Энэ оны сүүл гэхэд Австрали улс Британи, Шведийн хамтарсан АстраЗенека компанийн Vaxzevria вакцинаас татгалзах гэнэ. Энэ талаар тус улсын коронавирустэй тэмцэх засгийн газрын шуурхай бүлгийн дарга дэслэгч генерал Жон Фрюэн мэдэгджээ.
Түүний онцолсноор, вакциныг аажмаар дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрөөс хасаж, дараа нь үйлдвэрлэхээ зогсоох гэнэ. Энэ вакцины гаж нөлөөний улмаас 60-аас доош насныханд тарихыг хориглосон тул ийм шийдвэр гаргах болжээ.
"Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт АстраЗенека вакцины оронд Пфайзер болон Модерна вакцинуудыг их хэмжээгээр багтаана" гэж Жон Фрюэн мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, 2021 оны 10 дугаар сараас эхлэн лэрх баригчид долоо хоног бүр 2,3 сая хүнийг Пфайзер вакцинаар дархлаажуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин Америкийн Модерна компанийн вакцин есдүгээр сарын дунд үеэс Австралид нийлүүлэгдэж эхлэх аж. Өнөөдрийн байдлаар Австралид долоон сая орчим хүн коронавирусээс сэргийлэх вакцины эхний тунгаа хийлгэжээ.