Мэдээ мэдээлэл

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал ба мод тарих арга барил

Хуваалцах:

Монголчуудын байгаль хамгаалах уламжлал ба мод тарих арга барил

 

Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 58 дугаар зарлиг гаргажээ.

Уг зарлигт: Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай (Нэг): гэсэн заалт байна. Энэ нь тухайн үйл ажилгааны цар хэмжээг тодорхойлжээ.  Харин “ жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувийг байгальд ээлтэй, стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зориулах эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох шийдвэр гаргах(1.2);” гэдэг заалтаар зарцуулах хөрөнгө, мөнгөний  хэмжээг гаргаж иржээ. Улмаар “ иргэн, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, түүнийг улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад нь бодит дэмжлэг үзүүлэх болон гадаад улсаас Монгол Улсад ирж буй хүн бүр монгол оронд мод тарих санаачилгыг өрнүүлэх (1.5);” гэсэн заалтаар  үйл ажиллагаанд оролцогсод (иргэд)-ын  оролцоог ханган, шинэ ажлын байр бий болгон хамрах хүрээ хязгаарыг өргөжүүлэн тусгажээ. Зарлигаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хамрагдах хүрээ хязгаарыг тогтоож өгсөн байна.

Монголчуудын хувьд орчин үеийн мод тарих үйлдэл нь өнгөрсөн зууны 20- ид оноос эхтэй. Энэ талаарх баримт материалыг авч үзье. Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн талаар1924-1925 оны үеэс хүчтэй яригдаж сан байгуулахад тухайн үед 3000 төгрөг хуримтлагдаж байсан байна. Монголбанкны үүдэнд лавар навчит анхилун үнэрт улиас модыг 1930 онд тарьснаар нийслэлийн цэцэрлэгжүүлэлтийн суурь тавигдсан гэж үзэх юм . Тэр үед Монголбанк одоогийнх шиг том байшинтай байгаагүй. Байрлал нь мөн боловч байшин хожим томорч баригдсан тул уг улиас байхгүй болжээ.

Нийслэлд хамгийн эхлээд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг байгуулж байсан байна. Түүний дараа Төв шуудан, 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн эргэн тойронд цэцэрлэгжүүлэлт хийсэн аж. Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа 1955 оноос эрчимжжээ. Энэ бол төв суурин газар тэр тусмаа Улаанбаатар хотын гудамж талбайг цэцэрлэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. Ерөнхийлөгчийн 58 дугаар зарлигийн хувьд суурин газрын цэцэрлэгжүүлэлтийг өргөжүүлэхээс гадна ойн санг нэмэх, доротсон ойн санг нөхөн сэргээх тодорхой заалт оржээ.

Монголчууд доройтсон ойг нөхөн сэргээх, ойн санг нэмэх, ойжуулалт хийсэн тохиолдол бий. Тухайлбал 2000 оноос Тужийн нарсыг нөхөн сэргээх мод тарих үйл ажиллагааг БНСУ-ын дэмжлэгтэй  (төсөл хэрэгжүүлсэн)-гээр хийсэн.

Тужийн нарс хэмээх байгалийн цогцолбор газар нь Сэлэнгэ аймгийн  Шаамар, Алтанбулаг сумын нутагт байдаг.  Гал түймрийн аюул, ашиг хонжоо хайгчдын гарт өртөн  сүйдсэн. Сүүлийн жилүүдэд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд 40-50 хувь нь байгалийнхаа аясаар сэргэн ургажээ. Тужийн нарс нь байгалийн зүй тогтцын хувьд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл болдог онгцлогтой. Тэгш тал газрын элсэрхэг хөрстэй нарсан ой. Цагтаа хүн явахын аргагүй шигүү, ойн гүнд нь хээрийн салхины исгэрээ мэдрэгдэхгүй байсан гэгддэг.  Нарсан ой устаж мөхөхийн ирмэгт ирсэн явдал саяхных. Экосистемийнх нь хувьд иж бүрэн цогцолбороор нь нөхөн сэргээх зорилгоор 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтанд авсан байдаг. Байгалийн цогцолбор газрын  нутаг нь Орхон Сэлэнгийн бэлчир орчмын бэсрэг нам уулс, гүвээ толгод бүхий хээр нутаг юм. Уул толгод, ухаа гүвээнүүдийн хажуу нь налуу, хоорондох ам хөндийнүүд нь өргөн. Энд хуурай хээрийн хар хүрэн хөрстэй гэж тус байгууллагын  танилцуулгад дурдсан байна.

Монголчуудын хувьд байгалийг нөхөн сэргээх, шинээр цэцэрлэгжүүлэх гэхээс илүүтэй байгалийг унаган төрхөөр нь авч үлдэн хамгаалах уламжлал баримталж иржээ. Гэхдээ хууль цааз гарган хамгаалж байсан нь түүхэн баримт, эх сурвалж олон байх юм. Монголчуудын байгаль хамгаалах уламжлал нь бидний өвөг дээдэс болох Хүннүгээс эхтэй гэж үзэх болох талтай бөгөөд МЭӨ -209 (“нийтийн тооллын өмнөх” НТӨ) онд Маодунь Шаньюй “Газар бол улсын үндэс” хэмээн үзэж байсан бол дараа дараагийн гарч ирсэн улсууд нь байгаль хамгаалах тал дээр анхаарч тахилга тайлга үйлдэж байсан мэдээ  сэлт аман болон бичгийн хэлбэрээр үлджээ.

Их Монгол улс 1206 онд байгуулагдан тулгар төр тогтнож, байгаль хамгаалах хууль цаазын нэгдмэл тогтолцоо бий болсон гэж хууль зүйн шинжлэх ухааны зарим судлаачид онцолсон  байна. Өвөг дээдсийн үеийн гол хууль нь ”Их засаг хууль” юм. Уг  хуульд байгаль хамгаалалтын нарийн заалтууд байсан гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Монголчуудын байгаль хамгаалах уламжлалыг Их Юан гүрний үед улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, байгаль хамгаалалтай холбоотой  олон хууль тогтоомжууд гаргаж байсан бололтой. Байгаль орчныг хамгаалах талаар нэн эртнээс зан заншил, шашин шүтлэг, хууль цаазын маш нарийн, онцгой өвөрмөц тогтолцоо бүрдүүлсэн цөөн тооны орнуудын нэг нь бидний өвөг дээдэс байсан байх юм. Энэ нь Монгол хүний унаган байгальтайгаа өдөр тутам харьцаж байдаг ахуй амьдралын сэтгэлгээ арга ухаантай шууд холбоотой гэдгээр тайлбарлагдах биз. Байгалийг байгаа байдлаар нь хамгаалж байсан гэдэг нь биетээр цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулж байгаагүй гэсэн үг бас биш ээ. Өргөн уудам цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулж байсан талаар түүхэн баримт үлдсэн байна.

Тухайлбал: Монголын их Юань улсын нийслэл Дайду хот (Бээжин)-д  Ханаду нэрт цэцэрлэгт хүрээлэнтэй байжээ. “Ханаду цэцэрлэгт хүрээлэн 27 км голчтой  усан оргилуур, гол горхитой,  Их  хаан Хубилай долоо хоногт нэг удаа очиж олон тооны харцага, шонхор шувуудаа эргэн, тэжээвэр ирвэсээрээ ан хийдэг байсан” хэмээн Венецийн жуулчин Марко Поло тэмдэглэн үлдээжээ.  Их Юань улсыг Хубилай цэцэн хаан 1271 онд байгуулж байгуулж байжээ.
скачать dle 12.0