Онцлох мэдээ / Дэлхийд

Европт халдварын тохиолдлын тоо таван долоо хоногт хоёр дахин нэмэгджээ

Хуваалцах:

ЛОНДОН. /Reuters/. 
Европт “COVID-19” халдварын тохиолдлын тоо сүүлийн таван долоо хоногт хоёр дахин нэмэгдэж, халдвар авсан хүний нийт тоо 10 сая давсныг “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харууллаа.Өнгөрсөн сард Латин Америк, Азид халдварын тохиолдлын тоо тус тус 10 сая давсан юм. Мөн АНУ-д есөн сая гаруй хүн халдвар авсан байна. 
 
 
Европт халдварын тохиолдлын тоо таван саяд хүрэхэд есөн сар орчмын хугацаа зарцуулагдсан бол түүнээс хойш нэг сар гаруйн дараа ийнхүү хоёр дахин нэмэгджээ.
 
 
 
Дэлхийн нийт хүн амын 10 хувь нь оршин суудаг Европт дэлхий дахинд илэрсэн халдварын нийт тохиолдлын 22 орчим хувь, нас барсан тохиолдлын 23 хувь нь бүртгэгдсэн байна.
“COVID-19”-өөр халдварласан хүний тоо огцом нэмэгдэж буй энэ үед Франц, Герман, Их Британид энэ оны 3, 4 дүгээр сард тогтоосонтой ойролцоо хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдээд байна. Мөн Португалд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон бол Испани, Италид хязгаарлалтуудаа чангатгаж байгаа юм.
“Reuters” агентлагийн мэдээллээр, Европт сүүлийн долоо хоногт халдварын 1.6 сая гаруй тохиолдол шинээр илэрсэн нь дэлхий даяар тухайн хугацаанд бүртгэгдсэн /3.3 сая/ тохиолдлын тэн хагас орчимтой тэнцжээ. Мөн Европт 10000 хүн тутмын 127 гаруй нь халдвар авч, дөрөв орчим нь нас барсан байна. Харин АНУ-д 10 мянган хүн тутамд 278 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ.
Европыг бүс нутгаар авч үзвэл, зүүн Европт халдварын нийт тохиолдлын гуравны нэг орчим нь илэрсэн бол өмнөд Европ нь халдвараар нас барсан хүний үзүүлэлтээрээ /32 хувь/ нэгдүгээрт бичигдэж байна. 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0