Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 30-31-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 505 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 6, нийт 9 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна. Тодруулбал, нийслэлд явган зорчигч хэлбэрээр 3 хүн гэмтсэний нэг нь хүүхэд байсан бол орон нутагт автомашин онхолдсон ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг иргэн нас барж, мотоциклтой холбоотой 3 осол бүртгэгдэж дөрвөн хүн бэртжээ.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 244 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон 4 тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь жолооч, нэг нь явган зорчигч байжээ.
Зөвхөн өнгөрсөн 7 дугаар сард мотоциклтой холбоотой 54 осол бүртгэгдсэнээс 27 хүн гэмтэж, 9 хүн нас барсан байна.
Мотоциклын ослоор гэмтэж бэртэж, нас барч байгаа байдалд дүн шинжилгээ хийхэд төв магистрал аспалтан зам дээр бус шороон замд сум баг, малын бэлчээрт хээр ихэнх тохиолдолд осолдож байна. Улмаар осол гарах үед хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэлгүй байсан нь, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явсан нь осол гарах, гэмтэж бэртэх, амиа алдах үндсэн шалтгаан болжээ. Энэ төрлийн ослын улмаас ихэнхдээ эцэг, эхчүүд эсвэл эрэгтэй хүүхдүүд хохирсноор өрх гэрийн амьжиргаанд шууд нөлөөлж хүүхдүүд өнчирч үлдэх, эхнэрүүд өрх толгойлж үлдэх харамсалтай тохиолдлууд орон нутагт гарч байна.