АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хүний наймаатай холбоотой төлөв байдлын тайланг гаргажээ. Тайланд Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байна гэжээ.
Тодруулбал, Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолооч нарын паспортыг ажил олгогчид нь тохирсон ёсоор тээврийн хэрэгслийн барьцаа болгон хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын турш нойргүй шахам ачааны машины цуваанд даарч хөрөн, наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байнгын хүлээлтэнд зогсдог байна.
Хүргэлт хоцроход хятад ажил олгогч, үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир орлогын ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Хил дээр саатсан, ажлын нөхцөл муугаас болж гэмтэж бэртсэн, амь насаа алдсан нүүрс тээвэрлэгчдийн ар гэрийнхэн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болж мөн бэлгийн мөлжлөгт өртөх магадлалтай.
Хүний наймаачид охид, эмэгтэйчүүдийг уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хот, Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеийг нь үнэлүүлдэг. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бичил уурхайтай холбоотойгоор бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдүүд албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна гэжээ.
Мөн мэдээлэлд "Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хохирогчдыг мөлжиж, мөн хилийн чанадад монголчуудыг мөлжлөгт оруулж байна. Гэмт этгээдүүд албадан хөдөлмөр эрхлэлт болон бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон гадаад иргэдийг Монгол Улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу худалдаалдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхээр Хятад, Энэтхэг, Казакстан, Норвеги, Швед, Турк болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Филлипин, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монголд дотооддоо худалдаж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөр зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу бүс нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монгол хохирогчдыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгоход хүргэж, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Энэхүү эмзэг байдал нь төрийн зүгээс цар тахлын үед тогтоосон хөл хорионы үед илүү өссөн мэдээлэл байна. Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа хаагдсантай холбоотойгоор хувийн орон байранд нууцаар бэлгийн мөлжлөг үйлдэгдэх явдал өсөж, ингэхдээ мөн нийгмийн сүлжээгээр худал цуурхал, мэдээ цацаж айлган сүрдүүлэх арга хэрэглэх болсон тухай мэдээлэл байна.
Охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, бар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын хүлцэнгүй хандлагын дор бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхгүйн тулд гадуурхах нийгмийн жигшил өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Цар тахлын улмаас монголын нийгэмд эмэгтэйчүүд болон албан бус салбарт ажиллаж буй хүмүүсийн дунд ажилгүйдэл онцгойлон их болсон тул бэлгийн мөлжлөг болон хүчээр хөдөлмөр эрхлэлтэнд өртөх магадлал өндөр байна. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал буурахгүй байна” гэхчлэн бичсэн байна.