Онцлох мэдээ

Гүрж иргэдийнхээ өрийг тэглэлээ, бид хэзээ "Өргүй Монгол" болох вэ Ерөнхийлөгч өө

Хуваалцах:

Гүржийн ерөнхий сайд Мамука Бахтадзе иргэдээ шинэ оныг өргүй угтуулна хэмээн амлав. Тэрбээр улс орныхоо “Хар жагсаалт”-д багтсан иргэний өрийг тэглэхээр болсноо мэдэгджээ. Энэ “Хар жагсаалт”-д 600 мянган иргэн бүртгэлтэй байгаа  бөгөөд нийт 1,5 тэрбум лари буюу 565,3 сая ам.долларыг иргэдийнхээ өрийг төлөхөд зарцуулахаар төлөвлөжээ.  Нэг ам доллар 2,67 орчим ларитай тэнцдэг гэхээр энэ нь манай мөнгөөр бол 1,4 их наяд гаруй төгрөг болно. Эндээс харахад Гүрж улс санхүү мөнгөний бяр чадал суусан нь харагдаж байна. Гүрж бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хуучин пост коммунист орнуудын нэг бөгөөд  зах зээл, нийгмийн шинэ харилцаанд манайхаас лав түрүүлж хөл тавиагүй. Харин хөгжил дэвшлээрээ бол биднээс түрүүлчихсэн юм байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амлалтаа биелүүлбэл оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй байгаа 943 мянган иргэний 5.8 ихнаяд төгрөгийн өрийг барагдуулах тооцоо бий. Харамсалтай нь далан уулын цаагуур далд орно хэмээн сурталдаж байсан энэ өр харин нимгэрсэнгүй.
Өрийг тэглэх ажиллагаа арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх гэнэ. Ердөө хагас сарын хугацаанд л шуурхайлах юм байна.
...Бусдын хүүхдүүд ийм адтай, атаарахмаар ч юм шиг.  Монголчууд бид ч бас ийм хүлээлттэй хоёр дахь шинэ жилээ угтах гэж байна. Хөдөөнийхэн нь малчны, хот суурин газрынхан нь цалингийн, өндөр настнууд нь тэтгэврийн зээлтэй, оюутан залуучууд  сургалтын төлбөрийн гэхчлэн  монголчуудын зээл төрөл жанраараа банкны хар дансанд хав дараастай байгаа.
Нэг хэсэг нь зээлэндээ сөхөрч, нөгөө хэсгийнх нь амьдрал зээлийн төлбөрийн даралт  дарамтан дор өөдөлж дээшилсэн юмгүй, өдөр сарыг өнгөрөөж байгаа гэдэг нь маргахын аргагүй үнэн.
Гэхдээ энэ зээлтэй хүмүүсийн сэтгэлд гэгээ татсан нэг мэдээлэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар  дуулдсанаас хойш хоёр намрыг үдэв. Ерөнхийлөгчиийн сунгаанд өнгөлж явсан нэр дэвшигч Х.Баттулга маань АН-ынхантайгаа нийлж байгаад иргэдийнхээ өр зээлийг чөлөөлөх амлалтаа  алтан нар, хөх тэнгэрийн дор түмэн олондоо сонордуулж байсан тэр хүлээлт одоо ч хэвээрээ. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг Гүржийн Ерөнхий сайдын шийдвэр Ерөнхийлөгч Х.Баттулгын амлалтыг ороо бусгаа энэ өдрүүдэд эргэн санууллаа.
Ард түмнийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд аль ч нам, гишүүд "шилний цаанаас чихэр долоолгож" байсан. Гэхдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль шиг үнэндээ ийм аймаар "том чихэр"  шилний цаанаас долоож байгаагүй.
Эрхэм Ерөнхийлөгч маань арай мартаагүй байх. Таны хөдөө орон нутагт хийсэн уулзалтууд дээр иргэдийн асууж сурагладаг энэ сэдвийг “ Өргүй Монгол" сонгогч түмний хөдөлгөөн дахин сануулж байсан нь саяхан билээ. Таны хэлсэнд итгэсэн монголчууд хэдий 40 гаруйхан хувийн санал өгсөн ч гэсэн таны хэлснээр "Ганцхан цэг"-ийг бол хатгасан юмсан.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж үг байдаг даа.  Таны хэлснийг, таны амалсныг эргэн сануулах нь өр нэхэж буй хэрэг биш бөгөөд эр хүний хувьд, Ерөнхийлөгчийн хувиар хэлсэн үгэндээ эзэн байх хариуцлагыг чинь тодотгож буй нь энэ. "Эрдэнийн хишиг", "Эх орны хишиг" гэх зэрэг алдартай хишгүүдээс хойш ер нь бол аливаа сонгуулиар мөнгө, төгрөг олгохтой холбоотой поп амлалтыг өгөхгүй байхаар хуулиндаа тусгаж, намууд ч тохирсон түүхтэй. Гэвч өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар дэндүү гэхэд дэндүү поп амлалтыг иргэдэд өгч олон хүний өр зээлтэй, өлөн хоосон амьдрал дээр сонгуулийн шоугаа хийж чадсан Ерөнхийлөгчөөс монголчууд хоёр жил амлалтыг нь нэхээд барсангүй. Арга ч үгүй биз. Дөрвөн жилийн хугацаатай үргэлжлэх бүрэн эрхийн хугацааных нь тал хувь нь урсаад өнгөрчихөөр олон нийт айдаст автах нь зөв. Харин Ерөнхийлөгч маань энэ хооронд улс улсын аваргын дэвжээ хэсээд жүдогийн тэмцээн үзэж, булчин шөрмөсөө гайхуулсан шигээ цагийг зугаатай өнгөрөөж байх шиг байна. Эх орондоо ирсэн хугацаандаа аливаад саад хориг тавиад л. Бидний өнөөх хүлээлт, мөрөөдөл болоод буй өрийг долоон уулын араар оруулах амлалтаа умартчихсан сууж байна. Юун нөгөө эв нэгдлийн бэлэгдэл. Ёстой төрийг бол төрийг, түмнийг бол түмнийг хүссэн үедээ, хүссэн сэдвээрээ талцуулж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амлалтаа биелүүлбэл оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй байгаа 943 мянган иргэний 5.8 их наяд төгрөгийн өрийг барагдуулах тооцоо бий.
Харамсалтай нь далан уулын цаагуур далд орно хэмээн сурталдаж байсан энэ өр харин нимгэрсэнгүй. Тэр ч байтугай эрхэм Ерөнхийлөгчийн амлалтад дулдуйдсан зарим нэгэн бодлогогүй нөхдүүд "Ерөнхийлөгч өр тэглэнэ гэсэн юм чинь амжаад малчны зээл, цалингийн зээл авчихъя" хэмээн муйхарлаж байсан ч удаатай. Өөрөөр хэлбэл өрийг нэмсэн үү гэснээс биш нимгэлээгүй гэсэн үг юм. Гэвч хүлээлт болсон Ерөнхийлөгч маань амлалтаа ажил хэрэг болгохын оронд тулга тойрсон асуудлаар мөчөөрхөлцаж, тугалын бэлчээр дотроо л эргэлдээд байна.
Улсын төсөвт зураг төсөлгүй  барилгад хөрөнгө хуваариллаа гэж хориг авих мөртөө өөрөө зураг төсөв байтугай тооцоо судалгаа нь тодорхойгүй хөдөө аж ахуйн түүхий эдийн үйлдвэрлэлд гэсэн нэрийн дор 500 тэрбум төгрөг хуваарилуулах шаардлага тавиад явж байх юм. Түүнийхээ оронд  байгалийн баялгийн орлогоос иргэддээ хэрхэн хуваарилах, өртэй иргэдээ нэг удаа өршөөх боломж гарцыг бий болгох механизмыг төр засгаас шаардах хүн нь Та шүү дээ. Хэдий болтол зав гарвал жүдо үзэж, завсар гарвал хориг тавьсаар өдөр хоногийг өнгөрөөж, он жилийг үдэх вэ. Нэг л өдөр хугацаат алба чинь дуусч ард түмэн өөрт чинь, намд чинь өөдгүй гэдэг тамга дарчих вий дээ.
Бараг жилийн өмнө шахуу хэвлэл олон нийт асуухад "Иргэдийн өрийг тэглэх талаар тун удахгүй хуулийн төсөл өргөн барина" хэмээн АН-ын удирдлагуудын зүгээс мэдээлж байсан билээ. Түүнээс хойш хоног хугацаа өнгөрсөөр л байна. Тэр хууль хэзээ өргөн баригдах вэ. Тэр ч байтугай Ерөнхийлөгч маань орон нутгийн уулзалтын үеэр "Энийг би яг амлаагүй, АН хэрвээ Ерөнхийлөгч болвол анхаарал хандуулаарай гэсэн үүрэг өгсөн" гэж хэлж харагдана лээ. Ард түмний ой санамж богино, богино гэхэд хоёр жилийн өмнө хэлсэн амлалтыг бол мартах дээрээ тулаагүй байх. Одоо Ерөнхийлөгч тэргүүтэй АН-ынханаас өр тэглэх талаар асуух гэвэл бараг дайрч унагаад зугатах биз. Айлын төрийн тэргүүнүүд  шиг амлалтаа биелүүлж чадахгүй бол "Өр тэглэнэ, өргүй болгоно" гэдэг үгийг ингэж хамаагүй хэлж болдог юм шүү. Ямар арван жилийн хоёр бацаан "би чамд хайртай" гэж бие биенээ хошгоруулж байгаа биш дээ.
УИХ-ыг тараах, төсөвт хориг тавих гэхчлэн таны ажил чинь тарамдаад ард түмэндээ амалсан бүхэн чинь бүдгэрч бүүдийх гээд байгаа юм биш үү Ерөнхийлөгчөө. Дайралт гэж хүлээж авахаас илүүтэй, өдрөөс өдөрт өргөн хэрэглээний барааны үнэ, бензин шатахууны үнэ нь өсч, өрнөөс өрөнд  өдөр хоногийг өнгөрөөж буй ядарсан ард түмний цөхрөл гэж хүлээж аваарай.
Г.Хантулга
http://www.zaluu.com/read/2d484aabc
скачать dle 12.0