Соёл урлаг

“Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо

Хуваалцах:
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ээлжит уран бүтээл болох “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ.
Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дээрх киног бүтээсэн бөгөөд албан ёсны нээлтээ өнөөдөр “Корпорэйт конвешн центр”-ийн их танимд зохион байгууллаа.
Үүнд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНТ-ийн захирал, тус киноны гүйцэтгэх продюсероор ажилласан Ч.Батцэнгэл, киноны ерөнхий найруулагч Н.Чингис, ерөнхий зураглаач Б.Чинбат, зохиолыг бичсэн А.Амарсайхан, гол дүрийн жүжигчин Э.Дэлгэрцэцэг, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Б.Жаргалсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, улсын ерөнхий прокурорын шадар туслах Э.Энхбат нарын зэрэг эрхэм оролцож, уран бүтээлчиддээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн юм.   
Мөн прокурорын байгууллагын 90 жилийн ойн хүндэт тэмдгээр ерөний продюсероор ажилласан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, гүйцэтгэх продюсероор ажилласан Д.Ганчимэг, зохиолч А.Амарсайхан, дууны найруулагч А.Батбаяр, эвлүүлгийн найруулагч Б.Баасанбат, дуучин Б.Цогтдэлгэр, зураач М.Даваасүрэн нарыг шагнасан бол прокуроын хүндэт тэмдгээр ерөнхий найруулагч Н.Чингис, ерөнхий зураглаач Б.Чинбат, жүжигчин Э.Дэлгэрцэцэг нарыг, Цагдаагийн ерөнхий газрын даргын шагналаар жүжигчин, дуу оруулагч О.Бэлгүтэйд олгов.
Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газраас МҮОНРТ-ийн хамт олонд талархал гардуулсан юм. Энэ үеэр ерөнхий найруулагч Н.Чингистэй ярилцлаа.   

Н.Чингис: Манай кинонд Монголд үйлдэгдэж байсан хэрэг ч гарна

-Хэдэн сараас мотор дуугарч эхэлсэн бэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлсэн. Прокурорын байгууллагаас кино зохиолч А.Амарсайханаар зохиол бичүүлэх саналтай байсан. Манай телевизийн талаас ч мөн кино зохиолч томилохоор боллоо. Тэгээд А.Амарсайхан зохиолчтой уулзаж, хамт зохиолоо бичих шийдэлд хүрч хоёр талын удирдлагууд ч дэмжсэн. Ийн бид хоёр Монгол Улсын гавьяат хуульч Б.Галдаа, Ё.Сагсай болон Т.Сүхбаатар, Г.Бадамханд, Дэлгэрцэцэг тэргүүтэй ахмад прокурортой хэдэн өдөр хамт байж, жаргал зовлон, ажлынх нь хүнд хэцүү зүйлсийг яриулж, тэр бүхнээс алийг нь кинондоо тусгах талаар санаа оноо солилцож, зохиолынхоо ерөнхий схемээ гаргаж, прокурорын байгууллагын удирдлагуудад танилцуулсан. Ийн кино зохиолоо бичиж дуусгаад батлуулчихсан, зураг авалтаа тавдугаар сард эхлэхээр төлөвлөж байсан ч цаг үеийн байдлаас шалтгаалан “КОВИД-19”-тэй холбоотойгоор хойшилсон л доо. Тухайн үед олон нийтийн бүх арга хэмжээг хориглож, хүн зон олноор цуглуулах битгий хэл онцын ажилгүй бол гудамжаар явахгүй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж байсан үе шүү дээ. Яг энэ үеэр гол дүр нь прокурор залуутай, прокурорын байгууллага болон гэмт хэргүүдийг харуулсан “Зура” уран сайхны кино нээлтээ хийсэн. Манай киноны нэгэнт бичигдээд батлагдчихсан зохиолын хэд хэдэн санаа “Зура”-тай давхацсан, гэмт хэргийн процесс, сөрөг дүрийн хандлага нэлээд ойролцоо болчихсон. Бүр манай зохиолд бичигдсэн прокурор, цагдаагийн алба хаагчийн нэр давхцаж, цагдаагийн дүр нь маш төстэй болж таарсан.
-Кино зохиолоо нэг сарын хугацаанд өөрчлөх даалгавар авсан гэсэн. Зохиолоо хэрхэн шинэчилсэн бэ?
-Анхны зохиолд гэмт хэргийн нөхцөл байдалд улс төрийн хүрээнийхэн хамрагдсан нь “Зура”-тай төстэй болж ирсэн. Прокурор хүнийг яг үнэнээр нь нийгэмд ойлгуулахыг зорьсон учраас хэт их фантаз, уран сайхны арга ашиглаагүй. Хэрвээ хэт детектив төрлийн кино хийвэл амьдралаас “тасарчихсан” кино гэсэн шүүмжлэл үзэгчдээс ирдэг. Тиймээс Монголд болоод байдаггүй үйл явдлууд оруулахаас татгалзсан. Анхны зохиолоос гэмт хэрэгтэй холбоотой сюжетүүдийг өөрчилж, үндсэн жанжин шугам, гол санаагаа хадгалж авч үлдсэн. Мөн зарим дүрийн нэрийг сольсон. Үүнийг дагаад тухайн дүрийн үзэл санаа ч өөр болно. Тиймээс кино зохиол эхний ангиас дахин бичигдэж таарч байгаа юм.
-“Давхар цагаан шугам” киноны гол дүрийн Цэлмэг прокурор анхны зохиол дээр эрэгтэй хүн байсан уу?
-Үгүй ээ. Бид анхнаасаа л гол дүрээ эмэгтэй байхаар тогтсон. Яагаад гэхээр цагдаа, прокурор зэрэг хууль хүчний байгууллагын алба хаагчдыг ихэвчлэн эрэгтэй дүрээр гаргаж ирдэг. Би ч киноны ажил эхлэхийн өмнө гол дүрийн прокурор чин шударга эрэгтэй байна гэсэн төсөөлөлтэй байсан. Гэсэн хэдий ч кино зохиолынхоо судалгааг хийх явцдаа Дэлгэрцэцэг прокурортой уулзаад манай киноны гол дүр эмэгтэй хүн байснаар прокурорын дүр дээр ирэх ачаалал өшөө илүү тод томруун болно. Зөрчлүүд илүү томоор гарч ирэхээс гадна утга уянгатай болох юм байна гэж бодсон. Үүнийгээ ч А.Амарсайхан зохиолчид хэлж, бид хоёр зохиолоо гол дүрийн эмэгтэй прокурорт тулгуурлан бичсэн. Би хувьдаа МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч, жүжигчдийн дунд дэлгэцийн урлагийн “очир алмаас”-ууд нуугдаж байдаг гэж боддог. “Тусгай салаа”-ны Дэндэв, “Наран мандах нутаг”-ийн Шил Ганбаагаас эхлүүлээд дуу хоолойгоор үзэгчдэд хэдийн танил дотно болсон ч дүр төрх нь хөшигний ард байдаг дуу оруулагч, жүжигчид сериал киноны гол дүрийг амжилттай бүтээсэн жишээ олон бий. Тиймээс телевизийнхээ Кино, орчуулгын нэвтрүүлгийн албанаас гурван жүжигчинд санал тавьсан. Манай кино нарийн задлаад харвал сайн талын гурван баатар, эсрэг талын гурван том гол дүртэй. Нийслэлийн хяналтын прокурор Цэлмэгийн дүрд Э.Дэлгэрцэцэг, Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Сүхдоржийн дүрд Э.Бэлгүтэй, Цэлмэгийн нөхөр Эрдэнийн дүрд Ц.Энхтайван нар гурван дүрд орчуулгын киноны жүжигчин тоглуулсан. Харин Цэлмэгийн найз Үндэсний телевизийн сэтгүүлчийн дүрд сэтгүүлч хүний гал руу ч гүйгээд орох зориг, ямар ч саад бэрхшээлтэй тулсан мэдээлэл цуглуулах ажлаа хамгийн сайн хийдэг дайчин чанарыг энэ жүжигчин л гаргаж ирж чадна гэж бодсон учир жүжигчин Д.Оюунзулыг сонгосон. Дээрх дүрээс гадна Цэлмэг прокурорын охины дүрийг бүтээх хүүхдийг сонгон шалгаруулалт зарлаж авсан. Цар тахлын дэглэмтэй холбогдуулан проб хийх боломжгүй байсан тул фото пробоор шалгаруулж, тавтай нь уулзсан. Тэр дундаас адтай сэргэлэн, ой тогтоох чадвар нь илүү хөгжчихсөн гэж харсан учир Д.Нэмүүлэн охинд киноны дүрийг өгсөн.
-Та “Давхар цагаан шугам” кино руу орохоос өмнө хувь хүнийхээ хувьд прокуроруудын талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Миний үеийнхэн, надаас ах зарим хүн прокурор, цагдаа гэхээр таатай ханддаггүй, төдийлөн нээлттэй харьцдаггүй, жийрхсэн маягтай байдаг. “Давхар цагаан шугам” киноныхоо зохиолын судалгаа хийгээд, зохиолоо бичиж байхдаа прокурор гэж ямар хүн байдаг юм бэ гэдгийг маш сайн олж харсан. Тийм дээ ч кинондоо прокурорын дотор хүн бий шүү гэдгийг харуулсан. "Тэр хүн" гаднаа Монгол Улсын нэрийн өмнөөс, хуулийн нэрийн өмнөөс улсын яллагч хийдэг. Яллагч гэдэг үг сонсоход хүртэл хүнд, энэ үгийг сонссон хүмүүст эвгүй сэтгэгдэл төрдөг. Үнэндээ прокурор бусадтай л адил хүн шүү дээ. Прокурорт яллуулсан хүмүүс гомдолдог. Гэтэл прокурорууд зөвхөн яллаад байдаггүй. Хүмүүсийг цагаатгадаг. Гэтэл прокурорын хүчээр цагаадсан хүмүүс тэр бүр ярьдаггүй. Ер нь манай нийгэмд баярласнаа илэрхийлдэггүй. Гомдсоноо л хэлж ярьдаг. Тиймээс кинондоо энэ бүхнийг тэнцүүлж харуулахыг хүссэн.
одит гэмт хэргүүдээс сэдэвлэсэн үйл явдал гарах уу?
-Мөнгө угаах олон улсын сүлжээ болоод энэ бүхэнтэй холбоотой ямар үйл явц Монголд болоод байгаа, хэрхэн таслан зогсоох ёстой, мөнгө угаах гэмт хэргийн дотор асар их мөнгө эргэлддэг талаар гарна. Дээрээс нь архаг гэмт хэрэгтнүүд хүний амийг юман чинь ээ тоодоггүй зэрэг гэмт хэргийн ертөнцийн бүх муу муухайг гаргаж ирэхийг зорьсон. Манай кинонд гарах, дурдагдах гэмт хэргүүд дунд өмнө нь Монголд үйлдэгдэж байсан зарим нь дарагдаад өнгөрсөн ч гэмээр хэргүүд бий. Ер нь л прокурорын ажиллаж буй гэмт хэргийн ертөнцөд бүх зүйл асар хурдан өрнөдөг. Прокурорууд хэрхэн хууль дүрэмгүй гэмт хэрэгтнээс өрсөж хохирогч, гэрчийг хамгаалдаг тухай гарна.
-Уран бүтээл бүр үзэгчдэд оюуны таашаал өгөхөөс гадна далд мессэж “шидэж” байдаг. Та үзэгчдэд ямар далд мессэж илгээж байгаа вэ?
-“Давхар цагаан шугам” кино маань “Эх орондоо”, “Амьдрал чамдаа” гэсэн хоёр дуутай. Энэ хоёрыг нэгтгэвэл манай киноны “Давхар цагаан шугам” гэсэн нэр гарч ирнэ. Прокурор хүн улсын нэрийн өмнөөс ажилладаг. Эх орондоо өргөсөн тангарагтаа, албандаа үнэнч байх ёстой. Нөгөө талд амьдрал ахуй, гэр бүл гэсэн том үүрэг хариуцлага бий. Үүнийгээ орхигдуулж болохгүй. Энэ “давхар цагаан шугам”-ыг прокурорын байгууллагынхан огтлолцуулахгүй авч явдаг. Хүн ер нь ажил амьдралаа хэрхэн ялгаж салгах ёстой юм бэ. Мэдээж хувийн амьдралаа ажил, албатайгаа холиод байж болохгүй. Ажил дээрх стресс бухимдлаа гэртээ очоод гаргаад байж болох уу. Ер нь ажил амьдралын зааг ялгаа яг хаана байх ёстой юм бэ гэдгийг харуулахыг зорилоо. Киноны маань нэг анги 65 минут гэхээр бараг л бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай. Эрхэм үзэгчид та бүхэн “Давхар цагаан шугам” киноноос иргэн бид Төрдөө итгэх ёстойг, хамгийн гол нь Монголын Төр үнэн байх ёстойг, Төрийн нэрийн өмнөөс иргэдийг хамгаалж, гэм зэм үйлдсэн нэгнийг нийгмээс тодорхой хугацаанд тусгаарлахын төлөө ажиллаж, зөвхөн ялладаг биш цагаатгадаг прокурор хүний ажлын онцлог, цаад амьдралыг олж хараарай. Төгсгөлд хэлэхэд үе үеийн прокурорууддаа, Прокурорын байгууллагын ажилтнууддаа Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
-Ярилцсанд баярлалаа.





















mnb.mn
скачать dle 12.0