Нийтлэл

Эрх зүйт төр ингээд дуусвал...

Хуваалцах:
АМИНЫ ҮНЭТЭЙ ОРШИЛ
АТГ-ын хардлагаар ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож суухдаа амиа алдсан Д.Амарсайханыг Улсын дээд шүүх буруугүй гэж үзлээ. Талийгаач өнөө хүртэл тэссэн бол шүүх ямар шийдвэр гаргахыг зарим албан тушаалтан шийдэх байсан биз, харин амь нэхэгдээд ирэхээр хариуцах хүн олдохгүй л дээ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Твийтэртээ NRI LLC компаниас хоёр сая ам.доллар шилжүүлсэн “Голомт” банкны мөнгөний баримт тавиад “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авилгын хэмжээ” гэдэг тайлбар өгчээ. NRI LLC бол 2012 оны нэгдүгээр сард “Хар төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал байхдаа АТГ-т шалгуулан хоригдож байсан Т.Ганболдын хувийн компани. Дээрх мөнгийг 2012 оны 11 дүгээр сарын 16-нд шилжүүлсэн бөгөөд Т.Ганболд хоригдож байгаад батлан даалтаар гарснаас хойших явдал. АТГ-т шалгагдсан энэ хоёр хүнээр дүгнэвэл нэг нь амиа хоёр сая ам.доллароор аваад үлдсэн болж таарах нь.

АТГ-т 2011 оноос хойш ашигт малтмалтай холбоотой төрийн агентлагийн дарга, уул уурхайн бизнес эрхлэгч олноороо шалгагдан захаасаа ял авчээ. 2013 оны эцэс гэхэд АМГ-ын дарга асан Д.Батхуяг, ГТГ-ын дарга асан Д.Амарсайхан, “Ноёд” группын Г.Буяндорж, “Чоно” группын Т.Энхболдсодон нарын олны мэдэх хүмүүс АТГ-т байцаалт өгчихсөн байлаа. Үүнээс урьд, 2012 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр МҮАН-ын дарга М.Энхсайхан Фэйсбүүктээ “АТГ улс төрийн хэрэгсэл болсноороо эрхэм зорилгоо хаяв” гэж бичжээ. Харин Г.Буяндоржийн эхнэр, МУГЖ Т.Ариунаа “Ахин хэлье, миний хань хохирогч. Бусдад эд хөрөнгөө алдсан хүн гэмт хэрэгтэн болчихдог ёс хаана байдаг юм бэ... Өнөөдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүс, худалдагдсан албан тушаалтнууд бусдын хувь заяаг хүслээрээ шийддэг, нэр төрд нь халддаг, хэлмэгдүүлдэг болжээ” гэж ярьсныг сэтгүүлч Б.Ганчимэг бидэнд хүргэсэн. АТГ бол “гэмтэй” баячуудаас ял, мөнгө хоёр зэрэг асуугаад зогсохгүй Б.Лхагвасүрэнгийн Үр могой шиг төрүүлсэн эзнээ ч залгиж орхисон үйлийн үртэй байгууллага юм. 
ХОЛООС ЭХЭЛСЭН АЖИЛ
Монголын хууль зүйн салбарын ноён оргилд өөрийгөө албан ёсоор тооцуулах хүсэлтэй Ц.Нямдорж социализмын үеэс л бусдын “хэрэг уншдаг” байснаараа гайхуулах дуртай. 1992 оноос хойш ухамсарт бүх амьдралаа УИХ-д өнгөрөөсөн энэ эрхэм 2000-2004 онд анх Хууль зүй, дотоодын хэргийн сайд болоод шидийг олжээ. Центрпойнтын гэх хэргийг Ц.Нямдорж дөвийлгөн ярьдаг боловч үнэндээ хууль сахиулах байгууллагын энгийн л нэг гүйцэтгэх ажиллагаа юм. Харин тэр жил буюу 2002 онд Ц.Нямдорж “талх” гэж тодорхойлсон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаа УИХ-аар батлуулжээ. Ингээд хуулийн нэр, хуулийн байгууллагын хүчээр бүхнийг захирч болно гэдэг итгэл түүнд төрсөн бололтой. Мөн Ерөнхий сайд болсноор улсын бүх эрх мэдлийг атгачихлаа гэж сэтгэсэн Н.Энхбаярт хаана дутуу юм үлдээснийг нь сайн ойлгуулж өгч. Тэгмэгц эхнэрээ Тагнуулын ерөнхий газрын зөвлөхөөр түр томилсон Н.Энхбаяр гартаа оруулсан баримтыг олонд дэлгэсэн байх магадлалтай. Н.Энхбаярын сая ярьснаар бол 2000 онд “Ерөнхийлөгч асан Н.Багабанди Хятадын тагнуулын байгууллагатай холбоотой Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд болгох хэрэггүй” гэсэн байна. Удалгүй алдарт 45 хуудас материал АН-ынханд очиж, шинэхэн гишүүн Л.Гүндалайгийн нөр их үйлс эхэлжээ. 

Н.Энхбаяр төдийгүй МАН-ын дээдчүүлд Ц.Нямдоржоор судсаа бариулах хүсэл байсангүй, ингээд түүний эрх мэдлийг хумих арга зам хайжээ. Үүний дүнд аль 1992 онд УБХ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй гээд Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг яг 10 жилийн дараа Улсын ерөнхий прокурорын мэдэлд эргүүлэн аваад ирэв. “Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ-ын үнэмлэхүй олонхоор батлуулахад ядах юмгүй байсан биз. Энэ алба нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөвхөн 27.2 хэсэгт заасан хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй. Үүнд “цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч болон тагнуулын байгууллагын ажилтны үйлдсэн зарим хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг” гэх мэт чамгүй сонирхолтой зүйл багтдаг. Гэсэн ч Ц.Нямдорж хүчтэй хэвээр. АНУ авлигатайгаа тэмц гэдэг шахалт үзүүлж буйг далимдуулан, 2005 онд Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр хойтон жил нь гэхэд АТГ-ыг өөрийнхөө мэдэл дор байгуулаад авав. Түүнд хуулиараа Улсын ерөнхий прокурор бий. Харин хуульч Ц.Нямдорж өмднийхөө халаасанд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэдэг жижиг боловч хурц тонгорогтой үлдэв.  
ХӨГӨӨ ХҮНЭЭР ДЭЛГҮҮЛСЭН ТЭМЦЭЛ*
Бусдыг айлгаж ичээх дур зоргын төлөө олон жил, төрийн албан тушаал дамжин тэмцэлдсэн Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр илд далд хүчийг үзсээр ирсэн ч АН-ын гишүүний найруулгаар ард түмэнд булайгаа дэлгэнэ чинээ яахин санах билээ. Хүзүүндээ Улсын ерөнхий прокурортой, зүүн мутартаа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг, баруундаа АТГ-ыг атгасан Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдан “МАХН” гэдэг дулдуйнаас өөр юмгүй Төрийн ордны гадаа үлдлээ. Алгуур ахисаар бараг бүгдийг нь гартаа оруулчихаад байсан Н.Энхбаяр тэр дороо эрүүл ухаанаа гээсэнд гайхах зүйлгүй биз. Тэрбээр нам нь сонгуульд түүнийг хэргээр унагасан гэж өнөөдөр ч бат итгэдэг. Харин АТГ-т шалгагдан шоронд орсноосоо хойш ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж энэ бүхнийг найруулсан гэж бодож явааг нь бид зурагтаараа үзсэн. Зургаан сар гуйлгасан Ц.Нямдорж Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэгт өөрөө гүйж ороод дөрвөн жилийн өмнө Улс төрийн тойм сонинд ярьснаа ганц үгийн зөрүүгүй давтахыг нь ч монголчууд бүгд сонслоо. Нэгнээ дарж авах гэсэн хоёр улстөрчийн “бузар булайг ухвал далай гэсэн үг”. 
ХҮНД АЛДСАН БОЛОМЖ  
Алдаа оноотой боловч сонгуулиар эрх мэдэл шилждэг хойно ээлж солигдов. 2009 онд Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдоржийн ширээн дээр Н.Энхбаяр бүтээчихээд шидийг нь хараахан гаргаагүй “тоглоом” хэвтэж байлаа. Баадууг нь түлхээд л гүйцээ. Хуулиар зургаан жилийн томилгоотой Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг хугацаанаасаа жилийн өмнө, өөрийн хүсэлтээр ажлаа өгөв. Ямартай ч тэр үеэр ихээхэн хэмжээний зээлтэй хүү А.Бум-Эрдэнийг нь гадаадаас барьж ирсэн гэдэг мэдээлэл явсан юмдаг. Ардчилсан нам ялсан тохиолдолд хоосон хоцорч үзээгүй Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророор тодорлоо. Ингээд ХЗДХЯ, УЕПГ-уудыг ээж нар нь хамт тоглож явсан, Увс нутгийн улстөрчид толгойлов. Ц.Нямдоржийн ярьснаар Д.Дорлигжав бол сонгуулиас бусад үед халгалгүй уулздаг анд нь гэнэ. Гэвч тэднийг “хагас жил хагацаадаг” ээлжит сонгуулиар, 2012 онд АН-ынхан УИХ-д илүү суудал авчээ. Хамт манан татуулж явсан АН-ынхан нь МАН-тай эвссэнгүй. Ингээд Ц.Нямдорж төрсөн бууцнаас нь өөрцгүй болчихсон “дотоод хэргийн яам”-аа алдав. Тэрбээр ердөө л жилийн өмнө Н.Энхбаярын оймс гозолзохыг огт мэдэлгүй “Аав, ээж хоёр”-ыгоо аялж суусан гэдэг. Одоо зурагт үзэх завтай болжээ.

АТГ-т ч драм өрнөлөө. 2011 оны сүүлчээр гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин ажилтнаа чагнасан гэдэг үндэслэлээр Н.Энхбаярын томилсон АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар шүүхээс тэнэсэн сонсож суудал нь эзгүйрэв. Орыг нь удалгүй Н.Ганболд, Б.Хурц хоёр залгасан ч АТГ-ын хамгийн чухал хүнийг иргэд Б.Хурц гэж ойлгосон юм. 2012 оны эхээр УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хууль хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг”, “цагдаагийн бие бүрэлдэхүүнд байгаа хөрөнгөлөг хурандаа нар”-ыг шалгах шаардлагатай гэж хэлсэн байдаг. Гэвч салбарынх нь сайд Ц.Нямдорж хөдлөөгүй учир тухайн үед Ерөнхийлөгчийн зөвлөх байсан, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ц.Нямдорж сайд шиг хүмүүсээс болоод үндэсний аюулгүй байдалд хор хохирол учирч байна” гэдэг ярилцлага өгчээ. Гэхдээ түүнийг ээлжит сонгууль “хөдөлгөж” орхисон юм. Ийнхүү Н.Энхбаяртай өрсөлдөн бий болгосон “шударга ёс” тогтоох систем нь бусдын гарт орох дээрээ тулав.  
ДАВХАЦСАН ЭРХ АШИГ 
Сайд байтугай УИХ-д намын бүлэггүй хоцрох шахсан Ц.Нямдоржийн уур одоо ч бүрэн гараагүй яваа. Гэтэл Х.Тэмүүжин цагдааг урьдынх шиг нь түүний үгээр хөдлөхөөргүй болгочихов. Үүнд эгдүүцсэн Ц.Нямдорж боломж гарах тоолонд Х.Тэмүүжин рүү дайрах, салбарын шинэтгэлийг нь гутаах ажилд урьдын дайсан С.Нарангэрэлтэй хошуу холбосон байна. Үхсэн буурын толгойноос айх тором ч үлдэхгүй бол Ц.Нямдоржийн хувьд хорвоо хөмөрснөөс ялгаагүй буюу. Харин Д.Дорлигжав Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаараа шүүгчийг, цагдааг, АТГ-ыг хүртэл айлгасан шиг сууж байтал Б.Хурц томилогдсоноос хойш зөрчлийн үүд нээгдэв. 2013 оны аравдугаар сард Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба, Цагдаагийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах санамж бичиг гэдэгт П.Пүрэвцогт, Б.Билэгт нар гарын үсэг зурсан нь АТГ-тай өрсөлдөх эвсэл үүсч буй мэт харагдсан. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс тэгэхэд “МИАТ-ийн”, “Жастын Батхүүгийн, “Болд төмөр Ерөө голын Дэлгэрсайханы” гэх мэт хэргүүдийг илрүүлчихсэн, шалгачихсан, шүүлгэчихсэн ид л шуугиан тарьж байлаа. Тонгорог жижигдэхгүйг харуулах мэт. 

Харин цаг хугацаа өнгөрөх хэрээр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинийг зайлуулахад хүч хавсарсан нь тодорлоо. Гэтэл Ш.Түвдэндоржийн санаачилсан “Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийг энэ жилийн эхний сард УИХ-аар баталснаар Д.Дорлигжав гар мухар хоцорлоо. Хорин хоёр жилийн өмнөх үндэслэлээ хоёр дахиа ашиглаж буй нь энэ. Мань Ерөнхий прокурор зүгээр суугаагүй гэдгийг түмэн мэднэ. Х.Тэмүүжинтэй хууль ёсоор заалдаж болох бүх сэжмийг гүйцээж, эцэстээ эр хүний “сул тал”-аар нь оролдсон бололтой байдаг. Харин энэ ажлыг 2012 онд Ерөнхий сайд болоогүйдээ шаралхан Засгийн газраа татаж унагах шалтаг эрж явсан Х.Баттулга чанарын өндөр төвшинд гүйцэтгэж байгаа харагдсан. Хуулийн нэрээр бизнесмэнийг далайлган “дээрэмдэх уралдаан” АТГ, ЦЕГ, УПЕГ гурвын дунд өрнөөд удсан. Хууль эрх зүйн шинэчлэл нэрээр сүүтэй үнээнээс нь салгах дөхсөн Х.Тэмүүжинг “Чингис хаан” болгочихолгүй туг тахих сонирхол энэ гуравт бий. Засгийн газарт шургуулсан хүнийхээ тоог нэмэхээр “давхар дээл” ярьсан Ц.Элбэгдорж “Х.Тэмүүжинд ноцтой алдаа дутагдал бий. Харин энэ Засгаас эхэлж огцруулах сайд биш” гэж Твийтэрт жиргэснийг АТГ-ын сануулга гээд ойлгочиход буруудахгүй.
ДАНГААР ЗАХИРАХ ЭХЛЭЛ
Хүний хүнтэй элбэж Засгийн газраа унагасан АН-ынхан УИХ-д суудалтай хүн бүхэнтэй эвсэж шинэ Засаг байгуулах ажилд оржээ. Нийгэм хар зөнгөөрөө ганц хатуу гар хүсэмжилж буй харанхуйгаар бид сөрөг хүчингүй засагтай болох нь. Ч.Сайханбилэг тамга авмагцаа АТГ-ын дэд даргыг ТЕГ-ын даргаар, ТЕГ-ын даргыг “өөр нэг” ТЕГ-ын даргаар, харин Цагдаагийн ерөнхий газрын даргаар Р.Чингисийг тус тус томиллоо. Ингээд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэзээ ч Чингис болохгүй гэдэг “ерөөл” биеллээ олов. Харин түүний суудлыг хүссэн, хүсээд зогсохгүй “хөдөлмөрлөсөн” Д.Дорлигжав эзлэх нь тодорхой боллоо. Энэ ч дүүрсэн хэрэг, лайг нь үүрч чадна гэвэл нүгэл үйлдэж ядах юу байх вэ. Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтцээ УИХ-ын даргад танилцуулахдаа Тахарын албыг татан буулгахаар болсноо бас хэлсэн юм. Ардчиллын тулгуур эрхт зүйт төрийг зорьсон шинэчлэл үүгээр зогсож мэдэх юм. УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Мөрдөх албаны тухай хуулийг 18 сар дараад өнөө хүрлээ. Энэ хууль гарчихсан бол баялаг бүтээгчдээ нэгнээсээ өрсөн дүүжилж, өөх тосыг нь савируулдаг явдал цэгцрэх байлаа. Энэ янзаараа мөдхөн даллан дуудсан ганц хүний засаглал тогтоно. Тэр цагт ийм үгс бичих битгий хэл бодох эрх ч үлдэхгүй ээ.

Д.Батбаяр


скачать dle 12.0