Мэдээ мэдээлэл

Шинээр нээж буй Дөрөвдүгээр эмнэлэг Тайванийн Ци Жи эмнэлэгтэй хамтран ажиллана

Хуваалцах:

Монгол Улсад шинээр байгуулж буй томоохон хэмжээний хувийн эмнэлэг болох Дөрөвдүгээр эмнэлэг /Fourth Hospital/ болон Тайванийн Тайпэй Ци Жи эмнэлэг 2021 оны 10-р сарын 21-нд цахим уулзалт хийх үеэрээ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь хоёр тал долоодугаар сарын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай туршлага хуваалцах цахим хэлэлцүүлэг хамтран зохион байгуулснаас хойш түншлэлийг гүнзгийрүүлэх гол алхам болж байгаа юм. Мөн Тайвань болон Монголын хувийн эмнэлгүүдийн солилцоо, хамтын ажиллагааны чухал үе шат болж байна.

Дөрөвдүгээр эмнэлэг 310 орчим ортой үйл ажиллагаа явуулах бөгөөд ирэх 2022 онд ашиглалтад орсны дараа Монгол Улсын хамгийн том хувийн эмнэлэг болох төлөвтэй байна. Одоогийн байдлаар тус эмнэлэг Монгол Улсаас цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд хувь нэмрээ оруулах үүднээс эмнэлгийн барилгын зарим давхруудыг нээж, “COVID-19” халдвартай хүний хавьтлуудыг тусгаарлахад туслан дэмжиж байна.

Тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал,“Ци Жи эмнэлэг бол Дөрөвдүгээр эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан анхны гадаад эмнэлэг юм. Хоёр талын хамтын ажиллагаа нь Монгол Улсын эмнэлгийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, улмаар олон Монгол хүн Тайвань, БНСУ-д үйлчлүүлдэг чанартай эмнэлгийн үйлчилгээг гадаад руу явахгүйгээр эх орондоо авах боломжтой болно гэдэгт найдаж байна” гэв.

Буддын шашны Ци Жи анагаах ухааны сан нь Тайваньд долоон том эмнэлэгтэй бөгөөд тэдний нэг нь 2005 онд байгуулсан Тайпэй Ци Жи эмнэлэг юм. Тус эмнэлэг одоогоор 1000 орчим ортой бөгөөд Ухань хотоос гаралтай уушгины хатгалгааг эмчлэх арвин туршлагатай аж.

Тайпэй Ци Жи эмнэлгийн захирал Жао Ёв Чэн хэлэхдээ,“Манай эмнэлэг эмчилгээ, боловсон хүчний сургалт, судалгаа хийхээс гадна зүрх, элэг, бөөр, нүдний эвэрлэг бүрхүүл зэрэг эрхтэнийг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Мөн эдийн засгийн хувьд хүндрэлтэй өвчтөний эмчилгээнд онцгой анхаарал хандуулдаг ба Дөрөвдүгээр эмнэлэгтэй туршлага, мэдлэг, технологи солилцоход бэлэн байна. Ингэснээр хоёр эмнэлгийн чухалчлан үздэг өвчтөнүүдэд хамгийн сайн тусламж үйлчилгээг адилхан үзүүлэх боломжтой болно” гэв.
скачать dle 12.0