүүг нь) одоо таардаг л байх даа. Таарахаараа юу ярьдаг вэ” гэж ёжилсон, доромжилсон  аястайгаар асуусан” гэв.  Энэ мэт мэргэжлийн ёс зүй, наад захын хувь хүний хүмүүжил, ёс суртахуунгүй үйлдэл нэн олон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2 “Монгол Улсын иргэнийг нас, хүйс, нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж үл болно”, 16.13 “Хувийн, гэр бүл, захидал, харилцааны нууцыг чандлан хамгаална”, 16.6 “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” зэрэг заалтуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж үзэж болно. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийг ивээх сангийн дэргэдэх Өсвөр үеийнхний дуу хоолой бүлэг нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендерийн тэгш байдалд хүрэх, тэгш бус байдлыг бууруулах зорилгуудыг дэмжин, “Хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн үзэл бодлыг сонсож зөвлөлдөх” тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 12 дугаар зүйлийг үндэслэн, ерөнхий боловсролын сургуульд хийдэг охидын үзлэгийн талаар охид өөрсдөө ямар үзэл бодолтой байгааг тандахаар “Охидын дуу хоолой” судалгаа хийжээ. 
Судалгаанд нийслэлийн болон Архангай, Өвөрхангай, Дорнод, Ховд, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын VII-XII ангийн нийт 370 охин, мөн Улаанбаатар хот дахь тусгай хэрэгцээт боловсролын сургуулиудад суралцдаг охидын төлөөлөл оролцсон байна. “Охидын үзлэгийг яагаад явуулж байгаа талаар ангийн багш болон эмчийн зүгээс мэдээлэл өгдөг үү” гэх асуултад охидын 44.2 хувь нь “Бүрэн ойлголт авдаггүй, ор гэж шаарддаг учраас л ордог” гэж хариулжээ.  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 4.7  дугаар хэсэгт “Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авна” хэмээн заасан байдаг.
Харин судалгаагаар 10 хүүхэд тутмын долоо нь огт зөвшөөрөл авалгүй үзлэгт оруулдаг гэж хариулжээ. Судалгаанаас дүгнэхэд охидын 97.3 хувь нь охидын үзлэгийг сайшааж үздэггүй, таван охин тутмын хоёр нь энэ үзлэгийг болох ёстой зүйл хэмээн хүлээж авдаг нь хүүхдүүд өөрсдийгөө томчуудын хийж байгаа зүйлд санал бодлоо илэрхийлж чадахгүй байгааг харуулж байна. Үүнээс үзэхэд  манай улс охидын эрхийг ноцтойгоор зөрчиж, тэднийг хүчирхийлэл, болзошгүй эрсдэлээс хамгаалах биш харин ч үе тэнгийнхэндээ гадуурхагдаж сэтгэл зүйн дарамт учруулж буйг дээрх тохиолдол болон судалгаанаас бэлхнээ харж болох нь. 
Үндэсний шуудан
скачать dle 12.0