Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд орон нутагт ажиллажээ. Энэ үеэр Дундговь аймгийн Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн байна. Цагаан суваргад жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг. 2020 онд 7000 орчим, 2021 онд 15 мянга орчим дотоодын жуулчин иржээ.
Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг.
Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Цагаан суваргаас зүүн тийш долоон километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш гурван хайлаас байдаг аж.
Дундговь аймгийн ИТХ-ын 2019 оны 14 дүгээр тогтоолоор Дэл, Хөнжлийн уул, Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын улбааг уламжлан хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор нийт 336490 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлжээ.
Харин Соёлын яамнаас Цагаан суваргыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тухай саналыг БОАЖЯ-нд өгчээ.
Улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын захиргааг байгуулахын тулд байгалийн цогцолборт ангилалд шилжүүлэх шаардлага бий болсныг орон нутгийн удирдлагууд ч хэлж байна.
Энэ онд салбарын яамнаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 12 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний нэг нь Цагаан суварга оржээ. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсэх болжээ.
Улсын тусгай хамгаалалтад авсан газруудад тодорхой хязгаарлалтууд гарах учраас малчин өрхүүдийг дэмжих бодлого, отрын бүс болон бэлчээрийн даацыг зохицуулах зэрэг асуудал тулгарахыг сануулав.