Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Шударга ёсны төлөө Х.Бадамсүрэн нарыг огцруулъя, Ерөнхий сайд аа!

Хуваалцах:
Ганцхан долоо хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг "Монголросцветмет" ТӨҮГ-т орлогч захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг иргэдийн татварын мөнгөнөөс төлүүлсэн хэмээн шуугив даа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд банга хүртээн хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зарцуулсан дээрх мөнгийг төлөхийг үүрэгдсэн байдаг. Тэгвэл түүний араас тодорсон "хүн чанаргүй эрхэм"-ээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “босс” Х.Бадамсүрэн магнайдаа тоосгүй тэргүүлэн орж ирлээ.
 

Төрийн өмчит үйлдвэрийн захирал үр ашгийг нэмэгдүүлэх үүрэгтэй очдогоос бус татвар төлөгчдийн мөнгийг дураараа зарцуулж, тансаглан зугаацах гэж томилогддоггүй билээ. Хэзээнээсээ "улстөрчдийн саалийн үнээ" хэмээн яригдаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр Хоохорын Бадамсүрэнгийн тансаглалд хоохолзож байна. Үнэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй 350 сая төгрөгийн гэрээ байгуулсан тэрбээр “Намайг хэн муулж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг аяглаж байх юм.
Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаарх яриа дэгдэж эхэлмэгц мань эр Төрийн ордноос салахаа болив. Хар пальто өмсөж, хар малгай духдуулсан Х.Бадамсүрэн Төрийн ордныг гороолж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга болон УИХ-ын гишүүдийн өрөөгөөр тал засан гүйсэн...
УИХ-ын зарим гишүүдийн хэлж буйгаар түүнийг огцруулах талаар яриа дэгдмэгц эрхэм захирал “Би ажилдаа үлдмээр байна. Эсхүл Хөдөл­мөрийн баатар болговол ажлаа өгөхөд бэлэн” хэмээн Төрийн өндөрлөгүүдэд эрээ цээргүй аашилсан гэх мэдээлэл бий.
Ямартай ч өдгөө 65 настай тэтгэврийн нөхөр “Эрдэнэт” үйлдвэр хэмээх их саванд эзэн болон суучихаад дураараа дургиж байгааг “Шилэн Цогоо” нийтэд ил болгов. 
Х.Бадамсүрэн захирал өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан туршлагатай гэгддэг ч Ковидын үеийн эдийн засгийн амаргүй үед 512 сая төгрөгөөр тансаг зэрэглэлийн бенз “G-class” маркийн автомашины тендерийг зарлуулсан нь мордохын хазгай болж, тус байгууллагын шилэн дансыг иргэд ухаж төнхөхөд хүргэсэн юм. Засгийн газар нь "мөнгөгүй" хэмээн бүсээ чангалахыг дээр дооргүй шаардаж байхад зарим дарга нар унах машиндаа хагас тэрбум төгрөг зарцуулахыг ямар ч хүн эсэргүүцнэ. Ямартай ч иргэдийн шахалт шаардлагаар эрээ цээргүй тэр тендерийг цуцалсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл 21 сая 146 мянган төгрөгөөр кофе чанагч машины тендер зарласныг юу гэж үзэх вэ. Энэ хэдхэн баримтаас харахад төрд орох ёстой мөнгө ингэж л замаасаа буруу зам руу шилгээгдэж байна. "Хүүхдийн 100 мянган төгрөг төсөвт дарамт учруулж байна" хэмээн Ц.Даваасүрэн гишүүнээс эхлээд орилж байгаа. Одоо харин ийм эрээ цээргүй луйварт цэг тавихад эрхэм гишүүд дуугаа өргөх цаг иржээ. 
“Эрдэнэт” үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр "эмчилгээний төлбөр" нэрээр Эрдэнэт үйлдвэрээс 219 сая төгрөгийг гаргуулсан авсан баримт ил болсон. Жилдээ 200 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдээ басамжлан доромжилж буй энэ үйлдэл Х.Бадамсүрэн нарынхны багийг хуулахад даарин дээр давс нэмж өгөв. Тодруулбал, тэрбээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 219 сая төгрөгийг Эрдэнэт үйлдвэрийн данснаас "Дэмбэрэлийн Дэлгэрбаярын эмнэлгийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатайгаар гаргуулан авсан байна. Иргэдийн зүгээс “Тийм бие муутай хүнийг чөлөөлж оронд нь аятайхан хүн ажиллуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Иргэн Б.Цогтгэрэлийн дэлгэсэн баримт дотор Х.Бадамсүрэн өөртөө 52 сая төгрөгөөр массажны сандал авсан нь мөн л гал асаав. Дээр дурдсан 65 настай эрхэм бие нь өвдөөд массаж хийлгэх шаардлагатай юм бол ядаж тэр массажны сандлаа өөрөө авч чаддаггүй юм уу. Үнэхээр л тэгж зугаацмаар байгаа юм бол массажны газраар үйлчлүүл. Гэхдээ үйлдвэрийн бус өөрийн мөнгөөрөө эрхэм даргын зугаацал үүгээр зогссон уу гэвэл үгүй. 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан. Жирийн иргэдийн дөрвөн улирлын байшин барих хэмжээний мөнгөөр унадаг дугуй авч зугаацсан энэ үйлдэл нь түүнийг цаашид “Эрдэнэт” үйлдвэрт ажиллах ёсзүйн эрхгүй тод нотолгоо. Жирийн уурхайчдын бүтээсэн баялгийг хувьдаа зарцуулж байгаа “Эрдэнэт”-ийн захирлын тансаглал үүгээр дуусахгүй ээ. Мөнгөн аяганы урьдчилгаа болгон 8.3 сая төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа.
Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр эх захгүй идүүр болсны дараагийн жишээ нь Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөрт 102.385.101 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлсэн баримт. Сайд Г.Ёндон 10.7 сая төгрөгийг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт шилжүүлсэндээ жавтий хүртсэн бол түүнээс 10 дахин их хэмжээний мөнгийг сургалтын төлбөрт шилжүүлсэн нь ямар хууль, журмын дагуу юм бол?  Жирийн иргэний 50 хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрийг ТӨҮГ-ын захирлын охин сургалтын төлбөртөө авч байх юм. Шударга ёс хаана байна аа?
2017 оны долоодугаар сарын 1-ээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд "Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээдэд 2-8 жил хорих ял өгнө" гэсэн заалт бий. Ач, зээтэйгээ амьдын жаргал эдлэн суух учиртай Х.Бадамсүрэн захирал хуулийн дагуу бол аавынд залрах болзлоо хангачихаад байгаа.
Тэтгэвэртээ гарсан улстөрчид ингэж л төрийн мөнгийг баруун солгойгүй цацаж, хүлцэнгүй ард түмнийг дээрэлхэж байгаа нь зүйд нийцнэ гэж үү.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ, орон нутгийн сонгуульд шударга бусын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалан шат шатны сонгуульд ялалт байгуулсан. Тэгвэл одоо төрийн мөнгөөр наадагч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай шударгаар хариуцлага тооцоход  хүчээ нэгтгэх хэрэг гарлаа. Х.Бадамсүрэнгээс эхлээд үйлдвэрийн мөнгийг хувьдаа зарцуулж буй удирдлагуудаар дээрх мөнгийг төлүүлэн учруулсан хохирлыг барагдуулан, хөөж явуулах цаг болжээ. Хуулийн байгууллага гэж байдаг бол одоо л хариуцлага тооцдог цаг шүү. Төрийн өмчийн хулгайтай тэмцье гэвэл отго жинстэй нь тооцох хэрэгтэйг Х.Бадамсүрэн мэтийн олон хүний эх захгүй авирлалаас харж болохоор байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0