Мэдээ мэдээлэл

ГАВЬЯА ба ГАВЬЯАТ

Хуваалцах:


Саяхан төр засаг маань удаж удаж удаж, аль, дугаар сарын найманд "хөшгөө хаасан" Токио-2020 олимпоос медаль хүртэж, эх орноо дэлхийн тавцанд дуурсгаж, өнө мөнхийн гавъяа байгуулсан яруу алдарт тамирчин, дасгалжуулагч, эмч, зүтгэлтэн нартаа урт настай, удаан жаргалтай шагналаа гардууллаа. Thank you very much. Гэвч...
Эх орныхоо өмнө ГАВЬЯА байгуулсан жүдоч Ц.Цогтбаатар, чөлөөтийн Б.Болортуяа нарт яагаад ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол тэмдэг олгоогүй вэ? Энэ хоёр авьяаслаг залуу анх удаа олимпийн медаль хүртсэн гавьяаг нь үнэлж, эхлээд заавал ГАВЬЯАТ ТАМИРЧИНГ нь өгөх ёс жаягтай шүү дээ. Харин ирэх жилийн ДАШТ, бас дараагийн олимпоос медаль зүүхэд нь л тэр СҮХБААТАРЫН ОДОН-гоо өгнө биз. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэгсэн биш билүү.

Тамирчин хүний хамгийн бахархал бол ГАВЬЯАТЫН тэмдгээ зүүж, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Цогтоо & Болороо гэж ард түмэндээ дуудагдах нь хамгийн кайф бахархал шүү дээ. Түүнээс биш СҮХБААТАРЫН ОДОНТ гэж хэн ч дуудддаггүй гэдгийг хүн бүр мэднэ. Гашуун ч гэсэн үнэн.
Их "Том" Нэргүйн Энхбаттай нэгэн үед гайхуулж явсан, боксын алдарт тамирчин "Амжаа" Ц.Амаржаргал нь "Гавьяат тамирчин" хэмээх зүй ёсоор хүртэх ёстой цолоо аваагүйдээ одоо болтол харамсан явдгийг би ч мэднэ, спорт сонирхогчид бүр ч сайн мэднэ. Түүнийг Сүхийн одонгоор шагнасан ч түүнийгээ хэзээ ч зүүдэггүй, ганц ч дурсдаггүй. Мөчөө тасартал зүтгэж, мөрөн улсаа мандуулж явсан алдарт боксчин андын минь мөрөөдөл бол "Гавьяат тамирчин" юм шүү! Гавьяатыг нь өгөөч ээ.
Түүнээс гадна бидний гадгаад орноос судалж (БНСУ, Сөүл-1988 олимп), үхэн хатан тэмцэж байж, төр засгийн ивээлд хамруулсан сар бүрийн ОЛИМПЫН ТЭТГЭЛЭГТ энэ Сүх одонтон тамирчид маань яг хамрагдах уу?
Хамгийн энгийнээр бодоход гавьяа байгуулсан энэ хоёр маань цагийн эрхээр гавьяаны амралтдаа гарахад улсаас олгодог одоогийн 150.000₮ тэтгэлэггүй болно гэсэн үг үү?Тэр үед энэ мөнгө 1 сая ч болон өсөх юм бил үү?
 

Түүнчлэн Токио-2020 болон түүнээс өмнөх олон олимп, ДАШТ-д тамирчдаа хоногт "25 цаг" чин сэтгэлээсээ бэлдэн, өөрөө ч 2 удаа олимпийн наадамд барилдсан, жүдогийн спортод хоёр дахь "Халиуны Болдоо" багш болсон "Гомбоо" хэмээх "Алдар"-ын алдарт Пүрэвдоржийн Нямлхагва дасгалжуулагчийг юунд ялгаварлан гадуурхаж, гавьяат цолыг нь олгохгүй, хүндийн хүндийн хүнд суртал гаргана вэ, төр засгийн түшмэлүүд ээ? Ийм маягаар сэтгэл санааны хохирол амссан спортынхон цөөнгүй бий шүү. Дугуйны алдарт Ц.Ганболд байна, бас.
Тамирчид, дасгалжуулагчдын гавьяаг нь үнэлэх хамт олны шударга тодорхойлолт хэн гэгч эвэртэний шургуулганд гацаж, дээдсийн сонорт үл хүрнэм бэ? Ийм ажилд тоомжиргүй хандах нь тэдний олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийж буй туйлын хариуцлагагүй үйлдэл шүү.
Миний мэдэж байгаагаар Мехико-1968 олимпоос анхны хүрэл медаль хүртсэн чөлөөтийн Т.Артаг гуай 22, Москва-1980 олимпийн чөлөөт бөхийн хүрэл медальт Д.Оюунболд, жүдогийн хүрэл медальт Р.Даваадалай нар 10 жил хохирсныхоо эцэст л МҮОХ-ны тэргүүн С.Болд нь Д.Очирбат Ерөнхийлөгчтэй хувийн найз бөгөөд шууд, шахамдуу харилцсаны ачаар тэдний магнай тэнийн, шар тэмдгээ зүүсэн түүхтэй. Хожуу ч гэсэн тэд их баярласан. "Агаев" хэмээх Артаг ах дараа нь удалгүй тэнгэрт хальсан даа, мөн Их "Ойко" Оюунболд ч шар тэмдэгтэйгээ диваажинд гүйж л яваа, хөөрхий.
Будапешт-1997 боксын ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн Т.Үйтүмэнд Унгарт хөлсөө сэвж байхад нь "Гавьяат" болсныг нь мэдэгдэж, чөлөөтийн "Оска" О.Пүрэвбаатарыг Спортын төв ордонд бэлтгэл хийж байхад нь Н.Багабанди төрийн тэргүүн өөрөө зааланд нь очиж, шар тэмдгийг нь зүүж өгч, суумгай болсон суут бөх А.Энхээгийн гэрт нь морилж, гавьяатыг нь гардуулж, АНУ-д ажиллаж амьдарч буй боксын Э.Цогтжаргал & чөлөөтийн ихрийн өрөөсөн Л.Эрхбаяр нарт Н.Энхбаяр Ерөнхийлөгч "Сэм авгынд" айлчлах үеэрээ нэрт тамирчдын энгэрийг нь гавьяатаар цоолж байсан сайхан тохиолдол бас зөндөө бий.
Хамгийн шог нь гавьяат байтугай, бусад одон медальд хавьтах ч үгүй, огтын гавьяагүй, сонин гаруудад "Гавъяат" олгосон цоорхой ч бас бий. Спортынхон жиг жуг шоолон, онигоо мэт ярьдаг. Тэд нар ичиж амьдраасай. Энэ удаа нэрлээд юухэв. Тэдний гар хөл болсон түшмэдүүд төрөөс зайлаасай. "Сонин гавьяатууд"-ын чих нь соотолзож буй байх. Тэдний мачгар хөөцөлдөлгөө, дайллага цайллагын зардлыг үнэлье дээ, хөөрхий.
Энхрий хайрт төр, засгийн эрхэм дээд Сүхбаатарын одонг доош нь хийх гэсэн санаа огт өвөрлөсөнгүй .Гэхдээ нүдээ олоогүй, нюансаа мэдрээгүй одон шагнал тамирчдыг ямар эвгүй байдалд оруулдгийг, одоо болтол гавьяагаа үнэлүүлээгүй тэднийгээ яс махаараа мэдэрдэг тул үүнийг зориглон бичвэрлэлээ. 
2012 оны "Соёлын гавъяат зүтгэлтэн", Олимп овгийн Жүгдэрийн Отгонцагаан
скачать dle 12.0