Эдийн засаг

Зээлийн хүүг бууруулах хөшүүрэг нь зээлжих зэрэглэл, валютын ханш

Хуваалцах:

Зээлийн хүү өндөр байгаагийн учир шалтгаан, хэрхэн бууруулах, түүнийг хэн тогтоодог талаарх энэ сэдвийг бид удаа дараа хөндөж байгаа билээ. Учир нь, манай улсын иргэдийн дийлэнх нь ямар нэгэн зээлтэй байна. Тэд олсон орлого, авсан цалингаа үндсэн зээлдээ биш ихэнхийг түүний хүүнд өгдөгт асуудлын учир бий. Тийм л учраас зээлийн хүүг бууруулахад холбогдох албаныхан төдийгүй шийдвэр гаргагчид дорвитой, зөв алхам хийхийг хүлээж сууна. Зээл авсан, авахаар төлөвлөж буй хүмүүсийн туйлын хүсэл бол хүү нь Америк, Японых шиг 1-2 хувьтай байх явдал юм. Гэтэл Монголд зээлийн хүү ийм хэмжээнд битгий хэл нэг оронтой тоо руу ч орж чадахгүй байна. Тэгэх боломжийг нь бүрдүүлэх бус энэ талаар ярьсаар өдийг хүрсэн гэхэд болно. Одоогоор зээлийн хүүгийн дундаж хэмжээ 18 хувь байна. Ийм хэмжээнд байгаагийн шалтгааныг зөвхөн арилжааны банкуудтай холбох өрөөсгөл хандлага сүүлийн үед нийгэмд давамгайлах болжээ. Олон нийт арилжааны банкууд зээлийн хүүг өндөр тогтоож, мөнгө хүүлээд байна гэж хардахад хүрэв. Үүн дээр буюу нийгмийн сэтгэл зүйг далимдуулан, хууль гаргаж, зээлийн хүүг хүчээр бага хэмжээнд тогтоох асуудлыг та хөндөж эхэллээ. Ингэснээр эерэг үр дүнд хүрэх бус  харин ч нөхцөл байдал өнөөдрийнхөөс улам дордохыг энэ салбарынхан төдийгүй эдийн засагчид судалгаанд үндэслэн улс тайлбарлаж байгаа юм.
АРИЛЖААНЫ БАНКУУД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООДОГ УУ
Энгийн иргэд төдийгүй улстөрч, шийдвэр гаргагчид хүртэл зээлийн хүүг банкууд тогтоодог гэж ташаа ойлгож буйд эдийн засагчид шүүмжлэлтэй ханддаг. Тодруулбал, арилжааны банкууд зээлийн хүүг тогтоодог учраас хууль гаргаж түүнд банкуудтай холбоотой зохицуулалт буюу зээлийн хүүд дээд хязгаар тогтоож бууруулах боломжтой талаар ярих нэгэн ч бий. Энэ нь тухайн салбарыг “нугасласан” шийдвэр гэдгийг эдийн засагчид тодотгож байна. Арилжааны банк санхүүжилт дамжуулах үүрэгтэй бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлавал, бидний өдөр тутмын хэрэглээ болох эрчим хүч цахилгааны шугамаар дамждаг, интернэт шилэн кабелиар гүйж, хэрэтлэгчдэд хүрдэг. Яг үүнтэй адил банк бол санхүүгийн дэд бүтцийн үүрэг гүйцэтгэж, мөнгө дамжуулах үүрэгтэй юм. Тодруулбал, зээлийн хүү эдийн засгийн үзэгдэл учраас маш олон хүчин зүйл буюу валютын ханш, зээлжих зэрэглэл, банкуудын үйл ажиллагаа, иргэн, аж ахуйн нэгжүүдийн асуудал зэргээс хамаардаг байна. Иймд хэрэв эдгээр дөрвөн хүчин зүйлийг сайжруулж чадвал зээлийн хүү буурах бүрэн боломжтойг салбарынхан болон эдийн засагчид хэлж байгаа юм.
Тухайлбал, Монголынх муу, гадаадын банк мундаг гэж жирийн иргэн төдийгүй эдийн засагч, улстөрчид ярьж буйд би Монголын банкны холбооны ерөнхийлөгчийн хувьд эмзэглэж явдгаа “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг илэрхийлсэн байдаг. Тэрбээр“Сүүлийн 28 жилийн турш Монголын эдийн засагт банкны салбар ямар үүрэг гүйцэтгэв. Энэ өнцгөөс харах хэрэгтэй. Манай банкны систем өнөөдөр дэлхийн хамгийн орчин үеийн технологи ашиглаж, дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж байна. 
“Голомт”-оос “ХААН” банк руу секундийн дотор мөнгө шилжүүлж байна. Ийм үйлчилгээ Америк, Англид 2-3 хонодог. Онлайн, мобайл банк, АТМ гээд технологийн дэвшлийн хэрэглээгээрээ бид дэлхийд гайхагдахаар түвшинд хүрсэн. Нийгмийн сүлжээгээр банкуудыг доромжилж, гүтгэсэн санал сэтгэгдэл өнөөдөр дүүрэн хөвөрч байна. Банкны салбарынхан номхон, чимээгүй юм шиг харагддаг байх. Гэвч twitter, facebook-д цагаа үрж, хэрүүл хийж, худлаа цэцэрхэх зав байдаггүй. Гурван сая иргэнд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн тулд цаг наргүй ажилладаг. Энэ салбарынхан улсын эдийн засаг, санхүүгийн системийг ганцаараа нуруун дээрээ үүрч яваа. Уг нь банкны салбар энэ ачааны гуравны нэгийг л үүрэх ёстой. Гэвч өнөөг хүртэл даатгал, хөрөнгийн зах зээлийг Монголын төр, засаг хөгжүүлж чадаагүй, босгохын тулд юу ч хийгээгүй. Тиймээс банкны салбар ачааны хүндийг бөхийтлөө үүрч явна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Үүнтэй нэг хэсэг нь санал нийлж байхад, нөгөө хэсэг нь шүүмжилж байна. Тухайн асуудалд санал хуваагдахаас илүүтэй гарах гарц, гаргалгааны талаар санал солилцож, ярих биш хийж хэрэгжүүлэх цаг нь болсон.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАД ЯМАР БАЙГУУЛЛАГА ГОЛЛОН ОРОЛЦОХ ВЭ
Юуны түрүүнд банкууд бууруулах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт юм. Эрсдэлийг бууруулахад маш олон талын оролцоо, хамтын ажиллагаа шаардлагатай. Монголчуудын
боловсролын түвшин, хандлага, хариуцлага ч зээлийн хүүг буруулахад нөлөөлнө гэж үздэг. Гэхдээ үүнээс илүүтэй зээлийн хүүг бууруулахад оройлж манлайлан оролцох, хамгийн чухал санаачилгыг гарган хэрэгжүүлэх чиглэл өгөх байгууллага нь төр, засаг. Тодруулбал, УИХ-ын бодлого, чиглэл, Засгийн газрын гүйцэтгэл чухал нөлөөтэй юм. Ингэхдээ юуны түрүүнд зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд өрийн менежментээ сайтар хийх хэрэгтэй. Өрөө өрөөр дарах биш, өөрсдөө дарах бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг эдийн засагчид сануулж буй. Өөрсдийн нөөц боломжийг дайчлан өрөө дарвал манай улсад мөнгө зээлэх итгэл хөрөнгө оруулагчдад төрнө. Ингэснээр зээлжих зэрэглэл сайжирч, зээлийн хүү буурна.
Манай улсын зээлжих зэрэглэл муу учраас гадаадаас 7.5 хувийн хүүтэй валют зээлж байна. Үүнийг Монголд оруулж ирээд, төгрөгт хөрвүүлээд зээл олгохдоо зургаан хувийн хүү нэмдэг байна. Сүүлийн 14 жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг жилд дунджаар зургаан хувиар суларсан учраасханшийн эрсдэлийг тооцож зургаан хувийг нэмдэг аж. Энэ нь зээлийн хүү өндөр байгаагийн хамгийн том суурь шалтгаан. Хэрэв Манай улс АНУ шиг ААА гэсэн зээлжих зэрэглэлтэй байсан бол олон улсын зах зээлээс 1.5 хувийн хүүтэй валютын эх үүсвэр татахаас гадна төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтвортой байвал эрсдэлийн хүү нэмэгдэхгүй байж болох нь. Тодруулбал, зээлжих зэрэглэл ААА болчихвол зээлийн хүү зургаа, ханш тогтворжвол мөн зургаан хувиар буурах нь. Ингэж чадвал зээлийн хүү хүссэн, хүсээгүй нэг оронтой тоонд хүрэх юм. Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд зээлжих зэрэглэлээ сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах шаардлагатайг дахин тодотгоё.
 
С.Юмсүрэн
unen.mn
скачать dle 12.0