Нийгэм

Шинэ жил ба гэр бүлийн уур амьсгал – халуун бүлээрээ хооллох

Хуваалцах:
Шинэ жилийн баярыг гэр бүлээ улам бат бөх, хайр халамж цалгисан уур амьсгал бүрдүүлэх боломж болгон ашиглаасай хэмээн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ та бүхэнд цуврал зөвлөгөө мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Амттай хоол ба АЗ ЖАРГАЛ
Гайхалтай нь, амттай хоолыг таашаалтайгаар идсэний дараа дурласан үеийнх шиг мэдрэмж төрдөг гэнэ. Учир нь бидний тархи сэтгэлийн таашаал мэдрүүлэгч нейромедиатор болон дофамин ялгаруулж эхэлдэг төдийгүй серотонин хэмээх даавар ялгардаг. Энэ нь дурласан үед ялгардаг аз жаргал болон таашаалтай мэдрэмжийг бэлэглэгч даавар юм.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, ялангуяа 0-6 насны хүүхдээ зөв тогтмол хооллох гэж заримдаа тэвчээрээ бардаг шүү дээ. Заримдаа бүр сөрөг сэтгэл хөдлөлөөрөө хүүхдээ хооллох нь ч бий. Ам бүлээрээ хооллохоор ширээ тойрон суухдаа сэтгэл хөдлөлөө ямагт эерэг байлгаж сураарай. Уур уцаартай идсэн хоол өтгөн хаталт, гэдэсний хямрал, ходоодны үрэвсэл, бүр цаашлаад хавдар үүсэх магадлалыг ч нэмэгдүүлдэг хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг.
Харвардын Анагаах Ухааны Сургуулийн доктор Анна Фискелийн 15-н жилийн судалгаанаас харахад долоо хоногт таван удаа хамт хооллодог гэр бүлүүд илүү тогтвортой, аз жаргалтай, эрүүл байдаг нь тогтоогджээ.
Гэр бүлээрээ ширээ тойрон хооллох нь хүүхдийн сэтгэл зүй болон хөгжилд сайнаар нөлөөлдгийг та мэдэх үү?
-Хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох нь сэтгэл хөдлөл, бие махбодын хувьд зөв төлөвшиж, хөгжихөд түлхэц болдог.
-АНУ-д өсвөр үеийнхний дунд хийсэн үндэсний хэмжээний томоохон судалгаагаар гэр бүлийн тогтмол хооллолт ба сургуулийн амжилт, сэтгэл зүйн эерэг холбоо хамаарлыг олж тогтоожээ. Хоолны газар гэр бүлээрээ хооллохоос илүү гэртээ хооллох нь хүүхдүүдэд бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд үүний үр дүнд нь хүүхэд сурлагадаа амжилт гаргадаг байна.
-Ширээ тойрон хооллох үед гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөхөөс гадна ийм хэв маягийн хооллолт эрүүл мэнд, муу зуршил, хоол хүнснээс шалтгаалсан өвчлөлт, таргалалт, замбараагүй хооллолт зэрэг эрсдэлээс хүүхдийг хамгаалдаг. Мөн биеийн өсөлт нь илүү сайн байхаас гадна хамтдаа хооллодог гэр бүлийн хүүхэд архины хэрэглээ, мансууруулах бодис, эрт бэлгийн харьцаа, амиа хорлох эрсдэл зэрэгт бараг өртдөггүй болох нь судалгаагаар тогтоогджээ.
-Гэрийн хоол нь хүүхдийн орчны харилцаа, хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна бусадтай харилцах харилцааны ур чадварыг дээшлүүлэхэд нь тусалж, сөрөг харилцааг хүүхэд дааж чаддаг байна.
Гэр бүлээрээ хооллохын бусад ач тус
  • Гэр бүлийн түүхийг хуваалцах
  • Нэг нэгнийгээ дэмжих
  • Гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэх
  • Асуудал шийдэх
  • Хайрлуулж байгаагаа мэдрэх зэрэг олон сайхан талтай.
Зарим гэр бүл хамт суугаад хооллох цаг зав хомс, амьд харилцааны дутагдалтай, гэр бүлээсээ алс хол ажиллах зэрэг нь хүүхдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж, аав ээжийн хайр халамж дутагдах үед бэлэн бүтээгдэхүүнээр хооллох нь нэмэгддэг гэдгийг анхаарууштай. Бэлэн бүтээгдэхүүн эрүүл мэнд, биеийн дархлаанд маш их сөрөг үр дагавар авчирна.
Гэр бүлээрээ хооллож эхлэхэд зарим хүндрэл тулгардаг. Энэ үед доорх зөвлөмж танд тус болно.
  • Гэр бүлийн хоолыг тогтмол хий.
  • Өдөр бүр хамт хооллох боломжгүй бол гэр бүлээрээ хооллоход зориулж тусгай өдрүүдийг гаргаарай.
  • Хоолны цагаар зурагтаа унтрааж, хоол идэж байхдаа утсаар ярихгүй байж хэвш.
  • Бие биедээ тулгарах асуудлаа хамтдаа ярилцаж, бие биенээ хүлээцтэй сонс.
  • Хүн бүрд ярих боломж олгох.
  • Ширээ тойрон хооллохдоо хөгжилтэй дурсамжууд ярилцаарай.
 
Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/
 
скачать dle 12.0