Эдийн засаг:
Япон улсаас Монголд үзүүлж буй ХАЁТ буюу Хөгжлийн албан ёсны тусламж 40-өөд жилийн өмнөөс эхэлж бүх салбарыг хамарч иржээ. Анх “Говь” ноолуурын үйлдвэрээр эхэлсэн буцалтгүй тусламж үргэлжилсээр энэ оны гуравдугаар сарын байдлаар нийт санхүүжилтийн өртөг 326 тэрбум 765 иенд хүрээд байна. Япон улс ингэж монголчуудад тууштай дэмжлэг үзүүлж ирсний багагүй чухал хэсэг нь усны салбарт чиглэсэн байдаг.
Мэргэжлийн хүмүүсийн хэлдгээр 1990-ээд оны дундаас материаллаг бааз суурь хомсдож байсан үед Японы Засгийн газар усан хангамжийг сайжруулахад анхаарч эх үүсвэрийг шинэчлэх судалгааны ажлыг 1996-2000 он хүртэл хийсэн байна.
Харин 2001 оноос төслүүдээ эхлүүлж хотын хүн амын 40 хувийг усаар хангах Төвийн эх үүсвэрийн станцын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл 1997-2000 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 22 сая ам.доллараар хэрэгжсэний дүнд 20 гүний худаг барьж, хуучин 21 худгийг шинэчлэхээр цөөнгүй ажлыг хийсэн байдаг. Мөн төслийг үргэлжлүүлж 2004-2006 онд 15 сая ам.долларын санхүүжилтээр тоног төхөөрөмж, барилга байгууламжийг шинэчилсэн бол хамгийн сүүлд буюу 2011-2014 онд Гачууртын усан хангамжийн эх үүсвэрийг шинэчилж, хүчин чадлыг өргөтгөсөн юм. Гурван тэрбум 305 сая иенийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүнтэй өчигдөр Японы ЭСЯ болон УСУГ-ын холбогдох албаныхан танилцлаа.
ГЭР ХОРООЛЛЫН 390 МЯНГА, ОРОН СУУЦНЫ 43500 ОРШИН СУУГЧИЙГ АЮУЛГҮЙ УСААР ХАНГАЖ БАЙНА
Хотын зүүн хэсэгт 26.2 км-т Баянзүрх дүүргийн XX хороонд байрлах Гачуурт эх үүсвэр төслийг нийслэлийн иргэд, тэр дундаа гэр хорооллын оршин суугчдын усан хангамжийг нэмэгдүүлэх, шаардлагатай усны хэрэгцээг бүрэн хангаж амьдрах орчныг сайжруулах зорилгоор хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд Дарь-Эх, Дамбадаржаа, Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн 1000, Толгойт, Баянхошуу гэсэн гэр хорооллын хэсэг төвлөрсөн шугам сүлжээнд холбогдохоос гадна эдгээр байршилд ойрхон байгаа айл өрх, аж ахуйн нэгжүүд ч 24 цагаар ус авах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өдөрт 25200 мкуб усаар хангах хүчин чадал бүхий усны эх үүсвэрийг шинээр барьснаар УСУГ-ын усан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, гэр хорооллын 390 мянган иргэн, орон сууцны 43500 оршин суугчийг цэвэр, аюулгүй усаар хангаж байгаа юм.
Төслийн хүрээнд Гачууртын Туул голын ай сав хэсэгт гүний худаг барьж, худгаас татсан усаа Гачуурт тосгонд барих усан санд хуримтлуулж, магистраль шугамаар Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сан руу дамжуулах, инженерийн байгууламжийг барьжээ. Мөн 21 гүний худаг, хлоржуулалтын систем бүхий удирдлагын төв зэрэг инженерийн гол байгууламжийг шинээр барьж, Гачууртын усан сан болон Зүүн хойд бүсийн усан санг холбосон Японд үйлдвэрлэсэн шилээр хүчитгэсэн нийлмэл хоолой бүхий 18.8 км магистраль шугам, 7.1 км дамжуулах болон цуглуулах шугамыг тавьсантай сэтгүүлчдийг танилцуулсан юм. Түүнчлэн Гачууртын усан санд хуримтлагдсан ус Зүүн хойд бүсийн усан сан руу өөрийн урсацаар орох учраас цахилгаан хэмнэхээс гадна магистраль шугамд Япон улсад үйлдвэрлэсэн FRPM тусгай хоолой, дамжуулах болон цуглуулах шугамд тусгай зуурмагаар доторлосон ширмэн хоолойг ашигласан нь чанарын баталгааг хангаж байгааг албаныхан хэллээ. Төслийн үеэр Япон мэргэжилтэн, инженерүүд Монгол инженер техникийн ажилтнуудад шинэлэг арга технологийг заасан байна. Ийнхүү өмнө нь дөрвөн эх үүсвэртэй байсан бол долоо болж нэмэгдсэнээр Улаанбаатар хотын хүн амын 10 хувийг усаар хангаж байгаа аж. Төслийн талаар УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү “Төслийн үр дүнд хотын усан хангамжийн эх үүсвэр найдвартай боллоо. 24 цаг тасралтгүй ажиллахаас гадна тоног төхөөрөмжийг шинэчилсэн. 2001 онд суурилуулсан насос 20-оод жил ямар ч асуудалгүй ажиллаж байна. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд их болсноос гадна хүн амын усны зохистой хэрэглээ тулгамдсан асуудлын нэг болж байна. Тухайлбал, гэр хорооллын иргэд хоногт 7.8 литр, орон сууцных 140 литр ус хэрэглэж байна. Тиймээс хотын баруун хэсгийн усан хангамжийг сайжруулахад энэ станц томоохон үүрэг гүйцэтгэнэ. Станц одоогийн байдлаар бүрэн хүчин чадлынхаа 30-40 орчим хувийг ашиглаж байгаа. Хотыг баруун тийш нь хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу татаж буй транзит шугамын ажил дуусахаар бүрэн хүчин чадлаар ажиллана.
Усны шугам хоолойг Монголд ихэвчлэн төмөр, ган шугам, хуванцраар хийдэг бол Гачуурт төслийнхийг ундны усны аюулгүй байдал, шугам сүлжээнд зэв үүсэхээс сэргийлсэн Японы сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох шилээр хүчитгэсэн шугамаар хийсэн. Мөн 20 метрийн гүнээс усаа татаж нянгийн бохирдлыг устгах зэрэг аюулгүй байдлын халдваргүйжүүлэлтийг хлориор хийдэг” гэлээ.
ЯПОН ХӨГЖЛИЙН ТУСЛАМЖАА ХУВИЙН ХЭВШИЛ РҮҮ ЧИГЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Японы Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх, бүх хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох, Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлд Хөгжлийн албан ёсны тусламжаа чиглүүлж байгаа юм. Тэгвэл Монголд үзүүлж буй буцалтгүй тусламж, иений хөнгөлөлттэй зээлээ цаашид хэд хэдэн чиглэлд хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа аж.
Японы Засгийн газар буцалтгүй тусламж үзүүлэхдээ Дэлхийн банкнаас тогтоосон “IDA” стандартыг мөрддөг. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг эрчимтэй өссөнөөр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ дээрх стандартын тогтоосон хэмжээг давсан байна. Тиймээс цаашид манайд үзүүлэх эдийн засгийн тусламжийн нэг болох буцалтгүй тусламжийн хэмжээ багасах хандлагатай байгаа аж. Харин бага хүүтэй, урт хугацаатай иенийн хөнгөлөлттэй зээлийг голчлон үзүүлэх талаар Японы ЭСЯ-наас мэдээллээ. Мөн Япон улс Монголд Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтрах сонирхолтой байгаа гэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56