Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

2021 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Хуваалцах:
2021 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ“Үндэстний ТОЙМ” сэтгүүл, “Eagle news” телевиз өнгөрч буй оны “Онцлох 10 үйл явдал”-ыг нэрлэж байна.
Засгийн газар танхимаараа огцров
Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж огцорсон нь 2021 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Болж өнгөрсөн үйл явдлыг хураангуйлъя.
Өнгөрсөн нэгдүгээр сард Нийслэлийн “Өргөө” амаржих газар нярайлсан ээжийг хүүхдийнх нь хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ халат, гэрийн шаахайтай нь хүйтэн машинд суулгаад авч явааг “Eagle news” телевиз шууд дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тус мэдээ цацагдсаны дараа идэр есийн хүйтэнд, нялх биетэй эх, нярайд хүнлэг бус хандлаа гэх олон нийтийн шүүмжлэл хүчээ авсан юм. Улмаар дөрөв хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 20-нд иргэд төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, УОК-ыг огцрохыг шаардав. Уг шаардлагыг хүлээн авч, тухайн үеийн УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж, түр “гал унтраасан”.
Харин маргааш нь буюу нэгдүгээр сарын 21-ний өглөө төрсөн эх, нярайд төрийн алба хаагчид хүнлэг бус хандсанд хариуцлага хүлээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох хүсэлт гаргав. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.
Дээрх шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Цаашид олон нийтийг хамарсан үймээн самуун үүсч, монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилан сэргийлж байна” гэж мэдэгдэж байлаа.
Ийнхүү тэрээр 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш анх удаа өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж огцорсон Ерөнхий сайд болсон юм. Түүний Засгийн газар өмнөх Засгийн газруудтай харьцуулбал хамгийн хурдан буюу зургаан сарын дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.  
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдож, долоодугаар сарын 6-нд шинэ Засгийн газраа байгуулсан. Тус Засгийг газар Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллаж байсан юм.
Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа буюу нэгдүгээр сарын 27-нд Л.Оюун-Эрдэнэ парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдсон билээ.
Зургаан жил ажиллах анхны Ерөнхийлөгч сонгогдлоо
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар өрсөлдсөн бөгөөд өрсөлдөгчөө харлуулж, харааж зүхсэн хар бараан мэдээлэлгүй, эрчээ авсан их ухуулга, сурталчилгаагүй аядуу болж өнгөрөв. Ажин, түжин өрнөсөн тус сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Ийнхүү тэрээр Монгол Улсын зургаа дахь, зургаан жил ажиллах анхны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх зохицуулалтын дагуу У.Хүрэлсүх 2027 он хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллах юм.
“Зөв хүн электорат” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Д.Энхбат 20.3 хувь буюу 246968 сонгогчийн санал авав. Хэдий ялалт байгуулж чадаагүй ч нэр дэвшигч Д.Энхбат гадаадад ажиллаж, амьдарч байгаа сонгогчдоос хамгийн их буюу 4084 санал авсан юм. Хилийн чанадад суугаа иргэдээс санал өгөхөөр бүртгүүлсэн 7394 иргэний 76 хувь буюу 5618 иргэн саналаа өгсөн. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцсон тус эвслийн хувьд чамлахааргүй амжилт болохыг улс төр судлаачид тухайн үед онцолж байсан юм. Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ зургаан хувь буюу 72832 хүний санал авав.
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн онцлогтой болж өнгөрсөн. Тухайлбал, өмнө нь УИХ-д суудалтай нам, эвслүүд 45 нас хүрсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан билээ. Түүнчлэн өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй болсон юм. Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын үед зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог бөгөөд 1993 оноос хойших хамгийн цөөн сонгогч оролцсон, ирц багатай сонгууль болж өнгөрөв.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 26 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 2087 хэсгийн хороонд 18647 төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчид ажилласан. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 14.9 тэрбум төгрөг зарцуулж байжээ. Ковид19 халдварын үед зохион байгуулсан учир зардал нэмэгдэж байгаа гэдгийг СЕХ-ноос мэдээлж байв.
1985 эрдэнэт хүн амиа алдав
Хэрвээ цар тахал гаралгүй урьдны амьдрал эгэл жирийн амар жимэр янзаараа үргэлжилж байсан бол өнөөдөр 1985 хүн халуун ам бүлдээ бүтэн бүлээн, эрүүл саруул аж төрж байх байжээ. Дэлхий нийтийг сандаргасан, одоо ч донсолгосоор буй коронавирусийн халдвар өнгөрөгч онд 1985 монгол хүний амийг авчээ. 2021 оныг бид хатуу хөл хорионы дэглэмтэй угтсан. Он дөнгөж гарч байхад коронавирусийн халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байв. Нэгдүгээр сарын 1-нд халдварын таван тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 1220 хүрсэн. Үүнээс дотоодын халдвар 740 болж, бид ажил амьдрал, бизнес, хөгжил, хөдөлгөөнөө нам хориулчихаад гэр, гэртээ сууж байлаа. Халдварын тархалтыг нам дарна, зогсооно гээд хоёрдугаар сарын 11-22-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд 442303 өрхийг шинжилгээнд хамруулсан ч энэ ажил төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Нэгдүгээр сараас хойш халдварын тохиолдол тасралтгүй өссөөр дөрөвдүгээр сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо мянга давсан юм. Ингээд тавдугаар сард өвчлөл буурах шинж ажиглагдсан боловч эргээд л өсөж, зургаадугаар сард өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2000 давлаа. Есдүгээр сард дельта хувилбарын давлагаа дэлхий нийтийг нөмөрч халдварын оргил үе тохиов. Энэ үед Монголд өдөрт дунджаар 3746 хүний шинжилгээний хариу эерэг гарч байсан юм. Мөн халдварын хүндрэлээр өдөрт нас барах хүний тоо аль хэдийнэ хоёр оронтой тоонд хүрээд байсан нь гуравхан сая монголчуудад нөхөж баршгүй том гарз болов. Есдүгээр сарын дунд үеэс  халдварын тохиолдол харьцангуй намжиж, оны төгсгөлд 24 цагийн хугацаанд бүртгэгдэх халдварын тоо дунджаар 250 боллоо. Үүнийг дагаад халдварын улмаас нас барах, хүндрэх хүний тоо ч цөөрсөн. Эмнэлгийн ачаалал ч буурсан. Энэ нэг жилийн хугацаанд коронавирсуийн халдварын нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 389 089 хүрчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлаас сэргийлэхээр элдэв хорио цээрийн дэглэм тогтоож, бүх чадлаараа, нийтээрээ хичээж байсан ч  оны төгсгөлд халдварын тоо оны эхнээс 350 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Коронавирусээс хамгаалах, энгийн амьдралдаа шилжих цор ганц арга нь дархлаажуулалт учраас манай улс дэлхийн улс орнууд хүн амаа дархлаажуулж эхлэхтэй зэрэгцэн уг ажлыг эрчимжүүлсэн. Хоёрдугаар сарын 23-нд БНЭУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар нийлүүлсэн 150 мянган хүн тун “Астра зенека” компанийн вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн. Вакцины бүрэн тун тариулснаас хойш тодорхой хугацааны дараа дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэвэл халдвараас илүү удаан хугацаанд үр дүнтэй хамгаалах боломжтой гэж үзэн наймдугаар сараас гуравдугаар тунд хамруулж эхэлсэн билээ. Одоогоор нэмэлт тунгийн хамрагдалт улсын хэмжээнд 28 хувьтай үргэлжилж байна.
Импортын гацаа үүсэж, инфляц “тонгочив”
Эдийн засаг 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй гэж Сангийн яамнаас тооцоолж байлаа. Цар тахлын улмаас 2020 онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 12 болж нэмэгдсэн. 2020 оны сүүлээс уул уурхайн түүхий эдийн супер цикл эхэлсэн нь 2021 онд өнгөрсөн жилийнхээ шархыг нөхөх боломж байсан юм. Тухайлбал, зэсийн үнэ 6000 ам.доллароос өсөж 10 мянган ам.доллар, нүүрсний үнэ 82 ам.доллароос 184 ам.долларт хүрсэн. Тус супер цикл дунджаар 2-5 жил үргэлжилдэг ч бид үүнийг ашиглаж чадахгүй л байна. Түүнчлэн энэ жил цар тахлын улмаас тогтоосон хөл хорио, хязгаарлалтын улмаас бизнес эрхлэгчид багагүй хохирол амслаа. Ийнхүү олон мянган ажлын байр эрсдэлд орсон учраас бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн дутагдал үүсэхээс сэргийлэх, ажлын байрыг хамгаалах зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газар болон Төв банкнаас хамтран хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Ажлын байр дэмжих зээлийн хүрээнд нийт 3500 аж ахуйн нэгж, 2000 иргэнд зээл олгож, 120 мянган ажлыг байрыг дэмжихээр төлөвлөсөн. 2021 оны есдүгээр сарын байдлаар 51 мянган ажлын байр бий болгож, 187 мянган ажлын байр хадгалсан тухай Сангийн яамнаас мэдээлж байлаа. Мөн 2021 онд коронавирусийн эсрэг вакцины санхүүжилтыг бүрэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Засгийн газар дөрвөн төрлийн 5.2 сая тун вакциныг татан авч хүн амаа дархлаажуулсан. Түүнчлэн энэ онд Засгийн газрын нэг их наяд төгрөгийн гадаад өрийг төлж Монгол Улсын зээлжих зэрэглэл өслөө.
2021 оны төсвийг батлахдаа Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум төгрөгөөр баталсан. Гэвч цар тахлын эсрэг тэмцэхэд эрүүл мэндийн салбарт зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хамгаалах хувцас, маск худалдан авах, эмч эмнэлгийн ажилтнуудад урамшуулал олгох зэрэг нэмэлт зардлыг санхүүжүүлэхэд зориулж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг зургаадугаар сард аль хэдийнэ зарцуулж дууссан. Иймээс урьдчилан тооцоолох боломжгүй арга хэмжээнд зориулан Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг дарга нарын нөөц хөрөнгийг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Цар тахлын үед айл өрх болон бизнесүүдэд учирч байгаа эдийн засгийн эрсдэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр бохир усны үйлчилгээний төлбөр, хураамжийг тэглэсэн. Энэхүү хөнгөлөлтийн хугацааг он дуустал сунгасан. Түүнчлэн сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хямдруулсан юм. Энэ хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянгад хүргэсэн ба иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн 13 төрлийн зээлийн хүүг бууруулжээ.
Сүүлийн хоёр жил эдийн засгаа дэмжих зорилгоор энэ мэтээр мөнгөний зөөлөн бодлого явуулсны уршгаар цар тахлын шокноосоо гарч амжаагүй байхдаа үнийн өсөлт, инфляцтай нүүр тулсан.  Энэ оны эхний 11 сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 10.5 хувь, Улаанбаатар хотод 10 хувьтай болж, хоёр оронтой тоонд ортлоо өслөө. Түүнчлэн эдийн засагт үүссэн хамгийн том асуудал нь хил хаагдсанаас үүдсэн импортын гацаа байлаа.
Тахлын үеийн олимп
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл спортын их наадам буюу зуны ХХХII олимп Ковид19 халдварын улмаас нэг жил хойшилсны эцэст өнгөрсөн зун зохион байгуулагдлаа. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадамд 206 орны 11324 тамирчин спортын 33 төрөлд багц медалийн төлөө өрсөлдөв. Нэг жил улирсан олимп үзэгчгүй зохион байгуулагдсан бөгөөд хэдий цар тахлын бэрх үед болсон ч амжилттай болж өндөрлөв. Улмаар олимпын бамбарыг “Парис-2024”-т шилжүүлэн өгсөн юм.  
Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртлээ ширүүн өрнөж, АНУ-ын баг тамирчид сүүлийн өдөр гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв. Харин зохион байгуулагч Япон улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай олимпоо үдсэн. “Токио-2020” зуны олимпоос нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдсэн юм. Олимпын наадмын үеэр дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгдсэн байна.
Манай улсын тамирчид 14 дэх удаагаа олимпын наадамд оролцсон бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлөв. ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллай Монгол Улсын иргэншилтэйгээр эхний олимпдоо оролцож мөнгөн медаль, ДАШТ-ийн алт, мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ Б.Болортуяа нар олимпын хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр манай баг тамирчид багийн дүнгээрээ 71 дүгээрт жагслаа.
Зуны XXXII олимп монголчуудын хувьд хэд хэдэн онцлогтой болж өнгөрөв. Манай улсын баг тамирчид XXXII наадамд спортын 10 төрөлд өрсөлдсөн бөгөөд 43 тамирчинтай оролцсон нь шинэ дээд амжилт байлаа. Түүнчлэн ширээний теннисийн төрөл болон анх удаа багийн спорт буюу 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр олимпын наадамд оролцсон юм. Түүнчлэн анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний олонхийг бүрдүүлэв. 43 тамирчны 60 орчим хувь буюу 25 нь эмэгтэйчүүд байсан юм. Мөн анх удаа эмэгтэй тамирчин нээлтийн ёслолд Монголын багийн тугийг хамтарч заллаа. Монголоос оролцсон нийт тамирчны 16 нь олимпод оролцож үзсэн туршлагатай байсан юм.
Монголын тамирчид дөрвөн медаль хүртсэнээс гадна өөр зургаан хүн медалийн төлөө өрсөлдөв. Боксчин Э.Цэндбаатар, туйванч М.Анхцэцэг, чөлөөт бөхийн М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзур, С.Батцэцэг нар медалийн төлөө хүчээ үзсэн юм. Нэг дор ийм олон тамирчин медалийн төлөө өрсөлдсөн тохиолдол Монголын спортын түүхэнд байгаагүй болохыг спорт сонирхогчид онцолж байлаа.  
“Токио 2020” олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнсэлсэн нь түүхэн дэх анхны тохиолдол байв. Жүдогийн шүүгч Т.Энхцэцэг, байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл, боксын шүүгч Ц.Цогтгэрэл, О.Мандах баяр нар олимпын наадмыг дэнсэлсэн юм.  
“Токио-2020” зуны XXXII олимптой залгаад 16 дахь удаагийн паралимпын наадам Япон улсын нийслэлд зохион байгуулагдсан. Энэ удаагийн паралимпын наадамд 160 гаруй улсын 4403 тамирчин өрсөлдсөн нь бүх цаг үеийн дээд амжилт болж бүртгэгдлээ. Тамирчид 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөв.  
Монголчууд энэ наадамд спортын зургаан төрлөөр 11 тамирчинтай оролцож, нэг алтан медаль хүртсэн амжилтаар 59 дүгээр байрт, Ази тивдээ 15-д жагссан юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга Э.Содномпилжээ пауэрлифтингийн 107 кг-ын жинд өрсөлдөж аварга болов.
Зуун жилийн наадам цуцлагдав
Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг нэг жилээр хойшлуулсан нь яах аргагүй 2021 оны онцлох үйл явдал байв. Түүхэн тэгш ойг алгасах нь бүү хэл үндэсний баяр наадмыг ч улирч үзээгүй ард түмний хувьд дээрх тохиол туйлын шинэлэг байсан юм. Наадамгүй зуныг үзээгүй монголчууд түүхэндээ анх удаа наадам зохион байгуулахыг өөрсдөө эсэргүүцэж, жагссан.
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бүх үйл ажиллагааг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд Засгийн газар гаргасан. Цар тахлын тархалт тасралтгүй нэмэгдэж, өдөрт 10-аас дээш хүн халдварын хүндрэлээр нас барж байхад наадам зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөв. Түүнчлэн үзэгчгүй наадамд 10 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгасан нь олон нийтийг эгдүүцүүллээ. Улмаар иргэд цахим сүлжээнд NO NAADAM гэх эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, долоодугаар сарын 1-нд төв талбайд жагсаал зохион байгуулсан юм.
Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул эрх баригчид гаргасан шийдвэрээ эргэж харахаас өөр аргагүйд хүрэв. Улмаар долоодугаар сарын 2-ны өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Үндэсний баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар болсон юм. Гэтэл бүтэн жил бие, сэтгэлээ хүлэгтэйгээ сойсон уяачид, бэлтгэл сургуулилтаа наадамд зориулж базаасан бөхчүүдэд Засгийн газрын дээрх шийдвэр таалагдсангүй. Улмаар YES NAADAM хөдөлгөөн өрнүүлж, төв талбайд морьтой жагсаал хийв. Ийнхүү Сүхбаатарын талбайг наадам зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэд, Ардын хувьсгалын 100 жилийг алгасаж болохгүй гэх уяачид бүчсэн юм. Ардчилсан улсын иргэн байхын давуу талыг ард түмэн дахин мэдрэв. Гэсэн ч Засгийн газар эцэслэн гаргасан шийдвэртээ үнэнч байж, иргэд наадамгүй зуныг үдлээ.
Тусгаар улс болохоо тунхагласан 60 жил
Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой өнгөрч буй 2021 онд тохиолоо. Манай улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 101 дэх гишүүн орноор элссэн түүхтэй.   
Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болсон. Иймд Монгол Улс дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцохын тулд НҮБ-д элсэх зайлшгүй шаардлагатай тулгарсан юм.
Үүнийг тухайн үеийн эрх баригчид соргогоор мэдэрч, НҮБ-д гишүүнээр элсэх зорилт тавьж, анх 1946 онд элсэх өргөдлөө өгч байв. Гэвч уг хүсэл, зорилт биелэгдэхгүй 15 жил дуншсан байдаг.      
Манай улс 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 1947, 1948, 1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад өргөдлөө дахин, дахин дэвшүүлж байжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийт 13 удаа хэлэлцсэн байдаг. Ийнхүү 1961 онд Монгол Улс тусгаар улс болохоо дэлхийн түвшинд зарлаж, хүлээн зөвшөөрүүлсэн түүхтэй.
НҮБ-д элссэнээр өмнө нь зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байсан манай улс дэлхийн бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн. Улмаар 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоож байв. Харин өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоосон олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болжээ. Мөн тэдгээр 192 улс оронтой 1318 гэрээ, хэлэлцээр хийсэн байна.  
Монгол Улс НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг даган, мөрдөж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж ирсэн.
Манай улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байв. Тэр цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийт 10 мянган гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байна.
“Дубайн гэрээ”-г цуцалж, Монголын 34 хувьд ногдох өрийг тэглэв
Оюу Толгой төслөөс Монголын талын хүртэх ашгийн тухай асуудал хэл ам дагуулсаар ирсэн. Уг нь анх энэ төслийг эхлүүлэхдээ Монголын талын үр өгөөж 53, хөрөнгө оруулагч талд 47 хувьтай байхаар гэрээ байгуулахаар болж байсан ч төслийн явцад өөр нөхцөл байдал үүссэн юм. Энэ жил Монгол Улс Оюу Толгойгоос хүртэх Монголын талын үр ашгийг нэмэгдүүлэх хэлцлийг эхлүүлсэн. Түүнчлэн олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргаж, Монголын талын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэв. Монгол Улсын татварын албанаас “Оюу толгой” ХХК-д хоёр удаагийн татварын шалгалтаар нийт 370 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн татвар төлүүлэхээр акт тавьсан ч түүнийг төлөх үндэслэлгүй гэж “Туркойз Хилл” компани олон улсын арбитрт Засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргасан юм. Энэ татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Арбитрын шүүхэд маргаан шийдвэрлэх журмын дагуу тус асуудал үргэлжилж байна. Уг төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол гарч УИХ-аас түр хороо, Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төслийн өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг цуцлах, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү нээлттэй болгох санал тавьсан. Ингээд аравдугаар сарын 21-нд “Рио Тинто”, “Туркойз хилл” компаниас ажлын хэсэгт албан бичиг ирүүлсэн аж. Уг саналдаа 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэе гэжээ. Харин манай талаас арваннэгдүгээр сард өрөө 100 хувь тэглүүлэх саналыг тавьж байсан юм. Үүний хариуд  арванхоёрдугаар сард тус компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт захидал илгээж, төслийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэх, 2015 онд баталсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт буюу “Дубайн гэрээ”-г цуцлах, далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх, гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцаж, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу Толгой” ХХК төлөх зэрэг шийдвэр гаргасан. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулахаар болсон юм. Ингээд олон жилийн турш хэрүүл, маргаан дагуулж байсан өр, авлагын асуудал болон далд уурхайн санхүүжилтийг тойрсон талцал, маргаан нэг хэсэгтээ цэгцлэгдсэн чухал шийдвэр энэ онд гарлаа.
Газар шилгээв
2021 он ган гачиг, гал усны гашуун зовлонгүй, зуншлага, намаржаа сайхантай жил болж өнгөрлөө. Харин тавдугаар сард Дундговь аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга болж олон мал цас, элсэнд дарагдсан. Говь-Угтаал суманд 17 мм, Цагаандэлгэрт зургаан мм, Гурвансайхан, Дэрэн суманд 0.2 мм цас орж, Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумын нутагт салхины хүч 28 метр секунд, зарим үед 34 метр секунд хүрч ширүүсэж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж, онц аюултай гамшигт үзэгдэл боллоо. Энэ шуурганд нийт 136 гэр нуржээ. Тухайн өдөр 466 хүн сураггүй болж, 457 нь эсэн мэнд олдсон бол есөн хүний амь нас эрсэдсэн юм.
Хэдийгээр ган, зудгүй сайхан жил болж өнгөрсөн хэдий ч хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт Монгол орны нутаг дэвсгэрт боллоо. Дөнгөж он гараад буюу нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Уг газар хөдлөлт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 1967 оноос хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж бүртгэгдсэн билээ. Ханх сумын иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба дэлгүүрийн лангуун дээрх бараанууд унаж, зарим барилгын хана цуурсан юм. Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим километр зайд болсон энэ газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 4-6 баллаар мэдрэгдсэн. Энэ үед гэрлийн бүрхүүл чичирхийлж савлаж байсан. Хүчтэй газар хөдлөлтийн дараагаас тус нутагт давтан хөдлөлтүүд бүртгэгдсээр байв. Ердийн үед улсын хэмжээнд хоногт дунджаар 200 гаруй удаа газар хөдөлдөг байсан бол Ханхад болсон энэ газар хөдлөлтийн дараагаар өдөрт 1200 гаруй удаа газар хөдөлж байлаа.
2021 оны наймдугаар сард зохион байгуулсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн хуралдаанаар он гарсаар наймдугаар сарын 1-нийг хүртэл Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39786 газар хөдлөлт бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосон байна. Харин 19 газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгджээ.
Зарим хүчтэй газар хөдлөлтөөс дурдъя. Наймдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойд зүгт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлийн иргэдэд хүчтэй мэдрэгдсэн юм.
Койны давлагаа
2021 онд Монголд койны давлагаа өрнөлөө. Койн бол хүссэн ч эс хүссэн ч, хорьсон ч хориогүй ч санхүүгийн нэг хэрэгсэл, бизнесийн өвөрмөц шинэ ертөнц, нэг үзэгдэл болохынхоо хувьд монголчуудыг “шууруулсан” юм. Зөвхөн Монголд ч гэлтгүй энэ бол дэлхийд шинэ үзэгдэл. Үйлдвэрлэл хөгжсөн зарим улс оронд койныг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр хүлээн зөвшөөрч байгаа бол зарим улсад хориглож байна. Койны ханш цаг, минут тутамд хэлбэлзэж байдаг. Түүнчлэн төрийн зохицуулалт, хяналтгүй, банкны системээс гадуур учраас мөнгө угаах хэрэгсэл ч болох аюултай гэх шалтгаанаар дэлхийн зарим оронд хориглож байгаа юм. Харин манайд хууль эрх зүйн орчныг нь бэлдэж байна. Ердөө хэдхэн сарын дотор Монголд койноос зургаан их наяд төгрөг босгож, зөвхөн шимтгэлээс нь 55 тэрбум төгрөг олжээ. Жишээ нь IHC койн гарсан даруйдаа буюу минутын дотор 30 тэрбум төгрөг босгосон. Ингээд шил, шилээ дараад олон койн гарлаа. Одоо зарим нь гарах гээд “дуншиж” буй. Манайхан койныг хялбар аргаар мөнгө олох, хөрөнгөө өсгөх боломж гээд харчихсан. Тийм учраас хөрөнгөө цахим мөнгө болгон хувиргаж байна. Хэрвээ энэ хошуурлаасаа болж иргэд хохирвол үүнийг хариуцах, хохирол барагдуулах эрх зүйн орчин, боломж байхгүй гэдгийг УИХ-ын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гээд холбогдох албаныхан анхааруулсаар буй. Одоо манайд мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд зах зээлд гарч байгаа койнууд, криптовальют төлбөрийн хэрэгсэл болохгүй. Ингэхээр ирээдүйд хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан түүхийг дахиад давтахгүй гэх баталгаагүй. Хэрвээ койн гаргагч иргэн, аж ахуйн нэгж гэнэт алга болох, эсхүл цахим залилан хийхэд койн авсан иргэн хохирох аюултай юм. Гэхдээ нөгөө талаас байгалийн баялаг, алт, зэсээр баталгаажсан койн олон улсаас хөрөнгө татах боломжтой. Мөн уламжлалт санхүүгийн салбарт аюул дагуулахгүй, харин ч хоцрогдлыг арилгах асар том боломж гэж үзэх нь ч бий. Тиймээс энэ асуудлыг зохицуулах эрх зүйн орчинг бий болгохоор “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль”-ийг баталсан. Гэхдээ энэ хуулиар ч цахим мөнгөтэй холбоотой үүссэн эрсдэлийг төр хариуцахгүй ба гагцхүү виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах юм. Өөрөөр хэлбэл энэ хуулиар койн гаргагч нь тодорхой хэдэн үүргийг хүлээхээр болж байна.
скачать dle 12.0