Мэдээ мэдээлэл

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулахаар эрдэмтэн, багш нар чуулж байна

Хуваалцах:

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын боловсролын их сургуулийг түшиглэн “Монгол Улсын их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй бакалаврын боловсролын сургалтын хөтөлбөр судлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2021.11.19/ боллоо. Уг эрдэм шинжилгээний хурлаар их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид сургалтын хөтөлбөр судлалын хүрээнд олон сэдвээр үндсэн болон салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний хурал Орчин цагийн боловсолын 100 жил, Монгол Улсад багш бэлтгэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгаа МУБИС-ийн түүхт 70 жилийн ой, Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.

Өнгөрсөн жилүүдэд АХБ-ны санхүүжилтийн дэмжлэгээр олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн нь боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдгийг судлаачид онцолж байлаа.
Төслийн хүрээнд 2019 онд ЕБС-ийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж, суралцагчийн үнэлгээний шалгуурыг анги, судлагдахуун бүрээр анх удаагаа боловсруулж батлуулсан. Үүнд үндэслэн МУБИС-ийг түшиглэн Багш бэлтгэх хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага боловсруулах, багш бэлтгэх сургалтын хөтөлбөр болон багшлах дадлагын шаардлагыг шинэчлэх, шинэ зууны Монгол багшийн загвар боловсруулах, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар судалгаа, дүгнэлт гаргах, сургалт, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах чиглэлээр 4 ажлын хэсэг амжилттай ажиллаж буй. Энэхүү төслөөс хүлээгдэж буй томоохон үр дүн бол сургалтын хөтөлбөр боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээг боловсронгуй болгоход чиглэгдсэн менежмент гэж үзэж байна.

Цаашид 2024 он хүртэл буюу богино хугацаанд өргөн цар хүрээтэй ажлуудыг төслийн хүрээнд гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Хэлэлцүүлэгт БШУЯ, харъяа байгууллагуудын захирлууд, их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.
скачать dle 12.0