Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Дархлаа султай хүмүүст “Фрайзер”, “Модерна” үр дүн муутай байна

Хуваалцах:

Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгүүд КОВИД-19-ийн  вакциныг  дархлаа суларсан үедээ эсвэл дархлаа муутай хүн  хийлгэсэн тохиолдолд үр дүн муутай байгаа талаар мэдэгджээ. Дэлхийн улс орнуудын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) өвчлөл, нас баралтын долоо хоног тутмын тайланд нийтлэгдсэн судалгаагаар дархлаа султай 20,101 хүнд мРНХ -д суурилсан “Фрайзер” болон “Модерна” вакцин хэрхэн нөлөөлж буйг судалж үзжээ. Үүнээс 10,564 хүн нь бүрэн вакцинд хамрагдсан байна.

Судлаачдын тогтоосноор КОВИД-19-ийн  мРНХ-д суурилсан вакцин нь лабораториор батлагдсан тохиолдлын эсрэг дархлал хомсдолтой өвчтөнүүдэд 77, ердийн дархлааны системтэй хүмүүсийн хувьд 90 хувийн  үр дүнтэй байсан. Гэхдээ дархлаа султай хүн бүрт 77 хувийн үр дүн үзүүлдэггүй нь саяхны судалгаагаар батлагдсан байна. Тодруулбал, дархлаа суларсан өвчтөнүүдэд вакцины үр нөлөө харилцан адилгүй байгаа аж.

Тухайлбал, эрхтэн, үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүмүүс вакцин хийлгэсэн тохиолдолд халдвараас хамгаалах магадлал 59, ревматоид артрит гэх мэт хэрх, үрэвсэлт өвчтэй хүмүүс 81 хувийн хамгаалалт тогтоож байжээ. Вандербилтийн их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн, профессор Уильям Шаффнер "Энэ удаагийн судалгаа нь чухал боловч гайхмаар зүйл биш" хэмээжээ.

Харин Жонс Хопкинсийн эрүүл мэндийн аюулгүй байдлын төвийн ахлах эрдэмтэн, халдварт өвчний шинжээч Амеш А. "Дархлаа суларсан хүмүүст ямар ч эм бэлдмэл төдийлөн сайн нөлөө үзүүлдэггүй. Гэхдээ бидэнд  вакцинаас өөр оновчтой хамгаалалт алга" хэмээсэн байна. ХДХВ/ДОХ, хорт хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг дархлааны системд нь нөлөөлдөг удамшлын өвчтэй өвчтөнүүд болон суурь өвчтэй хүмүүс хамгийн их дархлаа султай байдаг аж.

Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс дархлааны систем суларсан хүмүүст мРНХ вакцины III тунг II тунгаас хойш дор хаяж 28 хоногийн дараа хийлгэхийг зөвлөж байна. Дархлаа суларсан зарим хүмүүс бусдын адил вакцин хийлгэсний дараа дархлаа нь үргэлж ижил түвшинд байдаггүй бөгөөд КОВИД-19-өөс зохих хамгаалалтыг хангахын тулд нэмэлт тунгаар дархлаажуулах хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ III тунд хамрагдсан ч дархлаа султай хүмүүс бусадтай ижил түвшний хамгаалалттай байна гэсэн үг биш аж.
Түүнчлэн дархлаа суларсан үедээ эсрэг биетийн шинжилгээ өгөх хэрэггүй гэдгийг эмч нар зөвлөжээ. Тухайлбал, Уильям Шаффнер "Эсрэг биетийн шинжилгээ нь үнэн гарахгүй. Эсрэг биеийн шинжилгээ нь Т эсийг тооцдоггүй бөгөөд энэ  нь вирусийн эсрэг ерөнхий хамгаалалтын бас нэг элемент юм. Ерөнхийдөө эсрэг биетийн шинжилгээ нь вакцин хийлгэсний дараа дархлаа тогтсон эсэхийг шалгахад бүр ч тохиромжгүй” гэжээ.

Мөн тэрбээр “Хэрэв та өөрийгөө дархлаа султай эсэхийг сайн мэдэхгүй, эргэлзэж байгаа бол эмчид хандаж, тогтсон шинжилгээ өгөх нь хамгийн зөв. Харин үнэхээр дархлаа султай бол III тундаа хамрагдах хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0