МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.25/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүний Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан тухай Д.Монголхүү хэлсэн юм. Тэрбээр “Шүүх шийдвэрээ гаргаж, намайг гэм буруутайд тооцон нэг жил БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглов. Үндэслэл нь бүртгэлгүй жагсаал цуглааныг зохион байгуулагч гэсэн” гэв.
Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаагаад байсан юм.