Жил бүр 65 гаруй орноос 15,000 гаруй оюутан, сурагч оролцдог “World scholar's cup 2022” олон улсын багийн эрдэм шинжилгээний бага хуралд манай улсын 25 сурагч, багштайгаа оролцож байна. Дубай хотод болж буй уг тэмцээн нь сургуулиас гадуурх мэдлэг олгох, орон орны ёс заншил, үүх түүхийн мэдлэг олгох, хүүхэд залуучуудыг өөртөө итгэх итгэлийг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Оролцогч хүүхдүүд англи хэл дээр шинжлэх ухаан, хүрээлэн буй байгаль цаг уурын өөрчлөлт, дэлхий нийтэд тулгарч буй асуудлууд, түүх, утга зохиол, урлаг соёлын олон төрөлд ганцаарчилж болон багаараа илтгэл тавьж авьяас чадвараа сорьдог аж. Энэ сарын 23-28 ны өдрүүдэд болж буй уг тэмцээнд одоогоор Ж.Бүжинлхам таван алтан медаль, Г.Энхжин хоёр алтан медаль хүртээд байна. Эндээс шалгарсан хүүхдүүд Йелийн их сургуульд жил бүр зохиогддог Аваргуудын тэмцээнд оролцох урилга авах боломжтой гэнэ.