Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг зохион байгуулах эрх зүйн үндэслэл, бодлогын баримт бичгүүд батлагдаад 4-5 жил болж байгаа юм.
Тухайлбал, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-нд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд хөндлөнгийн үнэлгээний шалгалт зохион байгуулагдах асуудал тусгагдсан байгаа.
Мөн БШУ-ны яаманд Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс шинээр байгуулагдсан бөгөөд тус хэлтэс багшийн ажлыг үнэлж дүгнэх аргачлалыг боловсруулан БШУ-ны яам болон Засгийн газарт тогтоол гаргуулахаар өргөн барьжээ. Ийнхүү БСШ-ны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тооцох шалгалтыг орон даяар зохион байгуулж эхэллээ.
Төрийн өмчийн 654 сургуулийн 31 мянга орчим багш шалгалтанд хамрагдана
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Боловсролын үнэлгээний төв үндэсний хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт тус бүр хоёр хүнтэй, 60 комисс томилон ажиллуулжээ. Тус комисс ЕБС-иудад үнэлгээний шалгалтын журам, аргачлалыг танилцуулж, шалгалтыг зохион байгуулах ажлыг хариуцсан байна.
Орон нутагт ажиллах комисс өнгөрсөн долоо хоногт аймгийн төвүүдэд очсон бол өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн хэмжээний ЕБС-иудад ажиллах комисс нэгдсэн журмаар бэлтгэл ажилдаа оржээ. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээ, салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд бэлтгэх хөндлөнгийн үнэлгээний шалгалтын тухай мэдээллийг тус эдгээр комисс орон даяар багш нарт цахим болон танхимын хэлбэрээр үе шаттай өгсөн байна.
Тус комисс тусгайлсан үнэлгээний мэдээллийг БШУ-ны яамны Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран аймаг, нийслэлийн Боловсролын газар болон ЕБС-ийн удирдах ажилтан, захирал нийгмийн ажилтан, сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагчдад бүсчилсэн байдлаар, онлайн хэлбэрээр өгчээ. ЕБС-ийн багш нар шалгалтын тухай мэдээллийг удирдлагаасаа авч, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтад бэлдэж эхэлжээ.
ЕБС-ийн багш нараас анх удаа авч байгаа багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтад улсын хэмжээний төрийн өмчийн 654 сургуулийн 31 мянга орчим багш хамрагдах аж. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн 684 сургууль үйл ажиллагаа явуулдаг ч энэ удаагийн шалгалтад төрийн өмчийнх хэдий ч монгол, гадаадын хамтарсан болон консервитар, лицей, тусгай ангиллын 30 сургууль хамрагдахгүй юм байна.
Багш нар үндсэн дөрвөн шалгууртай 13 төрлийн үнэлгээнд хамрагдана
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний аргачлал, шалгуурыг олон улсын жишигтэй харьцуулан гаргажээ.
1. Хичээл сургалтын үйл ажиллагааг төлөвлөсөн байдал, төлөвлөлтөөс гарч буй үр дүн ямар байгааг үнэлэх,
2. Багшийн өөрийн тасралтгүй хөгжил ямар төвшинд байгааг тодорхойлох,
3. Багшийн зүгээс үзүүлэх хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дэмжлэг, үйл ажиллагааг үнэлэх,
4. Багш өөрийн болон байгууллагын зорилго зорилтыг хэрхэн биелүүлдэг болох, хамт олны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг эсэх, хамт олонтойгоо хамтран ажилладаг эсэхийг тодорхойлох 13 төрлөөр боловсруулжээ.
Эдгээр шалгалтаас суралцагчийн сурлагын амжилт, ахицыг тодорхойлох хөдөлмөрийн үнэлгээний шалгалт л бичгээр явагдах бөгөөд 23-27-ны өдрүүдэд нэгдсэн хуваарийн дагуу, үндэсний хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдана. Үлдсэн 12 шалгуур буюу багш өөрийгөө үнэлэх, багшийг удирдан зохион байгуулдаг захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч болон багшийн ажлын үйлчилгээний үр шимийг хүртэгч суралцагч болон тэдний эцэг, эхээс өгөх үнэлгээг цуглуулах хөндлөнгийн үнэлгээний шалгуурууд цахим хэлбэрээр явагдах аж.
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалт нь багшийн ажлын 100 онооны зөвхөн 35 оноо нь байна. Үлдсэн 65 оноог багшийн өөрийн үнэлгээ болон эцэг эх, суралцагч, захирал, заах аргын нэгдэл зэрэг бусад хөндлөнгөөс өгсөн үнэлгээнээс авах аж.
Багш нарын чадвар, чадамжийг харуулсан үндэсний хэмжээний дата бий болно
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг зохион байгуулснаар багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаасаа сурлагын амжилтыг ахиулах гэсэн ерөнхий гол үр дүнг хүлээж байгаа гэж БШУЯ болон Боловсролын үнэлгээний төвийнхөн үзэж байна. Шалгалтын дараа,
1. Тухайн багш ажлын байрны үндсэн тодорхойлолтод заагдсан ажлаа хэр зэрэг үр дүнтэй зохион байгуулдаг болох, хамт олонтойгоо хэр зэрэг нийцтэй байдаг болох, хамт олны ажилд хувь нэмрээ оруулдаг эсэхийг тодорхойлохоос гадна сурагчдаа хөгжүүлж чаддаг эсэх, хүүхдийн төлөвшил, хандлага, эрүүл мэнд, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд арга зүйн дэмжлэг, зөвлөгөө, заавар өгч байгаа эсэхийг тодорхойлох боломжтой болно.
2. Багш нарын сургалтын чанарыг асуулгаар илрүүлэх бөгөөд багш нар сургалтандаа мэдээллийн технологийн ур чадварыг хэрхэн ашигладаг эсэхийг мөн тодорхойлно. Шалгалтын үр дүнг аймаг, нийслэлийн хэмжээнд, мэргэжлийн хичээлүүд болон багш нарын насны ангиллаар нарийвчлан гаргаж, үндэсний хэмжээний дата бий болох аж.
3. Давхардсан тоогоор 500 орчим мянган хүүхдийн сурлагыг үнэлэх ажил давхар явагдана. Эдгээр хүүхдийн шалгалтын материал дээр мэргэжлийн түвшинд статистик шинжилгээ хийж, суралцагчдын хоцрогдлын түвшин ямар байгааг тодорхойлж, өнгөрсөн намар зохион байгуулагдсан үнэлгээтэй харьцуулах боломж гарч ирнэ.
4. Шалгалтын үр дүнгээс багш нарын хоцрогдлыг тодорхойлж, гүйцэтгэлийн үнэлгээ нь хангалтгүй гарсан багш нарыг цаашид мэргэжлийн ямар чиглэлээр хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг боломжуудыг нээх аж. Мөн багшийн хөгжлийн чиглэлийн зөвлөмжийг боловсруулж, БСШУ-ны яам, Боловсролын ерөнхий газарт хүргүүлж, багш нарыг онолын болон заах ур чадварын сургалтад хамруулж, багшийг хөгжүүлэх мэргэжлийн сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар тооцож байгаа юм байна. Гүйцэтгэлийн үнэлгээ нь хангалтгүй гарсан багш нарт 200 мянган төгрөгийн “Багшийн хөгжлийн карт” олгох бөгөөд энэ картыг авсан багш нар сургалтад хамрагдах аж.
Хангалттай үнэлэгдсэн багш нарт 25 хүртэл хувийн нэмэлт урамшуулал олгоно
БШУ-ны яам, Боловсролын үнэлгээний төвүүд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг орон даяар жилд хоёр удаа буюу тавдугаар сар болон арванхоёр дугаар сард явуулахаар төлөвлөж байгаа аж. Шалгалтын үр дүнг БСШ-ны яам, Боловсролын ерөнхий газар хүлээн авах бөгөөд тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм. Энэхүү үнэлгээг Боловсролын үнэлгээний төв гаргах бол урамшууллыг Боловсролын ерөнхий газраас хуваарилан олгохоор тогтжээ.
Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүйг Боловсролын үнэлгээний төв онцолж байна. Мөн хангалтгүй үнэлэгдсэн багшийг эцэг, эх, сурагчдад ил мэдээлэхгүй байхаар тогтжээ. Хангалтгүй үнэлгээ авсан багшийг цаашид хөгжүүлэх төлөвлөлтүүд гарч, мэргэжил, арга зүйн дэмжлэг өгөх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтууд зохион байгуулагдах юм байна.
Тавдугаар сард хийгдсэн үнэлгээний үр дүн долдугаар сард гарна гэж тооцож байгаа бөгөөд багш нар урамшууллаа 5-12 дугаар сард авч, 12 сард дахин үнэлгээний шалгалтад хамрагдах юм. Анхны үнэлгээний шалгалтаар хангалттай оноо аваагүй эсвэл 10 хувийн нэмэгдэл авах болзол хангасан багш нарт дараагийн үнэлгээний шалгалтыг амжилттай өгч, 25 хувь хүртэлх нэмэгдэл авах боломж нээлттэй байх юм.
Одоогийн байдлаар багш нар үндсэн цалингаас гадна мэргэжлийн зэргийн, тэргүүлэх багшийн, заах аргын, анги удирдсаны гэх мэт нэмэгдэл цалин авдаг. Мөн олимпиад, уралдаан тэмцээнд хүүхдийг амжилттай бэлтгэж, өндөр амжилт үзүүлсэн багш нар ур чадварын нэмэгдэл 25 хувь хүртэл авдаг. Энэ журам хүчин төгөлдөр үргэлжлэх бөгөөд Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг үр дүнгээс гарсан 25 хувийн нэмэгдэл багш нарт өмнө нь олгож ирсэн нэмэгдэл урамшуулал дээр нэмэгдэж очих аж.