Эдийн засаг / Мэдээ мэдээлэл

Биткойнд хөрөнгө оруулах нь багагүй эрсдэлтэйг анхаарууллаа

Хуваалцах:

Сүүлийн жилүүдэд технологийн хурдацтай хөгжил дэвшил хүн төрөлхтний амьдралыг хөнгөвчилж, томоохон хувьслыг авчирсан. Дэвшилтэт технологийн үр нөлөө уламжлалт санхүүгийн салбарыг өөрчилж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, түргэн шуурхай, амар хялбар аргаар санхүүгийн үйлчилгээг орон зайнаас үл хамаарч үзүүлэх боломжийг бий болгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон хөшүүрэг болоод байна. Дэлхий дахинаа санхүүгийн үйлчилгээг олон төрлийн технологид үндэслэн авах боломжтой болсон бөгөөд уламжлалт хэлбэр буюу дундын зуучлагчгүй үйлчилгээ үзүүлэх хязгааргүй боломжийг блокчэйн технологи бий болгосон.
Гэхдээ энэхүү технологийн шинэчлэл, инновац нь гэмт хэргийн золиос болох, хууль бус үйл ажиллагаанд ашиглуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй. Иймээс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас “Виртуал хөрөнгө болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх” зааврыг баталж, стандартыг тогтоосон. Санхүүгийн зохицуулах хорооноос мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд дээрх заавар, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэвшүүлж ажиллаж байна.
Олон улсад санхүүгийн зохицуулагч байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ, криптовалюттай холбоотой эрсдэлийн талаар ард иргэдэд анхааруулсаар байна. Тухайлбал, Английн Санхүүгийн зохицуулах байгууллагаас “...Аливаа төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ авах, хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчийн хувьд өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө мөнгөө алдахад бэлэн байх ёстой” гэж анхааруулсан.
Харин Европын банкуудын зохицуулах байгууллага, Европын үнэт цаасны зохицуулах байгууллага, Европын даатгалын болон тэтгэврийн зохицуулах байгууллагууд иргэдэд зориулж хамтарсан мэдэгдэл гаргаж, “виртуал хөрөнгө худалдан авах нь өндөр эрсдэлийг дагуулах бөгөөд үнийн савалгаа ихтэй, хамгаалалтын тогтолцоогүй” гэдгийг анхааруулсан.
Мөн АНУ-ын Санхүүгийн зохицуулагч байгууллагаас "биткойнтой холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө багагүй эрсдэлийг дагуулдаг гэдгийг хөрөнгө оруулагчид мэддэг байх шаардлагатай"  хэмээн сэрэмжлүүлсээр байна.
Иймд, виртуал хөрөнгө, үүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа нь урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй тул анхаарал болгоомжтой хандаж, хэрэв хөрөнгө оруулсан тохиолдолд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн Та өөрөө хариуцахыг Санхүүгийн зохицуулах хороо албан ёсоор анхаарууллаа.
 
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
скачать dle 12.0