Дэлхийд

“ОХУ-д эргэлт хэрэгтэй”: хэвлэлийн том хурлын үеэр хийсэн Путины гол мэдэгдлүүд

Хуваалцах:
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 14 дөх удаагаа сэтгүүлчидтэй уулзаж, 53 асуултад хариуллаа. Хэвлэлийн том хурал 3 цаг 43 минут үргэлжилсэн байна. Энэ жилийн хэвлэлийн хуралд 1702 сэтгүүлч оролцлоо.
Эдийн засаг, хориг арга хэмжээний тухайд
Оросын эдийн засаг гадаад хориг хязгаарлалтад хэдийнэ дасан зохицсон гэж Путин мэдэгдлээ. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тэдгээрийг тогтоосон хүмүүст нөлөөлж байгаа гэж тэрбээр хэлэв. Өрнөдийнхөн нэг бол Крымын оршин суугчдын ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн нэгдэх тухай санал хураалтыг хүлээн зөвшөөрөх, эсвэл крымчүүдэд хориг арга хэмжээ авахгүй байх хэрэгтэй гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
ОХУ-ын төсөв 2011 оноос хойш анх удаа ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байгааг Путин онцоллоо. Түүний хэлснээр, энэ нь “Засгийн газрын ажлын үр дүн сайн байгаагийн илрэл”. Оросын Засгийн газар 2021 оноос ДНБ-ий жилийн өсөлтийг 3-аас дээш хувьд хүргэж чадна гэж тэрбээр найдаж байна.
Шатахууны үнэ нэмэгдэж байгаатай холбоотой асуудлыг Путин нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаад дотоодын зах зээлийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг Засгийн газар хэдийнэ авсан гэдгийг онцлон хэллээ. Түүний хэлснээр, сайд нарын танхим ирэх онд нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авна. Гэхдээ нэмүү өртгийн татвар 1-1.5 хувиар нэмэгдэж байгаатай холбоотойгоор шатахууны үнэд тохируулга хийж магадгүйг үгүйсгэсэнгүй.
Путины хэлснээр, Орост “эргэлт хэрэгтэй, шинэ технологийн салбарт шилжих хэрэгтэй, энэ бүхэнгүйгээр улс оронд ирээдүй байхгүй”. ДНБ-ий өсөлтийн хурдацыг түргэтгэх хүчин зүйлүүд бол эдийн засгийн бүтцийг өөрчлөх, шинэчлэл хийх, үндэсний төслүүдийг хэрэгжүүлэх явдал юм гэж тэрбээр онцлон хэллээ. Эдгээрийг хэрэгжүүлэхэд 20.8 их наяд рубль, дэд бүтцийг хөгжүүлэхэд 6.5 их наяд рубль төсөвлөсөн болохыг Путин мэдээлэв.
Дэлхийн байдал болон цөмийн аюул заналын тухайд
Дэлхийн тавцанд боломжит өрсөлдөгчийн хувиар Орос улсыг тогтоон барихын тулд Өрнөдийнхөн “оросоос айх эмээх улстөржсөн үзлийг” ашиглаж байна гэж Путин үзэж байна.
Түүний хэлснээр, ОХУ-ын гадаад бодлогын гол зорилго бол улс орны хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэх, тэгш эрхтэй түнш байх юм.
Цөмийн дайны аюулыг дутуу үнэлэх байдал өсөн нэмэгдэж байгаад харамсч буйгаа илэрхийлэв. Зэвсгээр хөөцөлдөх сонирхол ОХУ-д байхгүй харин зөвхөн хүчний тэнцвэрийг хадгалах зорилготой гэж Путин хэллээ.
Оросын төрийн тэргүүн мөн цөмийн зэвсэг хэрэглэх босго хэмжээ буурах хандлага ажиглагдах болсныг анхааруулсан байна. Учир нь энэ нь дэлхийн хэмжээний сүйрэлд хүргэж болзошгүй гэв. Хүн төрөлхтөнд цөмийн дайн гаргахгүй байх эрүүл саруул ухаан бий гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
Япон улстай найрамдлын гэрээ байгуулах хэвээр гэдгээ Путин нотоллоо. Гэхдээ Америкийн пуужингаас хамгаалах системийг Японы нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөө түгшээж байгаа гэдгийг онцлон дурдав. Тэрбээр хэлэхдээ, аюулгүй байдлын салбарт Токиогийн Вашингтоноос хараат байдлын түвшин тодорхой бус байна гэв.
Олон улсын тавцанд хийж буй Орос-Хятадын амжилттай харилцаа дэлхийн байдлыг бүхэлд нь эрүүлжүүлж байна гэж Путин онцлон тэмдэглэлээ. Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 100 тэрбум орчим ам.доллар болж магадгүй нь томоохон амжилт болно гэж тэрбээр хэлэв.
Brexit ОХУ-д маш бага нөлөөлөх бөгөөд шууд бус байна гэж Путин үзэж байна. Гэхдээ тэрбээр Москва-Лондоны харилцаа гацаанд орсон болохыг мэдэгдээд үүнээс гарах нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ гэв
Керчийн хоолой дахь өдөөн хатгалга болон Украины үйл явдлын тухайд
Керчийн хоолой дахь өдөөн хатгалгыг Украины удирдагч Петр Порошенко тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө нэр хүндээ өсгөх оролдлого гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна.
Түүний хэлснээр, Украины баривчлагдсан далайчдын хувь заяаг эрүүгийн шүүхээр шийднэ. Тэдний эцсийн үгийг шүүх дээр сонсоно гэж Путин цохон тэмдэглээд, хөлөг онгоцуудыг тэр дундаа цэргийн хөлөг онгоцуудыг Керчийн хоолойгоор дайрч өнгөрөхөд ОХУ саад хийх төлөвлөгөөгүй гэдгийг мэдэгдэв.
Оросын удирдагчийн онцлон тэмдэглэснээр, Донбассын улс төрийн асуудлыг хүчээр шийдэх оролдлого бүтэлгүйтсэн байна. ОХУ энэ нутаг дэвсгэрийн оршин суугчдад тусламж үзүүлсэн, цаашид ч үзүүлнэ гэж Путин хэллээ.
Украин улс Киевийн эрх баригчдын бүх үйлдлээс үл хамааран ОХУ-ын худалдаа-эдийн засгийн чухал түнш хэвээр үлдэнэ гэж тэрбээр онцлон хэлэв.
Дотоод бодлогын тухайд
Владимир Путин 2018 оны гол үйл явдлуудаар Оросын ерөнхийлөгчийн сонгууль болон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нэрлэлээ.
Путин улс оронд социализмыг сэргээх боломжгүй гэж үзэж байна. Учир нь энэ нь "үргэлж орлогоо давсан зардалтай холбоотой байдаг бөгөөд эцэст нь эдийн засгийг зогсонги байдалд оруулдаг”. Эх оронч үзэл үгийн эрхэм дээд утгаараа улс орныг бэхжүүлэх үндэс суурь болох ёстой гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
Хэд хэдэн бүс нутгийн дарга сөрөг хүчний намд харьяалагдаж байгааг Путин асуудал гэж үзэхгүй байна. Түүний хэлснээр, “ОХУ-ын бүс нутгуудад амьдрал илүү сайн тал руу өөрчлөгдөж байгааг хүмүүс мэдэрсэн нь хамгийн гол нь юм”.
Алс Дорнодын тойргийн нийслэлийг Хабаровскоос Владивостокт шилжүүлэх шийдвэрийг Путин зөв гэв. Түүний хэлснээр, хөрш орнуудын сонирхлыг татах төвийн хувиар хот эрчимтэй хөгжинө.
“Гадаад агентлагууд”-ын тухай хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд асуудалгүй гэж Оросын төрийн тэргүүн үзэж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд засвар оруулах боломжтой гэв.
ОХУ-АНУ-ын харилцаа болон Сири дэх терроризмтой тэмцэх ажиллагааны тухайд
Сирээс цэргээ татах тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Путин зөв шийдвэр гэж үзэж байгаа боловч одоогоор энэ шийдвэрийг биелүүлж буй шинж тэмдгийг олж харахгүй байна.
Сирид террорист “Лалын улс” бүлэглэлийг ялсан гэдэг Америкийн удирдагчийн дүгнэлттэй Оросын удирдагч санал нэг байна. Гэхдээ тэрбээр террористууд Арабын тус улсаас өөр улс орнууд руу шилжин байрлах аюул байгааг онцлон дурдав.
Трамптай уулзах эсэхийг Путин мэдэхгүй байгаа боловч түүнтэй уулзахад бэлэн байна. Конгрессын шинэчлэлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч рүү хийх довтолгоо сэргэнэ гэж Оросын удирдагч үзэж байгаа аж.
Оросын төрийн тэргүүн мөн Сирийн Үндсэн хуулийн хороог бүрдүүлэх гишүүдийн жагсаалтыг гаргах тал дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура хүлээсэн азнасан байр суурьтай байгаа нь ойлгомжгүй байна гэж мэдэгдлээ. Хэрэв энэ асуудлыг энэ онд багтаан шийдэж чадахгүй бол 2019 оны эхээр зөвшилцсөнөөр “улс төрийн зохицуулалтын дараагийн үе шат эхэлнэ” гэдгийг тэрбээр мэдээллээ.
ОХУ-Туркийн харилцаа бэхжиж байна. Сирийн хямралыг зохицуулах асуудалд хэдийгээр хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа боловч Москва болон Анкара харилцан буулт хийсэн гэж Путин мэдэгдэв.
Эрүүл мэнд, хувийн төлөвлөгөөний тухайд
Эрүүл мэнддээ анхаарахыг хичээдэг бөгөөд одоогийн байдлаар түүний “бүх зүйл хэвийн” гэж Путин хэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрт орой хэзээ нэгэн цагт гэрлэхийг үгүйсгэсэнгүй. “Төлөв төвшин хүний хувьд би хэзээ нэгэн цагт гэрлэх болно” гэж тэрбээр хэлэв.
 
скачать dle 12.0