Эдийн засаг:
2016 онд “ардчилсан” Монгол Улсад парламентийн долоо дахь удаагийн сонгууль болж, улстөрийн ууган хүчин МАН түүхэн том ялалт байгууллаа. Энэ бол МАН-ын гуравдахь (1992 онд 70, 2000 онд 72, 2016 онд 65 суудал) агуу том амжилт билээ. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-ын дарга нар Тусгаар тогтнолын ордныхоо урт коридорт эв нэгдэлтэй нь аргагүй гар, гараа барилцан гарч ирээд мэргэн сонголт хийсэн ард түмэндээ мэхийж байлаа. Намын дарга М.Энхболд нийт гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ “Итгэл найдвар хүлээлгэсэн Монголын ард түмэндээ баярлалаа. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна. Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.
Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй” хэмээн итгэл төгс мэдэгдэж байсныг ард түмэн мартаагүй. Үнэндээ хашир туршлагатай, харьцангуй эв нэгдэлтэй нам гэдэг нүдээр харж, хүлээж байсан хүн олон. Өөрөөр хэлбэл, хоорондоо эвдрэлцэж, улмаар Засгийн газраа унагаж, нэр хүндээрээ тоглоно гэж тухайн үед хэний ч санаанд ороогүй биз ээ. Гэтэл ганцхан жилийн дараагаас улстөрд өөр өнгө аяс ажиглагдаад эхлэв. Өнөө сүрхий тулхтай, түшигтэй, дотоод эв нэгдэл, сахилга бат сайтай гэгддэг МАН өөрсдийнхөө санаачилгаар Засгийн газраа огцруулах нь тэр. Огцруулах огцруулахдаа хэдэн сайд нар нь хамтарч идэж уугаад байсан учир өөрчлөхөөс аргагүйд хүрсэн гэдэг ноцтой шалтгаан тооцсоныг бүх нийтээрээ сонссон.
Эндээс л МАН-ын эвдрэлцэл, хагарал эхэлсэн нь үнэн. За яахав, болж бүтэхгүй болоод л засгаа огцруулаа биз, дараагийнх нь хэл амгүй ажиллаж, эв нэгдлээ хичээх байх гэдэг Монгол хүний уужим ухаан, итгэл үнэмшлээр сонгогчид хүлээж авсан. Нэг ёсондоо хоёрдахь Засгийн газрын тэргүүнийг МАН-ын дарга болсноор байдал намжина гэж хэн хүнгүй итгэсэн хэрэг л дээ. Төр засаг тогтвортой, улс нийгэм тайван амгалан байхыг хүсдэггүй хэн байх билээ. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах үед эхэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдал У.Хүрэлсүхийг намын дарга болсноор шийдэгдсэнгүй. Уг нь тэр хүн МАН-ын даргын тамгыг гардаж авсныхаа дараа “МАН бол эв нэгдэлтэй нам. Монгол гэдэг айлын ууган хүү юм.
Би намынхаа эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, сэргээх хариуцлагатай үүрэг ч надад оногдож байгаа. 32/33-ын хагарал энэ цагаас эхлэн эцэс болж байгааг зарлая. Би чөмгөө дундартал зүтгэнэ. Хичээж зүтгэж ажиллана. Монгол Улс мандан бадраг. Ардын засаг бадрах болтугай” хэмээн их л бардам итгэлтэй бөгөөд хийморь цог золбоотойгоор зарлан тунхагласан юм шүү дээ. Түүнтэй өрсөлдөөд ялагдсан Д.Хаянхярваа ч “Бид өнөөдөр эв эеэ ололцсон. Энэ цаг мөчөөс хойш бид эв нэгдлээ эрхэмлэж, МАН гэх их нэрийн дор явах болно. Журмын нөхөддөө эвгүй үг хэлж байсан бол уучлалт хүсч байна. Намынхаа хамгийн том эрхэм дээд байгууллагын өмнө үг хэлэх гэж байхдаа сэтгэл өвдөж байлаа.
Би намын даргад өрсөлдөх чадамжтай юу гэдгээ бодож суухдаа сэтгэл догдолж байлаа. Энэ цаг мөчөөс эхлээд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ элдэв долоон зүйлээр дайрдагаа зогсооё. Алдагдсан үнэт зүйлээ эргэж сэргээе. Бидэнд үнэт зүйл гэж бий. Би ахмадаа хүндэлдэг, залуусаа хүндэлж, хайрладаг, алдаа оноогоо засч залруулдаг байгаасай гэж хүсдэг. М.Энхболд дарга улс төрийн амаргүй ачааг үүрч ирсэн. Танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. У.Хүрэлсүхэд би итгэж байна. Эвлэрүүлж явна гэдэгт бүр их итгэлтэй байгаа. Унаж доройтсон эдийн засгаа ч сэргээнэ гэж итгэж байгаа. Бид хамтдаа бүтээж, хүрээлж явах ёстой” хэмээгээд нам, засгийн шинэ тэргүүндээ нялуунаар үнсүүлж байв. Гэвч тэрбээр жилийн дараа Ерөнхий сайдыгаа огцруулах бичгийг өргөн барих “хувьтай” байж. Одоогийн байдлаар эв нэгдэл бүр долоон уулын цаагуур далд орлоо. Итгэлцэл, ойлголцол бараг л үлгэр болж байх шиг байна. Сонин хэвлэл, сошиалаар хэрэлдэх нь хэтэрч, алалцах хэмжээнд хүрлээ.
М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр дээр хуваагдсан “60 тэрбумынхан” болоод “Ждү”-чид нь мөддөө эвлэрэх шинж алга. Энэ янзаараа бол УИХ-ын дарга огцорлоо ч байдал намжих нь юу л бол. У.Хүрэлсүх хэлсэн занасан ёсоороо М.Энхболдын бүлэглэлийнхэнд царай өгөхгүй, ер нь л зайгаа барина. Харин “Энхболдчууд” бууж өгч аялдан дагах, эсэх нь эргэлзээтэй. Бараг л худлаа. Тэд УИХ-ыг тараах гэж нэлээд зовооно. Чадахгүй бол Засгийн газартай дахин ноцолдоно. Ямар ч байсан У.Хүрэлсүх нар ялсандаа баярлах болоогүйг нөгөөдүүл нь өглөө бүр сануулж байж мэдэх юм.
1996-2000 оны хооронд засагласан МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл бүрэн эрхийнхээ хугацаанд Засгийн газраа гурван удаа сольсон яг тэр алдааг МАН давтахад ойрхон ирсэн нь нийгэмд үнэхээр парадокс үзэгдэл болоод байна. Гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг огтоос үл огоорч байна. Хамгийн хачирхалтай нь 1996 онд ардчилсан хүчин үүсэн байгуулагдаад ердөө зургаахан жилийн нүүр үзэж байсан шүү дээ. Харин ардчиллын төлөөх зургаан нам нэгдэж Ардчилсан Нам (АН)-ыг үүсэн байгуулж Дээд шүүхэд бүртгүүлсэн тэр цагаас хойш тоолбол өнөөдөр 19 нас л хүрч байгаа юм уу даа. Түүний дэргэд МАН 100 жилийн түүхтэй. Ийм тоо болоод чанарын асар том ялгаатай байж нялх АН-ын алдааг давтаж байгаа нь үнэхээр хачирхалтай. АН өнөөдөр ч сөрөг хүчин хэрнээ дотоод нэгдмэл шинжээ хадгалж чадахгүй байгааг бүгдээрээ харж байна. Энэ намд хуваагдал бий болж болзошгүй шинж ажиглагдаж байгаа нь нууц биш.
АН-ын дэд дарга, туршлагатай улстөрч Р.Амаржаргал саяхан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Ард түмний хүлээлгэсэн асар их итгэл найдварыг эрх баригч нам дааж чадсангүй. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Миний бие үүнтэй санал нэг байна. МАН-ын уламжлалт цар хүрээ, гишүүд дэмжигчдийнх нь чансаагаар хэмжээд үзвэл харьцангуй боловсон хүчин сайтай гэж харагддаг. Гэхдээ мэдлэг боловсролтой гишүүдээ татаж, дэвшүүлэхээсээ хөрөнгө бэлтэйд нь илүү найр тавьж ирсэн нь өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэвэл үнэнд арай илүү дөхөж очих болов уу.
Нам бол үзэл бодол, санаа зорилго нэгтэй хүмүүсийн нэгдэл гэдэг уламжлалт стандарт ойлголт өнөөдөр хувьсан өөрчлөгджээ. Итгэл үнэмшлээрээ гэхээсээ эрх мэдэл, хувийн эрх ашгийн төлөө намаар дамжиж төрд шургалдаг тогтолцоо бий болоод удлаа. Ийм нөхцөлд намаа, намын нэрээр албан тушаалд хүрсэн хүмүүсийг оюун санааны хувьд нэгтгэж, базах нь лидер хүнд хэцүү бололтой. Боловсон хүчнээ бэлтгэх бодлогоо хойш тавьж хөрөнгө мөнгийг нэгдүгээрт онцлон шүтсэн нь аливаа улстөрийн хүчнийг хүчгүйдүүлдэг аж.
Дажсүрэнгийн Лхагвадорж
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18