Соёл урлаг

Токио-2020: Онцгой байдал тогтоосон ч Олимп болох нь тодорхой

Хуваалцах:


Токиогийн зуны Олимп хойшлогдсоноос хойших жил шахмын хугацаанд дэлхийн дахинд коронавирусний халдварын нөхцөл байдал жилийн өмнөхөөс дээрдсэн гэж хэлэх аргагүй байна. Үүнээс үүдэн “Олимпыг хойшлуулж магадгүй” гэсэн яриа таамаг ид хөвөрсөөр. Гэтэл яг хоёр сарын дараа эхлэх "Токио-2020"-иос хагас жилийн дараа Бээжин хот өвлийн Олимпыг хүлээж авах учраас “үүнээс цааш газар үгүй” гэдэгчлэн спортын хамгийн том наадмыг дахин хойшлуулах ямар ч боломжгүй болсон бөгөөд зөвхөн цуцлах л хувилбар бий. Мэдээж хэрэг, 2022 онд ганцхан жилийн дотор өвөл зуны хоёр Олимпыг 5-6 сарын зайтай зохион байгуулах нь бүтэшгүй зорилт юм. 
Таагүй мэдээллүүд  Олимпын тоглолт ойртох тусам сүүлийн өдрүүдэд таагүй мэдээ сонсогдох боллоо. Цар тахлын улмаас гадаадын үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авах боломжгүй гэдгээ зохион байгуулагч Японы тал мэдэгдэв. Үүнтэй зэрэгцээд БНАСАУ-ын шигшээ баг Токиод очихгүй гэсэн шийдвэр гаргалаа. Хамгийн таагүй нь гэвэл, “Асахи Шимбүн” сонины явуулсан санал асуулгаар Японы иргэдийн 83 хувь нь “Олимпыг хойшлуулах эсвэл цуцлах нь зүйтэй” гэж үзэж байгаа нь бараг л шоконд оруулав. Өнгөрсөн сарын судалгаагаар оролцогчдын 68 хувь нь ийм санаа бодолтой байсантай харьцуулахад олимпын наадам дөхөх тусам эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдэх төлөвтэй.
 
 
Санал асуулгатай бараг зэрэг шахуу  Японы эмч нарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл гаргаж, халдварын нөхцөл байдал маш хүнд байгаа учраас Олимпын наадмыг хойшлуулах эсвэл цуцлахыг эрх баригчдад хандан уриалсан байна. Тус улсад өдөр бүр халдварын 5000-гаас дээш тооны тохиолдол илэрч байгаа нь өнгөрсөн оны хавар тохиосон халдварын оргил үеийнхтэй ойролцоо байгааг эмч нар анхааруулжээ. Яг одоогийн байдлаар, Японы 9 мужид онцгой байдлын дэглэм үйлчилж байгаа бол 10 мужид коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгасан байна. 4 дүгээр сарын сүүлчээс эхлэн Японд цар тахлын “дөрөв дэх давалгаа” дэгдэж, бүс нутгуудын тал орчим хувь нь ямар нэгэн хэлбэрээр хөл хорионд ороод байгаа бөгөөд цаашдаа улс орон даяар онцгой байдал тогтоох магадлал бий.
 
Японы нэрт теннисчин Наоми Осака  Цар тахлын үед Токиогийн Олимпыг зохион байгуулах нь утга учиргүй зүйл гэж үзэж буй нэрт тамирчдын хэлсэн үгийг спортын их цэнгүүнийг цуцлахыг дэмжигчид шүүрч аваад нийтэлж байна. Тухайлбал, саявтархан нэрт теннисчин Рожер Федерер, Наоми Осака, Рафаэль Надаль нар “Олимпыг зохион байгуулах цаг үе нь одоо биш” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Шагналын сан өндөртэй тэмцээнүүдэд оролцож хангалттай хэмжээний мөнгө авдаг, Олимпыг төдийлөн ойшоодоггүй эдгээр мэргэжлийн теннисчдийг дууриаж “хөлөө хөлдөөх” зоригтой тамирчин спортын бусад төрлийнхөн дотор одоохондоо алга.   
 
 
Олимп болдгоороо болно  Энэ мэтчилэн олон бэрхшээл сорилт тулгарч байгаа боловч "Токио-2020"-ийг зохион байгуулагчид “Олимп болно” гэдгийг итгэлтэйгээр хэлж байгаа бөгөөд гадаадын тамирчид, Японы иргэдийн аль алинд нь эрсдэл үүсгэхгүйгээр зохион байгуулж чадна гэдгээ ОУОХ ба Токио хотын засгийн газрын Олимп ба Параилимпод бэлтгэх товчоо амлалаа. Тухайлбал, Олимпын Зохицуулах комиссын тэргүүн Жон Коутс мэдэгдэхдээ “Японы нийслэлд онцгой байдал тогтоосон ч гэсэн Олимпын тоглолт болдгоороо болно. Бид үүнийг тамирчдын тусын тулд хийж байна. Бид тамирчдын хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд үүнийг хийнэ” гэв. Ташрамд хэлэхэд, тамирчдыг дархлаажуулах тал дээр санаа зовох хэрэггүй болсон бөгөөд энэ сарын эхээр Pfizer/BioNTech компани Олимпын тоглолтод оролцож буй бүх тамирчдад зориулан вакцин хандивлах тухай санамж бичгийг ОУОХ-той байгуулжээ. 
 
Жон Коутс      Үүнээс дүгнэвэл, асуудал нэг талдаа гарчээ гэж ойлгож болохоор. Харин одоо Японы үзэгчдийг цэнгэлдэхэд нэвтрүүлэх эсэх, эсвэл огт үзэгчгүйгээр тэмцээн уралдааныг зохион байгуулах уу гэх мэт нарийн ширийн асуудлуудыг зохицуулах ёстой.
 
 
Оролцогчдод тавих шаардлага  Үүнтэй холбогдуулан Олимпод бэлтгэх ажлыг хариуцаж буй талууд спортын их наадмыг аюулгүйгээр зохион байгуулахад чиглэсэн цогц төлөвлөгөөгөө танилцууллаа. Гэхдээ түүнд онцгой содон гэхээр зүйл байсангүй. Бүх газарт маск зүүх, өдөр бүр шинжилгээ өгөх гэх мэт түгээмэл заалтуудыг тусгасан байв. Олимпод оролцогчид Японд нисэж ирэхээсээ өмнө 72 цагийн дотор вирусийн шинжилгээ өгсөн байх ёстой ба вакцин заавал хийлгэсэн байхыг шаардахгүй боловч хийлгэсэн байвал сайшаан дэмжинэ. Тамирчид 4 хоног тутамд нэгээс доошгүй удаа ковидын шинжилгээ өгөх ба өөрийн эрүүл мэндийн байдлын талаарх мэдээллийг гар утсан дахь тусгай аппликейшнд өдөр бүр шинэчлэн оруулна. Мөн дэлгүүр, баар, аялал жуулчлалын газруудаар явахгүй, нийтийн тээврээр зорчихгүй, ерөнхийдөө бол Олимпын объектуудаас гадагш гарахгүй гэсэн шаардлагуудыг тавих бололтой. Ийм журмыг өнгөрсөн өвөл, хаврын улиралд болсон олон улсын тэмцээнүүдийн үеэр баримталж байсан билээ.
Түүнээс гадна, Токиод хүрэлцэн ирэх гадаадын төлөөлөгчдийн /15 мянган тамирчдаас гадна/ тоог 2 дахин бууруулж, 78 мянган хүнээр хязгаарлахаар төлөвлөж байгаагаа Японы Засгийн газар мэдэгдэв. Жишээ нь, гадаад улсын төрийн тэргүүнийг дагалдах албан ёсны төлөөлөгчдийн тоог 12 хүн, сайдыг дагалдах хүмүүсийн тоог 5 болгож цөөрүүлэх бололтой. Эдгээр хүмүүсийн хувьд өөрийн улсын тамирчидтай уулзах, нийтийн тээврээр зорчих, Токиогоос гарч явах нь мөн л хориотой.    
Ямартаа ч гэсэн спортын их наадмыг амжилттай зохион байгуулахад нөлөөлөх гол хүчин зүйл бол вакцинжуулалт. Гэтэл Токио хотын дарга Юрико Коикэ хэлэхдээ“бид вирустэй гар нүцгэн тэмцэж байна” гэсэн нь гайхшрал төрүүлэв.
 
 
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, 126 сая хүн амтай Япон улсын иргэдийн 4,14 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа бол дөнгөж 1,85 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Токиогийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн шинжээч Харука Сакамото-гийн ярьснаар бол, ойрын үед вакцинжуулалтын явцыг эрс хурдасгаж, Олимпын нээлтийн өдөр гэхэд бүх ахмад настнуудыг дархлаажуулалтад хамруулчихсан байхаар төлөвлөжээ.
 
 
Хойшлуулснаас үүдэх хохирол  Нөгөөтэйгүүр, Олимпыг эсэргүүцэгчдийн гаргасан мэдэгдэлд "Япончуудын эрүүл мэндийг бус мөнгийг илүүд үзсэн эрх баригчид иргэдийн санаа бодлыг үл ойшоож байна" гэж буруушаажээ. Олимпыг зохион байгуулахын тулд Японы Засгийн газар нийтдээ 15,4 тэрбум ам.долларыг хэдийнэ зарцуулчихаад байгаа бөгөөд аудитын шалгалт оруулж, нарийвчилсан тооцоо хийх аваас уг тоо нэлээд өсч магадгүй. Санхүүгийн талаас нь авч үзвэл, Олимпыг цуцлах нь Япон улсад ихээхэн хохиролтой. Тухайлбал, гадаадын хөгжөөн дэмжигчид ирэх боломжгүй болсноор зөвхөн тасалбарын орлогоос гэхэд 1,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байна. Харин Олимпыг бүрмөсөн цуцалсан тохиолдолд Японы эдийн засагт учрах шууд болон дам хохирлын хэмжээ 74 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо бий. Түүнээс гадна, улсын нэр хүндийн асуудал үүснэ.
 
 
Үүний сацуу тэмцээн уралдааныг шууд дамжуулах телевизийн эрхийг олон сая, тэрбум ам.доллароор урьдчилаад борлуулчихсан учраас Олимпыг цуцлах эсвэл хойшлуулах нь ОУОХ-нд асар их алдагдал авчрах ба үүний улмаас тус хорооны одоогийн ерөнхийлөгч Томас Бах-ын суудал тун хүчтэй ганхаж мэдэхээр байна.
Олимпыг зохион байгуулахад оролцож буй талууд хоорондоо асар их үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд байгуулсан учраас Олимп хойшлогдох эсвэл цуцлагдах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр нь түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч, даатгалын олон компани дампуурахад хүрч болзошгүй гэдгийг Австралийн Мельбурнийн их сургуулийн спортын эрхзүйн профессор Жэк Андерсон хэллээ.
Түүний ярьснаар, сүүлийн 10 жилд Япон улсын хувьд эдийн засаг нь зогсонги байдалд орсон, цунамигийн аюул нүүрлэж, “Фүкүшима” АЦС-д осол гарсан гээд олон сорилт тулгарсан. Тэгэхээр Токиогийн зуны Олимпыг амжилттай зохион байгуулах нь тус улс хүндрэлээс гарч, дахин сэргэн мандаж буйг дэлхий дахинд харуулах төдийгүй хүн төрөлхтөн цар тахлыг даван туулсны бэлгэ тэмдэг болох учиртай.  
 
 
Б.Адъяахүү
скачать dle 12.0