Онцлох мэдээ / Эдийн засаг

Төрийн ивээлийг хүртэх эрх “байр хорооллынхон”-д байхгүй гэж үү?

Хуваалцах:
Засгийн газраас түлшний үнийг 50 хувь хямдруулсан нь цар тахлаас сэргийлсэн өнөөдрийн энэ хөл хориотой байгаа цаг үед алга таших шийдвэр мөн үү гэвэл мөн. Манай улсад 2018 оны байдлаар нийт 894,496 өрхийн 387,453 нь нийслэлд, 507,043 нь орон нутагт амьдардаг. Түүнчлэн нийслэлийн нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэж үзвэл дээрх шийдвэрийг сайшаах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ тэдний дунд шөнийн цахилгааны хэрэглээгээ “тэг”-лүүлсэн, хүнсний талоныг хэрэгцээндээ ашигладаг гэхчлэн нийгмийн олон халамжийг хүртэж яваа хур баячууд ч цөөнгүй бий.
Тиймээс энд нэг зүйлийг дурьдалгүй орхиж болохгүй нь. Орон сууцанд амьдардаг айл өрхүүдийн хувьд төрийн аливаа энэрэнгүй шийдвэрийн гадна үлддэг байдал дээр иргэд хатуухан байр сууриа илэрхийлэх болжээ.
Орон сууцанд оршин суугчдад төрөөс ямарваа нэгэн дэмжлэг огт хүртдэггүй. Иргэдийн өгч байгаа сэтгэгдэлийн гол агуулга нь байранд амьдардаг бүхэн баян гэдэг ойлголт байж болохгүй гэдэг хандлагыг илэрхийлж байгаа юм. Учир нь орон сууцанд хоногийн хоолны мөнгөнөөсөө хугаслан байж, үр хойчдоо, эсвэл ахмад буурлууддаа ая тухтай амьдрах боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийг хүссэн олон зуун мянган иргэд бий. Зээлээс зээлийн хооронд амьдарч буй тэд гэхдээ хэзээ ч гомдол мэдүүлж байсангүй. Энэ хүнд бэрх үед ч цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ гэж элдэв дуулиан дэгдээж, эсэргүүцэл илэрхийлж бахирсангүй. Хөл хорионд орж, халаасаа сэгсрэхэд ойрхон байгаа нь ч хаалгаараа хамраа цухуйлгаагүй.
Төрийн шийдвэр бүгдэд тэгш үйлчлэх учиртай юм бол тэдэнд ч бас өчүүхэн сэтгэл гаргахад буруутах юун. Цахилгаан, дулааны үнийг татаж, багасгахад болохгүй нь юун?
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 481 тогтоолд нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна.
Байр хорооллын өрхүүдэд ч байж болох шийдвэр бол цахилгаан, дулааны тарифын хөнгөлөлт. Тэд утаа үйлдвэрлэдэггүй гээд төрийн ивээлийн гадна үлдэх учиртай юм сан уу? 
Өрх бүрт нэг сая төгрөг олгох тухай санаачлагыг анх иргэн Б.Хажидмаагаас эхлээд Ерөнхийлөгч хүртэл гаргаад тусыг эс олов. Угтаа хүн амыг амьжиргааны түвшин, амьдралын орчин нөхцөлөөр нь үл ялгаварласан энэ санаачлагыг дийлэнх олонх дэмжин хүлээж байсан, Ерөнхий сайд дээр ирээд унасан.
Хүнд хэцүү цагийн байдалд хүн ардаа ялгаварлах хандлагыг цаашид гүнзгийрүүлэхгүй байх тал дээр байр хорооллынхон байр сууриа илэрхийлж эхэлсэн нь энэ. 
скачать dle 12.0