Сагсан бөмбөгийн нэрт тоглогч Билл Рассел өнгөрөгч долоо хоногт 88 насандаа таалал төгсөв.
Билл Рассел "Бостон Селтикс" багийн төлөө 13 улирал тоглохдоо 11 аваргын цом өргөсөн сагсан бөмбөгийн агуу ялагч байлаа. Их сургуульд элссэн эхний тоглолтдоо 23 оноо авч, 13 хаалт хийж, багаа 55 дараалан ялалт байгуулж, хоёр удаа NCAA-гийн түрүү авахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Түүний дараагаар 1956 оны олимпын наадмаас алтан медаль хүртэж, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бостон Селтикс" багт нэгдсэнээр түүний гайхамшигт түүх эхлэв.
Сагсан бөмбөгийн домогт тоглогч Билл Рассел 67 настай байхдаа буюу 2001 онд чөлөөт сэтгүүлч Алан Полтой хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-БИЛЛ РАССЕЛЫН 67 НАСАНДАА ӨГСӨН ХОВОР ЯРИА-
-Та бол бүх цаг үеийн сагсан бөмбөгийн түүхэнд хамгаалалтаараа алдаршсан нэгэн. Харин хамгаалалтаас бусад оноо авалт, багийн тоглолтдоо хэр байсан талаар тань хүмүүс анзаараагүй юм шиг санагддаг?
-Би өөрийнхөө хувьд хамгаалалтаас илүүтэй довтолдог тоглогч байсан. Мэргэжлийн сагсан бөмбөг тоглож эхэлсэн эхний жилдээ довтолгоонд идэвхтэй оролцсон. Харин дараа жилээс нь л бараг тоглолтын бүх довтолгоо надаар дамждаг болсон байлаа. Намайг зодог тайлсны дараа манай багийн хамтрагч байсан Жон Хавличек хүртэл “Хамгаалалтаас илүү довтолгоогоо санаж байна” гэж хэлсэн юм шүү.
-Тоглолтын өдөр үзэгчид тэр болгон дамжуулалт, бөмбөгийн шилжилтийг анзаардаггүй байх?
-Тоглолт үзэж байгаа хүмүүсийн 95 хувь нь бөмбөгийн шилжилтийг мэддэггүй. Тоглогчдын байрлалаас дамжуулалтад тулгуурласан тоглолт хэр зэрэг чухал болохыг сайн дасгалжуулагчид л ойлгоно. Харин миний чадвар гэвэл олон хүний чаддаггүй байрлалаас сайн дамжуулалт өгдөг байсан юм.
Гэхдээ одоо бол Оскар Робертсон, Майкл Жордан, Мэжик Жонсон бүгд чадах байх. Бүр Мэжик чинь мэргэжилтэн шүү дээ.
-Мэргэжлийн сагсан бөмбөгийн дөрөв дэх улиралд тань Уилт Чемберлен лигт орж ирсэн. Тухайн үед олон хүн таны эрин дууссан гэж хэлж байлаа. Анх Уилттэй таарсан тоглолт хэр зэрэг мэдрэмж төрүүлж, урам өгч чадсан бэ?
-Урам өгөөгүй. Би өөртөө ялалт байгуулах стандарт тогтоосон байсан. Гэсэн ч миний стандарт өөрчлөгдөөгүй. Уилт үнэхээр авьяастай тоглогч байсан учраас л тэр надаас амархан оноо салгаж байсан хэрэг л дээ. Тийм учраас чи түүнийг үнэхээр агуу тоглогч байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин тэр намайг бие махбод болон оюун санааны хувь давамгайлах боломжгүй хэтэрхий залуу байсан юм. Залуухан тоглогч өөр хэн нэгний эзэгнэдэг тоглоомд ирээд хүссэнээрээ тоглож, ялж чадахгүй.
Уилтын өмнөөс түүний амжилт ярьдаг. Тэр нэг тоглолтод 100 оноо авч, бүтэн улирлын турш 27 самбараас бөмбөг авалт дундажласан. Гэвч тэр бүх зүйлийг хийснийхээ дараа Уилт ялж чадаагүйг хүмүүс ойлголгүй шүүмжилж байсан. Харин би тэгээгүй. Би түүнийг агуу гэж боддог.
-Уилт чамайг илүү олон удаа хожихыг хүсэж байсан гэж бодож байна?
-Тэгж бодохын тулд ч дараалалд орох ёстой байсан байх. Миний эсрэг тоглосон, манай “Бостон Селтикс” багийн эсрэг зогссон бүх л тоглогч тэгж боддог байсан шүү дээ. Харин Жерри Уэст манай “Селтикс”-ийг ялж чадаагүй учир замнал нь унасан гэж бодож байгаа нь харамсалтай.
-Харин таны хувьд багаа сольж, дээр дурдсан Уилт, Уэст зэрэг тоглогч шиг олон удаа аваргын төлөөх тоглолтод шалгарсан ч, бүгдэд нь хожигдол хүлээвэл бүтэлгүйтсэн юм шиг санагдахгүй гэж үү?
-Сайн мэдэхгүй л юм. Би өөрийн сагсан бөмбөгийн замналдаа юу туулж өнгөрснийг хардгаас бус, таамагладаггүй.
-Таныг 11 аваргын цомд хүргэж, ялагч байх байр суурьтай болгоход нөлөөлсөн гол “түлхүүр” нь юу байсан гэж боддог вэ?
-Өөрийнхөө тоглож байгаа. Өөрийгөө зориулж байгаа тоглоом гэдгийг ойлгох ёстой. Түүний дараа л өөрт байгаа ур чадвараа хэрхэн олж авах, сагсан бөмбөгт хэрхэн нөлөөлөхөд анхаарах нь зүйтэй.
-Сагсан бөмбөгт хэд хэдэн шинэ арга барил оруулж ирсэн шүү дээ. NCAA-гийн аваргын төлөөх тоглолтод дамжуулалт агаарт байхад нь авч, цагирган дээрээс довтолсон. Олон хүний хувьд харж байгаагүй тоглолт үзүүлж байлаа. Анх тэр хөдөлгөөнийг өөрөө зохиож байв уу эсвэл хаа нэгтээ өөр хүн хийхийг нь харж байсан юм уу?
-Үндсэндээ би зохиосон нь үнэн. Нэг тоглолтын дундуур их сургуулийн багийн маань хамтрагч Кэй Си дамжуулалтаа агаарт хөөргөөд өгч байна. Эсрэг багийн хамгаалагч гэж ганцхан тоглогч байсан болохоор нь үсэрч аваад л оруулчихсан юм.
-Эсрэг багийн тамирчныхаа тоглолтыг нь алдагдуулж, шидэлтийг нь хаахаар үсэрсэн нь мөн л танаас эхтэй байх аа. Хэрхэн бодож олсон түүхээсээ хуваалцаач?
-Сагсан бөмбөгч хүн өдөр бүрийн тоглолтдоо нухацтай байж чадвал сагсан бөмбөгийн талаар илүү олон зүйлийг олж мэднэ. Хийж чадахгүйгээ сурч, юу чадахаа мэддэг болох юм. Тэгэхдээ тоглоомын дүрмийг алдагдуулж болохгүй. Дүрмээ сайн мэддэг байх нь чухал.
-Та нэгэн удаа сагсан бөмбөгчид шударга тоглох ёстой гэж хэлж байлаа. Тамирчин хүний хувьд шударга байх нь хэр их үнэ цэнтэй зүйл вэ?
-Багийн эзэд, дасгалжуулагч нар тоглогчийн ур чадвараас үл хамааран аль болох удаан хугацаанд ашиглах явдал.
-Хамгийн анхны өнгөт арьст сагсан бөмбөгч мэргэжлийн лигт элссэнээс хойш долоон жилийн дараа та лигт элсэж байсан. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт их тэр цаг үеийг даван туулах хэцүү байсан уу?
-Хэцүү байгаагүй. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал хэзээ ч, миний амьдралын хүчин зүйл байгаагүй. Улс даяар арьс өнгөөр ялгаварладаг байсан ч, би өөрийн тамирчны замнал, тоглолтод сөрөг нөлөө үзүүлэхийг нь зөвшөөрөөгүй. Манай "Бостон Селтикс" баг дотор ч арьс өнгөөр ялгаварлах зүйл гарч байгаагүй юм шүү.
-Тэр цагаас хойш та АНУ-ын спортын түүхэн дэх анхны өнгөт арьст дасгалжуулагч болсон?
-Миний бодлоор бид хоёрын ярьж байгаа энэ зүйл ажил амжуулахтай огт хамаагүй зүйл. Харин чамд гэж хэлэхэд өөрчлөлтийн хамгийн гол давуу тал нь би уйдаж эхэлсэнд л байсан юм.
Манай баг NBA-д найм дараалан түрүүлж, нийт 11 аваргын цом өргөсөн. Энэ амжилт тамирчны хувьд намайг бусдад хүлээн зөвшөөрүүлсэн. Гэсэн ч "Дараа нь яах вэ" гэсэн бодол төрж эхэлсэн.
-Таны дараа үеэс төрөн гарсан гайхалтай төвийн тоглогч нарын нэг болох Карим Абдул-Жаббар зодог тайлах жилд тань лигт элсэж байв. Каримын талаар та ямар бодолтой явдаг юм бэ?
-Карим Абдул-Жаббарын "Тэнгэрийн даллалт" нэртэй барил нь сагсан бөмбөгийн хамгийн том шинэчлэлүүдийн нэг. Түүн шиг төрж, "бүтээгдсэн" хүн хэзээ ч байгаагүй. Тэр бол бие бялдрын чадавх, пропорцын онцлог бүрэн нийцсэн "ясны" сагсан бөмбөгч.
-Эцэст нь, таны хойч үеэс төрөн гарсан тоглогчдоос таны арга барил, хэв маягийг өөртөө шингээсэн сайн тамирчин гарч ирсэн гэж боддог уу?
-Миний ярих гэж байгаа зүйл эгоизм байж магад. Гэхдээ би над шиг тоглолтыг илүү гүнзгийрүүлэх арга барилд ойртож очсон тоглогч харж байгаагүй. Өөрөөр хэлбэл, миний сайн хийж чаддаг зүйлийг гайхалтай хийж чаддаг нэгнийг хэзээ ч харж байгаагүй юм.