Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Монголд хуурамч шатахууны маргаан дэгдээсэн “Трафигура”-г НҮБ аюултай хог хаягдлын экспорт хийж, олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж байв

Хуваалцах:


Монголын нефтийн зах зээлд хий үзэгдэл шиг эргэлдэж, хуурамч шатахуун нийлүүлж, дотоодод хэрүүл зарга дэгдээж байгаа “Трафигура” хэмээх компанийн талаар манай редакци өмнө хөндсөн. Сингапурт төвтэй энэ компанийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол руу орж ирэх үүд хаалгыг нээж өгсөн гэдгийг эх сурвалжууд ч дэлгээд эхэлжээ.
Үнэн түүх нь бол Ц.Элбэгдорж, П.Цагаан нар уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түүхий эдийг ашиглан үйлдвэрлэл явуулахаар байгуулсан “Ачит эхт” компанидаа керосин авахын тулд “Трафигура”-г Монголд урин залсан аж.
Анх “Трафигура” Монголд 3000 орчим тонн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн керосин импортолж, зөвхөн Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын зэсийн үйлдвэр төдийг хангаж байсан бол 2020-2021 оны статистик мэдээгээр энэ тоо 1.5 сая тонн болтолоо өсөн нэмэгдсэн аж. Гэтэл манай дотоодын керосины жилийн хэрэглээ ердөө 3000 тонн. Тэгэхээр илүү гараад байгаа тэр их керосин хаашаа шингэдэг байх вэ?
Энэ илүүдэл керосин нефть, шатахууны зах зээл рүү шургаж, иргэд машин эвдрээд байна хэмээн уурсаж, шатахууныхан “хуурамч бүтээгдэхүүн бол биднийх биш” хэмээн тайлбарладаг болсон нь энэ. “Трафигура” төрийн байгууллагуудын амыг хаадаг тусдаа арга чаргатай байж магадгүй. Тиймдээ ч энэ талаар албан тушаалтнууд төдийлөн дуугардаггүй, дуугарахаас ч эмээдэг байж болох юм.
Бохир бизнесийн ард үргэлж авилга нуугдаж байдаг нь жам учраас өөрсдийгөө дэлхийн компани хэмээн сайрхаж буй “Трафигура”-гийн бөмбөрцөгт үлдээсэн түүхэн баримтыг шүүрдэж үзлээ.
“Трафигура”-ийн дэлхийд бүтээсэн таагүй архиваас…
Сингапурт төвтэй Trafigura Group Pte Ltd. “Трафигура”-гийн үндсэн бизнес бол газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, металлын биет худалдаа юм байна. Дэлхийн топ 10 нефть үйлдвэрлэгчид 20 мянга түүнээс дээш ажилтантай бол энэ компани 48 улсад салбартай 8619 ажилтантай гэж танилцуулгадаа бичдэг юм байна. Эндээс энэ компанийг дэлхийн топ нефьт олборлогчтой харьцуулах том биш, гэхдээ монголын импортлогчдын дэргэд арай дөнгүүр гэдгийг харж болно.
Трафигура бараан түүх ихтэй юм. Дэлхийн хэвлэлүүд үе үе тус компанийн заль мэх, авилга, эдийн засгийн гэмт хэрэг, улс орнуудад учруулсан хохирол, шийтгэлийг мэдээлдэг. Энэ оны зургадугаар сард энэ компани Аргентины аварга том шатдаг занарын газрын тосны худгийг хөгжүүлэхэд 75 сая долларын хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа зарлажээ. Занарын олборлолт нь амьд байгалийг устгаж, цөлжилт дагуулж, ойр орчмын оршин суугчдыг дайжихад хүргэдэг хөнөөл ихтэй бизнес.
Өнгөрсөн онд “Трафигура” шатахууны гэрээ байгуулахдаа залилан хийсэн хэрэгт буруутгагдан Хятадад баривчлагдсан Тянь гэгчийг бие даан батлан даалтад авч байжээ. Тянийг орон нутгийн шатахуун борлуулагч хооронд байгуулсан худалдааны гэрээ хэлцэлээс 32 сая доллар залилсан хэргээр баривчилж байсан гэж Ройтерс агентлаг дамжуулж байжээ.
Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард Бразилийн мөрдөн байцаагчид төрийн оролцоотой “Petrobras” газрын тос үйлдвэрлэгч компанийнхны авилгын хэрэгт холбогдуулан “Трафигура”-ийн гурван удирдлагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Мөрдлөгийн ажиллагаа тус компанийн Нефть трейдингийн тэргүүн Жозе Ларокка, үйл ажиллагаа хариуцсан захирал Майк Уэйнрайт нарыг хамарсан бөгөөд Бразилийн талаас явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон прокурорууд оролцож байсныг Reuters.com мэдээлж байжээ.
Үүнээс гадна Амстердамын шүүх “Трафигура” компанийн Швейцарь дахь төвийг Европын хогны экспортын хууль тогтоомжийг зөрчиж, Зааны ясан эрэгт аюултай хог хаягдлын экспорт хийсэн. Энэхүү ачааны хор уршиг, үхлийн шинж чанарыг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, нэг сая еврогийн торгуул оноож байжээ. Харин НҮБ энэ хэргийн талаар өөрийн тайландаа Зааны ясан эргийн 14  хүний аминд хүрч, олон мянган хүнийг хордуулсан тухай тэмдэглэсэн байна. 
Харин монголд бол “Трафигура”-г Африкийн буурай хөгжилтэй улсуудад нийлүүлдэг хуурамч шатахууны тогтолцоогоо Монгол Улсад нэвтрүүлсэн. Онцгой албан татварын хуулийг лообийдон царцааж, төсвийн орлого иргэдийн автомашинд хохирол учруулсан хэрэгт дөнгөж буруутгаж эхлээд байна.
Гүрэн дамнаад авилгын хэрэгт шалгагдаж, нефтийн хог хаягдлаа нууж хаагаад олон хүний аминд хүрчихсэн хар түүхтэй “Трафигура” компанийн Монголд учруулсан балагийг тооцоход эрт байна. Нэг ард түмний эрх ашгийг ашиг хонжооноосоо дорд үздэг энэ мэт компанийг илүү хор хөнөөл учруулаагүй дээр нь дотоодод шалгалтын ажлыг эхлүүлэх цаг болжээ.
Д.ЖАРГАЛАН
скачать dle 12.0