Эдийн засаг:
Дэлхий нийтээр цар тахалтай өнгөрүүлсэн хоёр дахь жилээ угтах гэж байна. Энэ хугацаанд COVID-19 цар тахлаар дэлхийн 223 сая хүн халдварлаж, 4.6 сая хүн амиа алдлаа. Үүнээс 41.3 сая иргэн халдвар авч, 671 мянга гаруй иргэнээ алдсан үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт жагсаж байна. Вакцинжуулалтын хурдаараа тус улс тэргүүлж байгаа ч халдвар болоод нас баралтын тоо буурсангүй. Тиймээс энэ удаа АНУ-д COVID-19 халдварын нөхцөл байдал ямар байгааг тоймлон хүргэж байна.
Нийт халдварын дөрөвний нэгийг хүүхэд эзэлжээ
Америкийн хэмжээнд долоо хоногт бүртгэгдэж байгаа нийт халдварын дөрөвний нэг буюу 27 хувийг хүүхдүүд эзэлж байгааг Америкийн хүүхдийн эмнэлгийн академиас (AAP) мягмар гарагт зарлав. Тус улсад сургуулиуд хичээлийн шинэ жилээ эхлүүлэхээр хуралдаж байгаа үед дээрх мэдээллийг танилцууллаа. Тиймээс хүүхдүүдээ танхимаар хичээллүүлэхийн тулд насанд хүрэгчид вакциндаа идэвхтэй хамрагдах ёстойг шинжээчид зөвлөв.
Тухайлбал, АНУ-ын халдварт өвчний тэргүүлэх зөвлөх, доктор Энтони Фаучи “Хэрэв бид хүүхдүүдээ халдвараас сэргийлэхийг хүсч байгаа бол тэдний эргэн тойрны багш, сургуулийн ажилтан, гэр бүл, хамаатан садан гэсэн бүх насанд хүрсэн хүн вакциндаа хамрагдсан байх ёстой. Учир нь хүүхдүүд хараахан вакцинжуулалтдаа хамрагдаагүй байгаа” гэлээ.
Америкт өнгөрсөн долоо хоногт 251781 хүүхэд халдвар авчээ. Энэ нь долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн 940 мянга орчим халдварын дөрөвний нэгээс илүү хувийг эзэлж байна. Үүнээс хоёрхон долоо хоногийн өмнө долоо хоногт бүртгэгдсэн халдварын 22 хувийг хүүхдүүд эзэлж байсан билээ. Хүүхдүүдийн дунд халдвар тархах нь зуны эхэн үеэр буурч байсан ч дахин өсч наймдугаар сарын 5-наас есдүгээр сарын 2-ны хооронд 750 мянгаар нэмэгдсэн талаар Хүүхдийн эмнэлгийн академийн судалгаанд дурджээ. Хэдийгээр хүүхдүүд халдвар авах нь ихэссэн ч хүндэрсэн тохиолдол хараахан бүртгэгдээгүй байна.Энэ талаар Хүүхдийн эмнэлгийн академийн мэдэгдэлд “COVID-19 халдвар хүүхдүүдэд урт хугацаанд ямар нөлөө үзүүлж байгаа талаарх судалгаа хийх шаардлагатай. Тухайлбал, халдвар авсан хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, бие физиологид коронавирус ямар өөрчлөлт авчрахыг судлах ёстой” гэжээ. АНУ-д халдвар тархаж эхэлснээс хойш таван сая гаруй хүүхэд халдвар авсан нь нийт тохиолдлын 15 хувийг эзэлжээ.
Олон системт үрэвслийн синдромоор нас барах нь 10 хувиар нэмэгдэв
Гэхдээ халдвар авсан хүүхдүүдэд илрэх COVID-19-ийн олон системийн үрэвсэлт хам шинжийн тоо нэмэгдсэнийг Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. Хүүхдийн олон системт үрэвслийн синдром буюу MIS-C нь хүүхдэд үзүүлэх коронавирусын хамгийн чухал үр нөлөө юм. Энэ синдром нь халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа хүүхдүүдэд илэрчээ. Ингэхдээ шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүүхдүүдэд ч энэ хам шинж илэрсэн байна.
Тодруулбал, АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр наймдугаар сарын 22-ноос хүүхдийн халдварын тоо зургаан хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд 41 хүүхэд олон системт үрэвслийн синдромын улмаас амиа алдсан нь сарын өмнөх үеэс 10 хувиар өсч оргилдоо хүрээд байгаа юм.
Ийн хүүхдүүдийн халдварын тоо эрс нэмэгдэж байгаа, сургуулиудын дөрөвний нэг сувилагчгүй үед сургууль, цэцэрлэг хичээллэж эхлэхэд эцэг эхчүүд санаа зовниж байна. Тиймээс Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 750 сурагч тутамд нэг сувилагч бүтэн цагаар ажиллуулахыг сургуулиудад зөвлөжээ. Сувилагч нарын ажиллах хүчний хамгийн сүүлийн үндэсний судалгаагаар 2018 онд сургуулиудын 39 хувь нь бүтэн цагийн сувилагчтай, 35 хувь нь хагас цагийн сувилагчтай, 25 хувь нь сургуулийн сувилагчгүй байжээ. Судлаачдын үзэж байгаагаар жилээс жилд үндэсний хэмжээнд сувилагчдын хомсдолд орж байгаа бөгөөд цар тахлын нөлөөгөөр энэ чухал асуудлыг бүх нийтээр анзаарсан байна. Ингэхдээ алслагдсан мужийн сургуулиудын 23 хувь, хотын төвийн сургуулийн 10 хувь нь сувилагчгүй байсныг судалгаагаар харуулжээ.
Энэ талаар Хүүхдийн үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, хүүхдийн сувилагч Лаура Сирси “Хамгийн гол асуудал нь санхүүжилт байдаг. Алслагдсан муж, дүүргийн сургуулиудын санхүүжилт уялдаа холбоогүй, татварын бааз хангалтгүй байгаа нь сувилагч нарыг ажиллуулахад саад болж байна. Эдгээр алслагдсан мужуудад хүүхдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ч мөн дутагдах магадлалтай” гэж ярьжээ.
Дельтагийн улмаас тархалт 12 дахин нэмэгдэв
Америкт дельта хувилбар тархаж эхэлснээс хойш халдварын тохиолдол эрс нэмэгдсэн юм. Дельта хувилбарын тархалт нь өнгөрсөн жилийн халдварын тархацаас гурав дахин өндөр байна. Тодруулбал, өдөрт бүртгэгдэх халдварын тоо дельтагийн нөлөөгөөр зуны эхэн үеэс 12 дахин нэмэгджээ. Жон Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр өдөрт 11 мянга гаруй халдвар бүртгэгдэж байсан Америкийн тархалт зургадугаар сарын 22-ноос эрчимтэй нэмэгдэж эхэлжээ. Үүний улмаас эмнэлгүүдийн ор дүүрсэн төдийгүй хүүхдүүдийн халдвар нэмэгдсэн юм. Даваа гарагийн байдлаар тус улсад 100 мянга орчим иргэн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдийг аялж, зугаалах, вакцинд хамрагдсан хүмүүтэй уулзахгүй байхыг Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн доктор Рошелл Валенский зөвлөжээ.
Америкт даваа гарагийн байдлаарх долоо хоногийн дундаж халдварын тоо 137270 байсан бол өнгөрсөн жил энэ тоо 40 мянга орчим байсан гэж Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Нас баралт болон хүндрэл ч өссөнийг Фаучи анхааруулав. Тэрбээр “Манай улсад 75 сая хүн вакциндаа хамрагдаагүй байна. Хэрэв эдгээр хүмүүсийн ихэнх нь вакциндаа хамрагдчихвал намрын сэрүүн цаг агаар эхлэхээс өмнө тархалтыг хумьж чадна” гэв.
Нэмэлт тунгийн вакцинжуулалтыг энэ сарын 20-нд эхлүүлнэ
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Жо Байден дараагийн арга хэмжээгээ хэрэгжүүлнэ гэдгийг түүний ойрын эх сурвалж “CNN”-д мэдээлжээ. Үүнд сургуулид, хувийн компани болон бусад аж ахуй нэгжид тавих шаардлагатай холбоотой журмууд багтсан гэв.
Дельта хувилбараас үүдэн тус улс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг шинжээчид зөвлөсөн. Гэвч тус улсын хүн амын 53 хувь нь буюу зорилтот бүлгийн 62 хувь бүрэн тундаа хамрагдсан ч 10 сая орчим эмзэг бүлгийн вакцингүй хүн байгаа юм. Америкийн өдрийн дундаж нас баралт 1500 орчим байгаа нь буурсан үзүүлэлттэй ч долдугаар сарын 05-ны 218 хүн нас барсантай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тус улсад нийт 40 сая гаруй тохиолдол бүртгэгдсэний дөрвөн гаруй сая нь дөрвөн долоо хоногийн дотор батлагджээ. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн нэмэлт тунд иргэдээ хамруулахаа Америкийн Хүнс, эмийн захиргаа зарлаад байгаа юм. Эхний долоо хоногт гэхэд 5.2 сая хүнийг нэмэлт тунд хамруулах боломжтойг CDC мэдэгджээ. Учир нь нэгдүгээр сарын 20-нд бүрэн тундаа хамрагдсан 3.4 сая америк иргэн найман сарын дараа буюу есдүгээр сарын 20-нд нэмэлт тунгаа тариулах эрхтэй болох юм. Ингэхдээ нэмэлт тунд өөр вакцин тариулж болох эсэхийг судалж байна. Америкийн тухайд гуравдугаар тундаа Pfizer, Moderna гэсэн вакциныг хольж тарихаар болжээ.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18