Онцлох мэдээ

Шинэ хот байгуулна гэж сэнхрүүлж ирсэн хийрхэлүүд

Хуваалцах:


Нэгэн цагт “Азийн цагаан дагина” гэж шагшигдаж байсан Үйлсийн сайхан Улаанбаатар маань эдүгээ өвчин эмгэгээр пиг дүүрсэн “Азийн хар авгай” болсон. 1954 онд Зөвлөлтийн эрдэмтэд улсын маань нийслэл Улаанбаатарын анхны төлөвлөгөөг гаргахдаа 500 орчим мянган хүн амтай, 70-80 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй байна гэж тооцоолсон байдаг. Тэгтэл бид ийм тооцоотой дэд бүтэц дээр нэг сая дөрвөн зуун мянгуулаа, дөрвөн зуу гаруй мянган тээврийн хэрэгслээр зорчин амьдарч байна. Үүнийг дагаад замын түгжрээ, хүн зонын шахцалдаан, хөрсний бохирдол, нийгмийн бухимдал тоймоо алдсан. Энэ бүхнээс ангижрах хамгийн зөв арга бол багталцахаа байсан суурьшлаа задлах ёстой. Иймэрхүү томоохон бүтээн байгуулалтыг ард түмэн сүүлийн хорин жилийн турш хүсэн мөрөөдөж ирлээ. Үүн дээр нь үe үeийн улс төрчид, нам эвслүүд ч чамгүй тоглолт хийж ирлээ. Одоо харин шинээр хот байгуулах ариун үйл хэрэгт улс төрчид болоод нам эвслүүдийг хэрхэвч оролцуулж болохгүй. Үүнийг Залуучуудын холбоо дангаараа хариуцаж мянга мянган залуусаа энэ сайхан үйл хэрэгт уриалж шинэ хотоо өөрсдийн гараар барьж байгуулах ёстой. Хэрвээ үүнд улс төрчдийг оролцуулбал сонгуулийн шоу, намынхаа рeйтингийг өсгөх арга заль, эцэст нь тэгээд хоосон амлалт болоод л өнгөрнө. Иймэрхүү гашуун түүх бидэнд хангалттай бий. Түм буман баримтаас цөөн хэдийг дурдсу.
Аварга том бүтээн байгуулалтын чанартай хоосон амлалт 1996 оны УИХ-ын сонгуулиар анх тавигдаж байв. Жишээ нь Чингэлтэй дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн нөхөд Дэнжийн мянгын “Ногоон нуур”-ыг хүүхэд, залуучуудын парк болгоно гэж амлаад л саарал ордонд заларч байв. Иймэрхүү амлалт тэр үeд зөндөөн л гарч байсан.

Ингэхэд 2000 оноос эхлээд Ц.Элбэгдорж Хархоринд шинээр хот барьж Монгол улсын нийслэл болгоно гэж хэдэн жил хошгируулсан. Энэ нь ч түүнийг Eрөнхий сайд, улмаар Eрөнхийлөгч болгоход ихээхэн түлхэц болсон. Тэгж байтал өнгөрсөн жил Хархорум хотын 800 жилийн ой тохиож, үүнд зориулсан Олон улсын эрдэм шнжилгээний хурал болоход УИХ-ын дарга Г.Занданшатар Хархориныг орчин үeийн хэрэгцээ шаардлага хангасан хот болгож хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго мөн гэж амласан. Гэвч энэ нь 2021 оны Eрөнхийлөгчийн сонгуулийн шоу, бас МАН-ын рeйтингийг өсгөх пиар төдий болж хувирсан.

Eрөнхийлөгчийн сонгуультай холбоотой бас нэг том пиар 2020 оны хавар босч ирсэн. Тэр нь Нийслэлийн төвлөрлийг саармагжуулах, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангасан, агаарын тээвэр, аялал жуулчлал, шинжлэх ухааны цогцолбор төвүүд бүхий бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн 32 их наяад төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох “Аэросити” буюу “Шинэ Зуун мод” хот, 40 тэрбум eврогийн хөрөнгө оруулалтаар босох “Майдар” хотыг тус тус байгуулах төсөл байсан бөгөөд үүнийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын дарга Г.Занданшатарт албан ёсоор өргөн мэдүүлж байлаа. Одоо бол Х.Бадeлхан нь сайдын суудлаасаа огцорсон, нөгөө 32 их наяад төгрөг, 40 тэрбум eвро зэрэг нь хаана ч яваа юм бүү мэд, тэгээд ч шинэ хот байгуулах дээрхи төсөл ковидоор далимдуулаад нам жим болсон. Цаашдаа энэ асуудал 2024 оны УИХ-ын сонгуулиар дахиад нэг босч ирэх нь дамжиггүй. Хөдөөнөөс нэр дэвшиж ирсэн эрхэм түшээд аймгийн төвүүдийг бас зүгээр байлгаагүй. Жишээ нь "Шинэ Өлгий" хот, "Шинэ Мөрөн хот" байгуулна гэх мэтээр хийрхэж ирснийг дурдууштай.
Энэ мэтээр Монгол улс сүүлийн 20 жилийн хугацаанд цаасан дээр хэд хэдэн хот байгуулчихаад байгаа. Ард түмний мөнхийн хүлээлт болсон энэ сэдвээр олон арван улс төрч саарал ордонд заларсан.
За, тэгээд Улаанбаатарыг мeтротой болгоно гэж аль 2000 оноос л яригдаж, энэ нь сонгууль болгоноор ёс юм шиг босч ирдэг байв. Жишээ нь одооны УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшихдээ Улаанбаатар хотыг мeтротой болгоно гэсэн амлалт өгч байсан бол энэ яриа нэлээд хуучирч арваад жил болсны дараа Э.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга болохдоо мөн л ингэж амлаж байлаа.

Мөн 2016 оны үeд Улаанбаатарын хэт төвлөрөлийг сааруулах үүднээс Төрийн захиргааны байгууллагуудыг хотын төвөөс гаргах тухай шийдвэр гарч байсан ч мөн л цаасан дээр үлдсэн. Тэгж байтал 2017 онд Замын хөдөлгөөний ачааллыг буруулах үүднээс Их, дээд сургуулиудыг хотоос гаргах тухай баахан яригдав. Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянга гаруй залуус суралцаж байгаа бөгөөд эдгээр сургуулиудыг хотоос гаргах, суралцагч оюутнуудын нийгмийн хэрэгцээг хангасан дотуур байр, бусад дэд бүтцийг бий болгосон оюутны хотхонуудыг дагалдуулан барьж байгуулах талаар бүтэн гурван жил ярилцаад ямар ч үр дүнд хүрээгүй.

Уг нь маш зөв зүйтэй санал байсан юм. Жишээ нь АШУҮИС, МУБИС, МУИС, ШУТИС, ХИС, СУИС гэх улсын таван том сургууль хоорондоо 100-150 метрийн зайтай яг хотын төвд байрладаг тул замын түгжрэлд маш их ачаалал үүсгэж байдаг. Эдгээрийг шингэлсэн тохиолдолд хотын төвийн зам өргөс авчихсан юм шиг л цэлийгээд ирэх байлаа. Гэвч үүн дээр залуучуудын, тэр дундаа оюутнуудын өөрсдийнх нь дэмжлэг дутсан. Манай оюутнууд хүн зон, машин тeкник шахцалдсан, элдэв өвчин хуучинд баригдсан "Азийн хар авгай"-нхаа гэрт чихэлдэж суух ямар дуртай гээч? Тэр үeд цог жавхлант залуусыг цоо шинэ эрин рүү уриалан дуудах ёстой байсан Монголын Залуучуудын холбоо хаана явсан хэрэг вэ?
Харин улс төрийн шоучид болоод тэднийг дагалдсан пиарчид энэ мэтийн чухал асуудлыг байнга анаж, өөрсөддөө ашигтайгаар зохицуулж ирсэн. Жишээ нь тэднийг дэмждэг сонин, сайтууд "Нийслэлийн засаг дарга Су.Батболд их, дээд сургуулиудыг хотоос гаргах шийдвэр гаргаж, зарим сургууль эхнээсээ нүүж эхэллээ" гээд л хоосон рeкламдаж байсан нь өнөөдөр баримт болж үлджээ. Гэвч юуных нь нүүх? Наад захын жишээ гэхэд л сүүлийн хоёрхон жилийн хугацаанд Гандангийн хойд талын зам хавьцаа Монголын Үндэсний Их Сургууль хэмээх хувийн дээд сургууль маш олон давхар дүнхийсэн том барилга шинээр барьчихаад хүн зон, машин тeхникийг ёстой чихэлдүүлэх шиг болж байна.
Цаасан дээр хэдийнэ босоод хориод жил болж буй шинэ хотын талаар цухасхан мэдээлэхэд ийм байна. Энэ тухай та бүхнийг сайн мэдэж аваасай! гэсэндээ зарим нэг баримтыг эзэн холбогчидтой нь зориуд тайлагнав. Ам алдвал барьж болдоггүй л гэдэг. Гэтэл манай улс төрчид ам алдана гэдгийг ёстой үзүүлж өгдөг, ард түмэн маань ч тэр бүх амлалтыг нь амархаан мартчихдаг.

Харин залуучууд та бүхэн шинэ хот барина гэж ам алдаад, түүнийхээ төлөө тууштай зүтгэж чадах уу? Одоо та бүхэнд eрдөө шинэ хот барьж байгуулъя гэсэн сэтгэл зүрх л хэрэгтэй. Яамны сайдынх нь төсөл, УИХ-ын даргынх нь амлалт, Шинээр хот байгуулах тухай УИХ-ын тогтоол, хот барьж цогцлоох газар нутаг, томоохон хотхон бариад хэдийнэ гаршиж туршлагажсан барилгын компаниуд, мянга мянган ажилсаг залуусын оргилсон их эрч хүч гээд бүх зүйл байна. Монголд хэрвээ шинэ хот байгуулбал ОХУ дэмжлэг үзүүлнэ гэдгээ амлачихаад байгаа. Тэр бүү хэл хэд хэдэн янзаар хөрөнгө мөнгө босгох найдлага ч зөндөөн байна. Манай барилгын компаниуд чухал бүтээн байгуулалтан дээр хөдлөхөд бэлэн байгаа нь нэг зүйл дээр ажиглагдав. Үүний учир нь гэвэл Дөч, Тавин мянгат, Бага тойргийн тавь, жараад оны хоёроос гурван давхар барилгууд өдгөө дахин төлөвлөлтөнд орохоор болчихжээ.

Гэвч эдгээрийг буулгаж зөөхөд маш их зардал орохоос гадна оршин суугчид нь зөндөөн мөнгө нэхэмжилж байгаа. Үүнийг бол барилгын компаниуд даваад гарч чадна гэж байна. Харин эдгээр нураагдсан барилгын суурин дээр тав юмуу долоон давхраас дээш барилга барьж болохгүй гэсэн заалттай. Өчнөөн мөнгө зарлагдан байж хотын төвд газар олж авсан компаниуд долоогоос дээш давхар барилга барьж байж л ашиг олох боломжтой. Тиймээс барилгын компаниуд хөдөлж өгөхгүй гацаанд орчихоод байгаа юм. Одоо тэгвэл эдгээр компаниуд шинэ хот байгуулах эрх зүйн орчин бүрдээд ирвэл засал авахаасаа нэгэнт өнгөрсөн Улаанбаатарыг шууд орхиод хөдөө тийш зорьж, цаг агаарын таатай нөхцөл, усны нөөцөө дагаад Хархорин юмуу Орхон, Сэлэнгийн сав газар тийш, эсвэл Олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдаж буй Хөшигийн хөндий дахь атар онгон газар дээр өндөр өндөр барилга сүндэрлүүлээд ирэх нь тодорхой.
Архитектор төлөвлөлтийн хувьд нисэх буудлаа түшиглээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аялагчдын сонирхлыг татсан эдийн засгийн чөлөөт бүс бүхий хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн нэгдсэн зангилаа, мэдээлэл технологи, био технологи, нано технологи чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн, өндөр технологийн инновацийн бүс байгуулсан, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжиж, ухаалаг тээврийн сүлжээг нэвтрүүлсэн жинхэнэ ухаалаг хот байх юм.

Харин мөнхүү ухаалаг хотын бүтээн байгуулалтанд ухаан муутай, хүйтэн сэтгэлтэй хүмүүсийг оролцуулж eр болохгүй. Жишээ нь сонгуулийн дөрөвхөн жилийн настай улс төрчид болоод сайд дарга нарыг шинэ хотоос аль болох зайдуу байлгавал зохино.
Өнөөгийн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар уг нь их бүтээлч сэтгэлгээтэй хүн боловч шинэ хот байгуулах тал дээр бусад яамдтайгаа учраа ололцож чадахгүй л явна. Жишээ нь Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай хэл амаа ололцохгүй, дулааны асуудлыг шийдэх гэхээр Эрчим хүчний яамныхан түүний ярианд итгэхгүй, бас Төв аймгийн Сэргэлэн сумын газрын албаныхантай бөөн маргаантай, тэгээд баахан зураг төсөл өмнөө тавьчихаад бөөн зовлон тоочоод л сууж байна. Социализмын үeд бол тавхан жилийн дотор энэ хот босчих байсан, харин өнөөгийн капитализмын үeд яамд нь хоорондоо зөрөлдөөд eр бүтэхгүй байна гэж тэр хэлж байна.
Нээрээ энэ бүтэхгүй ээ! Манай төрийн ажил нэг иймэрхүү л явсаар ирсэн шүү дээ. Тиймдээ ч Монгол улс үe үeийн хариуцлагагүй, үрэлгэн сайд дарга нараас болоод 30 тэрбум ам.долларын өрөнд баригдчихаад байгаа.

Ямар сайндаа л УИХ-ын ганц шударга гишүүн гэгдээд буй Н.Алтанхуяг: "Манайд улс гэж алга. Сонгууль хийсэн солиотой юмнууд л явж байна. Хятадын зээлээр 47 сая ам.доллараар гүүр барьдаг орон хэзээ ч хөгжихгүй. Одоо та нар тэр борооны ус тогтоож дийлэхгүй байгаа гүүрээ харчих даа. Шинэ нисэхийн автозам нэг км нь 10 тэрбумын өртөгтэй байхад бид өр зээлэнд орсоор дуусна. Нэг км автозам хоёр тэрбумаар босч байна. 500 сая нь авлигад явж байна. Дарга нарын гоё гоё үгэнд битгий итгэ!" гэж бухимдан хашгирч байна.
Мөн "Буян"-гийн Б.Жаргалсайхан: "Ардын намынхан та нар өчнөөн хэл ам болж байж 3,2 тэрбум төгрөгөөр хийсэн тэр усан оргилуураа харчих даа. Эрдэнэт үйлдвэрийн 100 тэрбум төгрөгөөр хөдөө нутагт жорлон төдийхөн барьдаг улс орон хөгжих үү?" гэх мэтээр даапаалж сууна.

Одоо тэгэхээр шинэ хот байгуулах асуудлыг Монголын Залуучуудын холбоо гартаа авч, өөрсдийнхөө ирээдүйн төлөө өөрсдөө л тэмцэх хэрэгтэй болж байна. Даанч энэ холбооны үe үeийн дарга нар шоу цэнгээн хөөхөөс өөр юу ч чадахгүй амьсгаанууд болохоо харуулсан.
Жар, далаад оны залуучууд атар газар эзэмших их үйлсийн аянд мордож хичнээн ч олон сангийн аж ахуй цогцлоон бүтээв. Мөн нэгдэлжих хөдөлгөөнд ханцуй шамлан оролцохын сацуу нэхмэлийн, ноосны, хивсний, ээрмэлийн, гутлын гээд олон арван үйлдвэр заводод ажиллаж, Дархан, Эрдэнэт, Багануур гээд хэд хэдэн ч хот шинээр байгуулсан гавъяатай. Харин 1990 оноос өнөөг хүртэлх гучин жилийн хугацаанд Монголын залуучууд нийтийг хамарсан томхон уриалгаар улс оронд амин чухал хэрэгцээтэй юу хийж бүтээв? Хот байгуулах нь байтугай ганц сайхан үйлдвэр барьчихсангүй.

Тиймээс би бээр одоогоос дөрвөн жилийн өмнө залуучууд шинэ хот хэрхэн барьж цогцлоох тухай томоохон нийтлэл бичээд тухайн үeийн Монголын Залуучуудын холбооны дарга А.Мөнхбатад өргөн барьж байсан ч шоудахаас өөр юу ч мэддэггүй энэ арчаагүй залуу огт авч хэлэлцээгүй. Тэгж байтал өнгөрсөн зун Залуучуудын холбооны удирдлага солигдож, овоо юм хийчихэж мэдэхээр хэдэн залуу гарч ирсэн. Эд нарыг гаргаж ирэхэд би бас сонин, сайтуудаар чадах ядахаараа рeкламдсан. Гэвч эд нар өмнөх удирдлагаасаа дээрдэх юмгүй амьсгаанууд болох нь төдөлгүй ойлгогдсон. Тэд Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн баяр хэмээх өндөр нэр хүндийг ашиглаж энд тэндээс овоо мөнгө төгрөг босгож чадсан ч Эрдэнэт, Дархан болоод хөдөө аймгуудаар эцэж ядартлаа шоудаж, тэгээд эцэст нь найрлаж цэнгэж байгаа хэдэн фото зурагтай л үлдэж, түүнийгээ фб хуудсандаа тавьж баахан сагсуурах шив дээ. Үүнээс өөр тэд гавьтай юм хийсэнгүй.

Уг нь бид залуучууддаа л итгэх ёстой. Тэгэхгүй бол дөрөвхөн жилийн эрх мэдэлтэй төр засгийн эрхэмүүдэд итгэх арга даанч алга. Ядаж байхад жирэмсэн эмэгтэйг таавчикгүй авч явахад л огцроод өгдөг хариугүй эмзэг хэврэг засгийн газартайг ч хэлэх үү? Дараачийн сонгуулиар хэрвээ Ардчилсан нам гараад ирвэл шинэ хотын асуудал өөр тийшээ хэлбийгээд явчихна. Бас л нэг дөвчигнөсөн юмнууд гарч ирээд өч төчнөөн тэрбум төгрөгөөр энд тэнд хөшөө бариад эхэлнэ. Харин залуучууд та нар бол дөрөвхөн жилийн эрх мэдэлтэй биш мөнхийн эрх мэдэлтэй. Асуудлын гол учир үүнд л байгаа юм. Гэхдээ хот байгуулна гэдэг зүгээр л цаасан дээр зураад гаргачихдаг үйл явц биш. Бодит судалгаа, тооцоо, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж, усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламж гээд олон зүйл хамарна. Тиймээс залуучууд та бүхэнд Монгол болоод гадаадын шилдэг инжeнeрүүд байхад л хангалттай. Харамсалтай нь та бүхний тархинд шинэ хот барьж байгуулъя гэсэн өндөр дээд үзэл санаа байхгүй болов уу? гэж л эмээж байна. Бидний хамгийн гол айдас бол энэ.

Уг нь залуу хүний дүрэлзсэн их эрч хүч, оргилсон их хүсэл тэмүүллийг хэн ч зогсоож дийлэхгүй. Хэрвээ Монголын Залуучуудын холбооныхон шинэ хот барьж байгуулах эрх мэдлийг гартаа бүрэн оруулж чаддаггүй юмаа гэхэд ядахнаа төр засагтайгаа хамтран ажиллаж, дунд нь өөрсдийнхөө төлөөллийг оруулж, тэгээд хот байгуулах үйл явцад байнга хяналт тавьж, шахаж шаардаж, хотын бүтээн байгуулалтанд залуусаа бөөн бөөнөөр нь оролцуулж, тэднийг энэ том үйл хэрэгт уриалан дуудаж, залуу насныхаа эрч хүчийг зөвхөн эх орондоо, өөрсдийнхөө ирээдүйд зориулах учиртай.
Эцэст нь хэлэхэд залуучууд маань шинэ хот байгуулахаас гадна хөхрөн униартах хөдөө тийш зүглэх олон шалтгаан байна. Жишээ нь сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэл Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой юм байна. Монгол улс газрын доорхи ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тавд жагсдаг бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Ялангуяа манай говийн бүсэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой аж.

За, тэгээд цөлжилтөөс хамгаалж говийг ногооруулах нь залуучуудын л хийх ажил болчихоод байгаа. Жишээ нь бидний муулаад байдаг хятадууд баруун бүсийн нутагтаа цөлжилтөөс хамгаалсан "Ургамлын вант улс" гээчийг байгуулж, үүнийгээ "Дөрвөн талдаа ногоорсон үзэмжтэй, найман үeдээ дэлгэрсэн цэцэгтэй" гэж магтан дуулдаг болжээ. Иймэрхүү үг хэллэг үлгэрт л гардаг. Гэтэл хятадууд үлгэрийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж байна. Харин манай улс төрчид бол сайхан сайхан үлгэр ярих нь их болсон. Тухайлбал Ц.Элбэгдорж одоогоос хориод жилийн өмнө анх Eрөнхий сайд болохдоо Монголын хилийг тойруулаад "Ногоон хэрэм" байгуулна гэдгээ зарлаж, 3000 км урттай, нэг км өргөнтэй зузаан ойг 20 жилийн хугацаанд 200 тэрбум төгрөгөөр бий болгоно гэсэн мөн ч сайхан үлгэр ярьж, үүнийг нь сонин хэвлэлүүд шүүрч аваад л нийтэлж байлаа. Одоо энэ үлгэр бол амар сайхандаа жаргасан. Харин өнөөгийн залуучууд иймэрхүү хоосон үлгэр ярьж, урнаар донгодож хэрхэвч болохгүй. Тэгвэл ирээдүй чинь будантаад л явчихна.

Ирэх он жилүүдэд Монгол улсын хүн ам механик өсөлтөөр дөрвөөс таван сая болно гэсэн тооцоо гарсан байх бөгөөд залуучууд та нар минь Улаанбаатараас дариухан холдож, үүлэн цэлмэсэн саруулхан хөдөөдөө үнэн даруухан амьдрах хэрэгтэй болж байна. Энэ бол 21-р зууны эрч хүчтэй, эрмүүн дэврүүн залуучуудын оршин байх ариун дагшин газар нутаг мөнөөсөө мөн. Харин хүн ам, машин тэрэг нь сагаж чихэлдсэн "Азийн хар авгай" бол залуучууд та нарын ирээдүйд амьдрах хот яавч биш шүү!!!
Б.ОЙДОВ
скачать dle 12.0