Эрдэс баялгийн эрх зүй судлаач Г.Сурахбаяртай ярилцлаа.
-Хайгуул зогссон, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, таны хэлсэн төслүүдээс гадна алтны хоёр төсөл л дажгүй амжилттай хэрэгжиж байна даа. Манай улсын хувьд одоо байгаа төсөлдөө ханаад явах биш, уул уурхайн хөгжлийн шинэ шатанд гарах цаг ирчихсэн. Дэлхийн нөгөө өнцөгт уул уурхайн хөгжил ирэх хэдэн арван жилийг харж, цоо шинэ хандлага чиг рүү урагшлаад эхэлчихлээ. Гэтэл бид өнөө маргаашийнхаа асуудлыг шийдье гэдэг маягаар, уул уурхайн салбартаа богино зайны тоглолт хийсэн янзтай л сууж байна. Товчхондоо нэг талаас өнөөгийн асуудлуудаа шийдэх, нөгөө талаас дэлхийтэй хөл нийлүүлэх гэсэн хоёр зүйлийг авцалдуулах эрэлт үүсчихлээ л дээ. Дэлхийгээрээ 2030 онд газрын ховор элемент, уран, зэс гэх мэт чухал ашигт малтмалын үнэ цэнэ улам өснө гэж харж, улс гүрнүүд өөр хоорондоо алсыг харсан стратегийн түншлэл яриад явж байхад бид наад зах нь л зэс дээрээ шинээр хайгуул хийсэн ч юмгүй сууж байна. Захын жишээ гэхэд Америк Канад хоёр чухал ашигт малтмалууд дээрээ стратегийн түншлэлийн гэрээ байгуулчихлаа. Тэд уул уурхайн салбарынхаа стратегийн түншлэлийн дараагийн үе шатыг яаж бий болгох вэ гэдэг дээр зургаа гаргачихаад явж байна.Дэлхийн энэ мэт туршлага, жишгийг Монголдоо шууд нутагшуулъя гэхээр хууль эрх зүй, хүний нөөц, боломж, техник, технологи аль нь ч хүрэхгүй. Бодлого боловсруулагчдыг харахаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах тал дээр яаж ажиллах нь бүрхэг харагдаад байх юм.
Том зургаар нь харвал манай улсын уул уурхайн салбарын бодлого олон улсын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд, уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн бодлого алга. Товчхондоо энэ бүх асуудлын гол шалтгаан нь улс төрийн манлайлал гэж би хувьдаа харж байгаа. Улс төрийн манлайлал дутагдаад байгаа учраас уул уурхайн салбар урагшлах уу, ухрах уу дээрээ тулчихаад байх шиг.
-Улс төрийн манлайлал гэснээс нэг зүйл санаанд орчихлоо. Хувь компани бизнес төслийнхөө шугамаар хайгуул хийх нь бүү хэл Засгийн газар төсөвт хөрөнгө төсөвлөөд хайгуул хийх гээд бардаггүй, орон нутгийнхны эсэргүүцэл төрийн бодлогоор хийх хайгуулын ажлыг ч явуулдаггүй гэсэн мэдээлэл дуулддаг. Ийм байдал энэ хэвээр үргэлжилбэл газрын ховор элемент, уран, зэсийн өөр олон шинэ ордууд нээгдэхгүй л дээ…?
-Хайгуул сэргэх шинж алга гэдэгтэй санал нэг байна. Өнөөхөндөө бид нүүрс, төмөр, зэс, алт гэсхийгээд, одоогийн хэрэгжиж байгаа цөөхөн төсөлдөө ханаад яваа. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх хайгуулын ажлыг хийлгэхгүй байгаа тухай мэдээлэл үнэн л дээ. Хайгуул хийх гээд очихоор хийлгэдэггүй, тэгээд ч зогсохгүй “Дээр байгаа хүмүүстээ биднийг эсэргүүцлээ гэчихээрэй” гэсэн шигээ даналзаж суудаг тухай геологичид толгой сэгсрэн ярьдаг. Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа, цаашид ч авч явах, улсын хөгжлийн дараагийн шатанд хамгийн гол түлхэц болох уул уурхай гэх том салбараа бид үнэхээр хайхарч анзаарахгүй байна. Хууль эрх зүй, засаглалын оновчтой бодлогогүй, байгаа бодлогоо зохистой хэрэгжүүлж чадахгүй явсаар шаварт хутгачихсан нөхцөл байдалтай л аж төрцгөөж сууна. Энэ хоцрогдлоо яаж нөхөх вэ гэдэг бодлого алга. Дахиад онцлоход улс төрийн, бүр тодруулж хэлбэл Засгийн газрын манлайлал нь гарч өгөхгүй байна.
-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр уул уурхайн салбар л байна даа. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах талд манай улс хэр анхаарч байна вэ?
-Ганцхан жишээ хэлье. УИХ-д Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан тухай ярьж байна. Гишүүдийн тайлбарыг харахад 100 мянган ам.долларын босгыг бууруулах гэж байгаа бололтой юм. Шуудхан хэлэхэд, баруун зүүн рүү савладаг байр суурин дээрээ хэвээрээ байна л даа. Өмнө нь энэ босго арван мянган ам.доллар байсан юм. Тэр үед ийм бага босготой байж болохгүй, баахан солонгос, хятадууд орж ирээд Монголд үнэгүй шахам компани байгуулаад байна гээд хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар болгож өсгөсөн. Гэтэл одоо энэ босгыг буцаагаад буулгах тухай яриад сууж байх жишээний. Яг нарийндаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг нэг машины л өртөг шүү дээ. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа энэ удаагийн алхам үнэхээр нүдээ олсон уу, оношоо зөв тавиагүй юм биш байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Зүй нь 100 мянган ам.долларын босгыг бууруулах тухай биш, хөрөнгө оруулагчдад олон улсын түвшинд хүрэхүйц хэмжээний боломжуудыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах учиртай. Чили, Казахстан гэх мэт хөрөнгө оруулалт амжилттай татаж байгаа улсыг харахад огт өөр дүр зураг харагддаг. Хөрөнгө оруулагчид казах, чили хүний сайхан сэтгэлд хөрөнгө оруулаад байгаа хэрэг биш л дээ. Тэр улсуудын ардчилал, хууль эрх зүйн орчных нь олон улсын стандартад нийцсэн байдалд нь итгэж хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Гэтэл бид монгол хүний сайхан сэтгэлд итгээд хөрөнгө оруулаач гэсэн хандлагатай яваад байна.
-Бид хөрөнгө оруулалт татах орчноо сайжруулах талд огт анхаарахгүй байна гэсэн үг үү?
-Хатуухан хэлэхэд тийм. Хөрөнгө оруулалт гэдэг бол бизнес. Бизнес бол гэрээ. Гэрээний тухайд зөвхөн хуулиар л хамгаалагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхож харах зүйл их тодорхой. Маргаан гарахад яаж шийдэж өгөх юм, шүүх засаглал нь бэхэжсэн үү, шударга байж чадах уу, олон улсын гэрээ байгуулчихаад маргалдаад суух улс уу, эсвэл гэрээгээ ягштал мөрдөөд явах орон уу, маргалдлаа гэхэд зөв шударгаар шийдэх хууль механизм бүрдсэн үү, хууль, шүүх нь олон улсын жишиг, стандартын дагуу юу гэх мэтийг л харна. Ингээд харахаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гол салбараа дагасан бусад салбарыг хослуулж хөгжүүлэх гэх мэт асуудлыг цогцоор нь харж чадаж байна уу, оношоо зөв тавих чадамж бий юү гэсэн асуулт яалт ч үгүй тавигдаж байна.
-Хэрвээ Засгийн газар манлайлал үзүүлж, уул уурхайн хөрөнгө оруулалтын салбарын эрх зүйн орчноо цогцоор нь харж, шийдэж чадвал уул уурхай хэзээнээс дажгүй сэргэх бол?
-Засгийн газар манлайллаа үзүүлээд үнэхээр сайн ажиллаж чадвал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг уул уурхайн салбарын хууль эрх зүйн шинэчлэлтэй хослуулаад хийчихвэл 2025-2028 онд хонгилын үзүүрт гэрэл асах найдлага бий.
-Тэр хүртэл уул уурхайн салбар ганц мега төсөлтэй ингэсхийгээд явсан хэвээр байна гэж үү?
-Тэгнэ. 2024 он хүртэл сэргэлт ажиглагдах ямар ч боломж байхгүй. Сайн ажиллаж чадвал 2025 оноос хонгилын үзүүрт гэрэл асна. Яг одоогийнх шигээ байгаа цөөхөн ашигт малтмал дээрээ тулгуурлаж ганц нэг боловсруулах үйлдвэрийг төрийн өмчит компаниуддаа түшиглэж бариад өдөр хоногийг аргацаасаар суувал хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна, уул уурхайн салбараа хөгжүүлнэ гэж мянга яриад нэмэргүй. Цаг алдахын л нэмэр.
-Оюу толгойн хэлэлцээр хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Хэлэлцээрийн гол асуудлыг та юу гэж харж байна вэ?
-Оюу толгой дээр алдаа оноо аль аль нь бий. Зөв шийдлээ гаргаж ярьж байгаа эсэх нь л Оюу толгойн хамгийн том асуудал. Оюу толгойн том асуудал тодорхой шүү дээ. Бид эзэмшсэн хувийнхаа хэмжээгээр хүнээс мөнгө зээлээд Оюу толгой төсөлд хөрөнгө оруулсан. Зээлсэн учраас хүү энэ тэр гээд өчнөөн асуудал гарах нь тодорхой. Засгийн газар бүр анхнаас нь санхүүжилтээ өөрөө гаргасан бол маргаан үүсэхгүй байсан. Одоогийн нөхцөлийг харахад Засгийн газар “Бид санхүүжилтээ өөрсдөө босгоно” гэсэн байр суурь илэрхийлбэл өөр хэрэг. Эдийн засгийг чирч яваа том төсөлдөө хааж боох маягийн экстрим хандлага гаргахаас илүүтэй үүссэн өрийг дарах боломж, эзэмшсэн хувийнхаа хэмжээний мөнгийг өөрсдөө босгох зөв шийдлийн тухай яривал Монгол Улсад илүү тустай. Манай улсад бизнесийн эрх зүйн хэрэгжилтийн тогтолцоо алга гэсэн том зовлон бас байна.
-Бизнесийн эрх зүйн хэрэгжилтийн тогтолцоо алга гэдгээ тодруулж тайлбарлаач?
-Бизнесийн том төслийн тухайд УИХ, Засгийн газраас улс төрийн шийдвэр гарсны дараа яах ёстой вэ гэсэн асуулт тавигддаг. Төр засгаас шийдвэр гарч бизнесийн төсөл болоод явахдаа бизнесийнхээ агуулга, хууль эрх зүйн орчны хүрээнд хэрэгжиж байна уу гээд харахаар ихэнх тохиолдолд бид алдчихсан байдаг л даа. Жишээ нь, энэ сул маань мега төсөл дээр их тод анзаарагддаг. Энгийн логикоор бол мега төсөл өөрөө институци болж, өөрөө өөрийнхөө бизнесийг аваад явдаг тогтолцоог бий болгох ёстой. Гэтэл манайд асуудал ярихаар л Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаж нөгөө л хэдэн яамны дарга төлөөлөл нь ороод ирдэг. Тухайн төслийг хариуцаж байгаа компани энэ тохиолдолд жагсаалтын хамгийн хойно оччихдог. Ингэчихээр төрөөс хэт хамааралтай шийдвэр гарах магадлал өндөр болчихож байгаа юм.
-Нээрээ тийм шүүмжлэл сонсогддог шүү. Оюу толгойн хэлэлцээр дээр гэхэд л бүхэл бүтэн улсыг төлөөлсөн Засгийн газар нь нэг компанитай хэлэлцээрийн ширээний ард суучихдаг нь буруу гэсэн шүүмжлэл дуулддаг. Зүй нь “Эрдэнэс Оюу толгой” компани “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суухаар хэмжээний чадавхтай байх ёстой гэж хэлэх гээд байна аа даа, та?
-Тэгж ойлгож болно. “Эрдэнэс Оюу толгой” гэдэг компани яагаад өөр дээрээ инноваци, технологийн хэлтэсгүй байна вэ, яагаад хөрөнгө оруулалтын дүн шинжилгээ хийдэг, тооцоогоо баздаг хэлтэсгүй өнөөг хүрсэн бэ гэх мэт асуултыг яг өдийд бид өөрсдөдөө тавиад сууж байх ёстой. Зүй нь хөрөнгө оруулагч талтайгаа ижил тэнцүү хэмжээнд бүтэц нь томроод явах ёстой юм. Ингэж байж хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын байр суурь ижил хэмжээнд очиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөнө. Гэтэл манайд асуудлыг өөрөөр шийдээд өнөөг хүрчихсэн. Засгийн газар, яамд руу асуудлыг татчихдаг. Төрийн албан хаагчийн үндсэн тангараг, Төрийн албаны тухай хуулийн дагуу ажилладаг албан хаагчийн гаргах дүгнэлт, шийдвэр бол тэс өөр зүйл.Жам ёсоороо бол хувьцаа эзэмшигч, бизнесийн төслийн түвшинд, бүр тодруулж хэлбэл Компанийн хуулийн түвшинд судалгаа хийж, шийдлээ гаргах учиртай. Эцэст нь гаргасан шийдлээ Засгийн газарт танилцуулж батлуулах процесс өрнөх ёстой. Засгийн газар мега төслийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд, нийт ард түмнийг төлөөлж байгаагийнхаа тухайд алхаа цохих ёстой. Гэтэл Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах ажлын хэсгийг харахад Их хурал, Засгийн газрын гишүүд нь орчихсон, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орох нь холгүй бүтэц харагдах жишээний. Ийм ойлгомжгүй бүтэц хэлэлцээр хийхээр үр дүн гарах уу гэдэг асуулт яалт ч үгүй тавигдаад байгаа юм.
-Энэ асуудлыг шийдэх санаа шийдэл гэвэл та юуг онцлох вэ?
-Засгийн газар зарим эрхээ “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Таван толгой” гэх мэт компаниудад шилжүүлж өгөх хэрэгтэй. Та нар яг энэ асуудлаа аваад яв, өөрсдөө бие даагаад шийд гэчихвэл “Би шоронд орохгүйн тулд гарын үсэг зурахгүй” гэдэг асуудал хууль эрх зүйн хүрээнд алга болно.Тухайн компаниудын ТУЗ Засгийн газраас авсан мандатынхаа хүрээнд асуудлаа яриад бизнесийн агуулгаар нь шийдэх эрх хэмжээтэй болно гэсэн үг. Жишээ нь, өнөөдөр УОК коронавирустэй тэмцэхийн тулд ийм тийм тоног төхөөрөмж авах гэсэн юм, шийдээд өгөөч гээд засагт асуудал оруулж байна. Уг нь энэ асуудлыг шийдэх мэдэл нь Эрүүл мэндийн сайдад байх учиртай. Мега төслүүдийн хүрээнд харахад тухайн төслийг гардан хэрэгжүүлж яваа бизнесийн субьектүүдэд эрх мэдэл байхгүй учраас бүх асуудал нь Засгийн газраасаа хараат байна. Засгийн газраасаа хараат гэдэг нь Их хурлаасаа хараат байна гэсэн үг.
Их хурал бол ард түмний төлөөллөөс бүрдсэн улстөрчдөөс хараат байгууллага. Ингээд харахаар шийдвэр гаргах үйл явц хэлхээний гинжин холбоо уялдаа манайд оновчтой бус байна. Бизнесийн төсөл ярьж байгаа бол шийдвэр гаргах эрхийг нь бизнесийнх нь байгууллагад шилжүүлэх хэрэгтэй. Давтаад хэлэхэд, бизнесийн байгууллагынх нь ТУЗ рүү. Ийм өөрчлөлт хийгүйгээр өнөөгийн янзаараа явбал Засгийн газарт нэг ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа. Яг өнөөдрийн нөхцөлд Засгийн газрын төлөөлөл нэг талд гадаадын хөрөнгө оруулагчтай зэрэгцэж сууж юм ярьчихаад, нөгөө талд нь гадаад яамаараа дамжуулж дипломат бодлого ярьдаг. Өөрөөр хэлбэл Хятад, Австралийн компанийг дуудаж авчраад урдаа суулгаж загнаж загначихаад, “Гэрээг чинь цуцална” гэсэн том мэдэгдэл хийчихээд, өнөө улсуудын төр засгийн удирдлага, элчин сайд нартай ярихаараа “Манай улсад хөрөнгө оруулаарай, бид хөрөнгө оруулагчдаа дэмжиж байгаа” гэхээр хэнд ч итгэл төрөхгүй шүү дээ.