PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийн тоо 28,195 болж буурсан үзүүлэлт гарсан. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 6,554 болсон бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бол, тусгаарлах байранд 350 ор дэлгэн эмчилгээ хийж байна.
COVID-19 халдварын шалтгаант нас баралт 39 дэх долоо хоногт 10 байсан бол, 40 дэх долоо хоногт долоо болж буурлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор хүнд болон нэн хүнд хүмүүс нэмэгдэж байна. Хөнгөн оноштой ч цаашид эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо эмнэлэгт байгаа иргэдийн 18 хувийг эзэлж байгаа” гэв.
Үргэжлүүлэн “Вакцинжуулалт 35-39 дэх долоо хоногт тогтвортой байсан. Вакцинжуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар эрсдэлээс хамгаалах хувь нэмэгдэнэ гэдгийг дахин хэлье. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх эрчимжүүлсэн төлөвлөгөө гарсан. Үүний дагуу НЭМГ-аас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, явуулын баг ажиллуулах арга хэмжээг авч байгаа.
Коронавирусийн халдвартай зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлтийн үе ирсэн. Үүнээс сэргийлж томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийж байна. Өнөөдрийн байдлаар 2-11 насны хамрагдвал зохих 163,620 хүүхдээс 97.5 хувь, жирэмсэн эхчүүдийн 93.3 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Мөн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас хийж эхэлсэн. Сүүлийн долоо хоногт нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт идэвхжиж байгаа нь сайн үзүүлэлт юм. Бид оюутнуудыг дархлаажуулахын тулд оюутны дотуур байранд явуулын баг ажиллуулж байгаа. Нийт найман сургуулийн 3,635 оюутныг хамруулахаас 51.6 хувийг нь хамруулаад байна.
Нийслэлийн хэмжээнд суурин 49, явуулын 21 цэгт 80 багийн 303 эмч, ажилтан ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс зөвхөн Ням гарагт амарна. Тиймээс иргэд та бүхэн өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой. Бид мөн олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалтад хамруулж байна” гэсэн юм.
Эх сурвалж: НЭМГ