Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн салбараас төрсөн “Олигархи” буюу Б.Бямбадоржийн овлигогүй үйлдлүүд-III

Хуваалцах:


-ЭМД-ын сангаас "Шинонмед" эмнэлэгт нэг тэрбум 367 сая 550 мянган төгрөг олгожээ-
Төрийн албан тушаалтнууд албаны эрх мэдлээ олон нийтийн эрх ашгийн төлөө гэхээс илүүтэй өөрийн гэр бүл, ах дүү, нутаг ус, ангийн найз нөхдийн төлөө урвуулан ашиглаж байгаа явдлыг “Төрийн эрх мэдлийг төрийн албан хаагч өөрийн ашиг сонирхолд урвуулан ашиглах” хэмээн нэрлэдэг. Ард олны дунд бол “Ар өврийн хаалга” хуульд бол “Ашиг сонирхлын зөрчил” хэмээн ярьдаг.
Тэгвэл нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийн хувьд эрхэлсэн ажилтай нь эрх ашгийн зөрчил үүссэн хэмээн хардаж болох ноцтой баримт бидэнд олдоод байна.
Түүний хувьд нийслэл хотын эрүүл мэндийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийг ахалж яваа хүн. Нэг үгээр хэлбэл, төрийн тэр тусмаа эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаалтан юм. Тиймээс ч ард олны өмнө үүрэх хариуцлага өндөр, хийж хэрэгжүүлж буй ажил нь ил тод байх ёстой төрийн түшмэл гэж ойлгоно гэсэн үг. Гэвч Б.Бямбадорж нь төрийн өндөр албан тушаалын үндсэн чиг үүргийг умартаж, баримтлах зарчим, мөрдөх ёс зүйгээ уландаа гишгэжээ. Үүнийг гэрчлэх хамгийн том жишээ бол өөрийн хувийн эмнэлэг болох “Шинонмед” эмнэлэгтээ ковидын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх орны тусгай зөвшөөрөл авсан байж болох баримт олдоод байна.

Энэ талаар баттай эх сурвалж “Б.Бямбадоржийн “Эрин” нэртэй эмнэлэг нь өдгөө “Шинонмед” нэртэй болсон. Одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж байгаа ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрлийг дээрх эмнэлэгтээ гаргуулж ажиллаж байна. Тус эмнэлэг нь 60 ортой. Эмнэлгийнх нь ор дүүрэхээр зочид буудалд орны тусгай зөвшөөрөл авч, ор нэмж ажиллуулаад байгаа. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ор дэлгэх зөвшөөрөл бүхий эмнэлгүүдийн нэрийг ч гаргасан байдаг” гэв. Мөн мэдээллийн нэгэн эх сурвалжид “Нөхөр нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, эхнэр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, эрүүл мэндийн асуудал хариуцдаг. Хоёул төрийн хариуцлагатай албанд томилогдсон тэд Баянзүрх дүүргийн хэмжээнд ковидын тусламж үйлчилгээнд албан ёсоор хамрагдаж, ор дэлгэх тусгай зөвшөөрөлтэй эмнэлгүүдийн дунд өөрсдийн хувийн эмнэлгээ багтаасан нь ашиг сонирхлын зөрчил гэхээс өөр юу гэж тайлбарлах вэ” хэмээн бичжээ.

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс “Шинонмед” эмнэлгийн лавлахтай холбогдож дараах мэдээллийг авсан юм. Тус эмнэлгийн лавлах утасны ажилтан “Цаанаас ирсэн нэрсийн дагуу иргэдийг хэвтүүлж байгаа. Манай эмнэлгийн ор одоогоор дүүрсэн. Онцгой комиссоос явуулсан хүмүүсийн нэрсийн дагуу иргэдийг эмнэлэгт хэвтүүлж байна. Өртөг үнийн тухайд иргэдээс мөнгө авахгүй. Улсаас санхүүжиж байгаа” гэсэн юм.
Манай сонинд эх сурвалжаас ирүүлсэн мэдээлэл буюу “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа ковидын тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн жагсаалтад “Шинонмед” эмнэлэг багтсан” гэдэг нь ийнхүү батлагдаад байгаа юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн болон улсын маш олон эмнэлэг бий. Тэр тусмаа хувийн эмнэлгүүдийн дунд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжигдэж буй ковидын тусламж үйлчилгээ үзүүлэх орны тусгай зөвшөөрлийн тендерт шалгараад ажиллачих сонирхол буй. Мэдээж эдийн засгийн хөшүүрэг талаас нь бодоод үзсэн ч ойлгомжтой. Та бод доо.

ЭМД-ын сангаас “КОВИД-19”-ийн тусламж, үйлчилгээнд олгосон санхүүжилтийн мэдээллийг ЭМЯ-наас өнгөрөгч есдүгээр сарын 24-ний байдлаар танилцуулсан. Уг статистик мэдээллээр тус сангаас нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн 1141 байгууллагад 193 тэрбум 304 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байгаа аж. Энэ дундаас “Шинонмед” эмнэлэгт нэг тэрбум 367 сая 550 мянган төгрөгийг олгосон тухай тайлан мэдээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна. Төрийн өндөр албан тушаалтан хүн өөрийн хувийн эмнэлэгтээ тендер авч, тэрбумаар яригдах их хэмжээний мөнгийг ЭМД-ын сангаас гаргуулан авсан нь Б.Бямбадоржийн ашиг сонирхлын зөрчил хэрээс хэтэрсэн болохыг харуулах хамгийн ноцтой баримт биш гэж үү. Монгол төрийн бодлого авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, иргэддээ алагчлалгүй тэгш шударгаар хандаж, чанартай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэхэд орших учиртай. Харамсалтай нь, Б.Бямбадорж мэтийн нөхдүүд төрийн өндөр албан тушаалд заларчихаад амин хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж, ард олны боломжийг булааж байж болзошгүй үйлдлийг Төрийн албаны зөвлөл төдийгүй хууль хяналтынхан анхааралдаа авах цаг нь болжээ.
“Эрин” эмнэлэг “Шинонмед” болсон нь...
 
Б.Бямбадорж Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байх хугацаандаа “Эрин” нэртэй эмнэлгээ үүсгэн байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, түүнийг ийм эмнэлэгтэй гэдгийг хамт ажиллаж явсан нөхдүүд болон салбарынхан нь анддаггүй. Тэгвэл өнөөдөр “Эрин” эмнэлэг гэж байхгүй болжээ. Харин нэрээ сольж, “Шинонмед” нэртэй болсон байна.
Баянзүрх дүүрэг олны мэддэгээр "Бөхийн өргөө"-ний урд байрлах тус эмнэлгийн албан ёсны вэб хуудсанд “Манай эмнэлэг 2001 оны долоодугаар сард "ТУЙПЛИН ШИНЭ ЗУУНЫ" эмнэлэг нэртэйгээр дотрын чиглэлээр хэвтүүлэн эмчлэх 10 ортойгоор байгуулагдсан Монгол Улсын анхны хувийн эмнэлгүүдийн нэг юм. Тус эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа бөөрний эмнэлэг гэж салбартаа олонд танигдсан. 2007 оноос Эрин эмнэлэг нэртэйгээр 20 ортойгоор, 2012 оноос 60 ортойгоор үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж ирсэн. 2019 оноос Шинонмед эмнэлэг нэртэй болон Энэтхэг, Япон улстай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Манай хамт олон 2006 онд Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж 2010, 2012, 2015, 2018 онуудад магадлан итгэмжлэлийн эрхээ сунгуулан ажиллаж байна. Мөн тус эмнэлэг нь элстэйн сувиллыг 2003 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Зуун модны өвөрт 90 ортойгоор нээж, элсэн эмчилгээ, цагаан гүүний саам, бариа засал физик эмчилгээ зэрэг тусламж үйлчилгээг зуны улиралд үзүүлж ирсэн” хэмээн танилцуулжээ.

Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0