Онцлох мэдээ / Нийгэм

Нийтийн тээврийн камерын 70 гаруй хувьд нь гэмтэл, зөрчил илэрчээ

Хуваалцах:
Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнөөдөр /2020.11.03/ "Камерын хяналтыг сайжруулах, шалгалтын дүнг танилцуулах" хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагын нэгдсэн шалгалтаар 2019 онд нийтийн тээврийн хяналтын камерыг шалгахад 80 хувь нь эвдрэлтэй байсан бөгөөд гурван сарын хугацаанд үүрэг өгч, бүрэн засуулсан аж. Энэ жил 20 аж ахуйн нэгжийн 23 авто баазын 1202 автобусанд дахин гэнэтийн шалгалт хийхэд мөн л 70 гаруй хувь нь эвдрэлтэй буюу нийт 606 зөрчил илэрчээ. Нэг автобус 4-5 камертай байдаг.
Илэрсэн зөрчил, гэмтлээс дурьдвал, DVR төхөөрөмж эвдэрсэн, хадгалах SD карт, хард дискийг нь сугалж авсан, сольсон, үрэгдүүлсэн, жолооч руу харуулсан камерын өнцөгийг өөрчилсөн, камерын утсыг салгах, хурц иртэй зүйлээр тасдаж буруу холболт хийсэн, гадны нөлөөтэй буюу ус, ундаа асгаж доголдол үүсгэн ашиглах боломжгүй болсон, тэжээлийн эх үүсвэр шатсан гэх мэт тоног төхөөрөмжийн гэмтэл, зөрчлүүд илэрсэн байна. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүд үүссэн асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэхгүй байна хэмээн үзэж, өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд цагдаагийн байгууллагаас хугацаатай шаардлага гардуулан өглөө.
Нэг аж ахуйн нэгжид өгсөн шаардлагаас эш татвал: 
Шаардлагад дурьдсан арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, хариуг 2020 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр фото зураг, нотломжийн хамт албан бичгээр ирүүлэх ёстой.
Шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтан, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцохыг НЦУГ-ын зүгээс хатуу мэдэгдлээ.
Уулзалтын үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд иргэдийн эрх ашгийг хамгаалах, хангах бас нэгэн томоохон сэдэв болсон нийтийн тээврийн камержуулалтын асуудлыг засаж, залруулах, сайжруулах талаар зөвлөлдөх гэхээс илүүтэй дутагдлаа харилцан бие бие рүүгээ түлхэлцэх хандлагатай байсан юм.  
Тэгэхээр өнөөдөр хэлэлцсэн асуудлын үр дүн хуулийн дагуу нэг сарын дараа тодорхой болно. Асуудлыг шидэлцэж маргах бус, нэгдэж хэлэлцэн шийдвэрлэх нь нэн чухал болохыг НЦУГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн болон Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бат-Эрдэнэ нар талуудад анхааруулж байлаа.
Цагдаагийн байгууллагад долоо хоногт дунджаар 100-130 халаасны хулгайн гомдол мэдээлэл бүртгэгдэж байгаа бөгөөд нийт алдагдаж байгаа эд зүйлсийн 98 хувийг гар утас эзэлдэг аж. Хулгайлагдсан гар утсыг олоод, шалгах явцад ихэвчлэн хохирогчид нь цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй байдаг гэнэ. Иймд иргэд нийтийн тээвэрт болон автобусны буудлын орчимд халаасны хулгайн гэмт хэрэгт өртсөн бол эсвэл энэ төрлийн хэрэг зөрчлийг харсан бол иргэний үүргээ биелүүлж заавал тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Учир нь тухайн гэмт үйлдлийг иргэд мэдээлээгүйгээс үүдэн гэмт этгээд хариуцлага тооцуулалгүй гудамж, олон нийтийн газраар сул чөлөөтэй явж дахин гэмт хэрэг үйлдэх боломж нөхцлөөр хангагддаг болохыг НЦУГ-ын МШГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Батцэнгэл сануулсан юм. 
2020 оны эхний есөн сарын байдлаар 2800 орчим халаасны хулгайн гэмт хэргийн гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 50 хувь нь нийтийн тээвэрт болон автобусны буудал дээр үйлдэгдсэн байна. Тиймээс камержуулалт хангалттай байх нь хэргийн илрүүлэлтэд чухал ач холбогдолтой болохыг албаныхан онцолж байв.
Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнд НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцлоо.

скачать dle 12.0