Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

"...Солонгост гэрээгээр ирээд “хар”-лахгүй байх хөшүүрэг хэрэгтэй"

Хуваалцах:

"...Солонгост гэрээгээр ирээд “хар”-лахгүй байх хөшүүрэг хэрэгтэй"

 

Монголчууд Солонгост ажиллаж, амьдарч эхлээд 30 гаруй жил болж байна. Албан ёсоор бол 28 орчим жил гэж “тоолдог”. 2022 оны тавдугаар сарын 31-ний байдлаар 38185 монгол хүн Солонгост оршиж сууж байв. Юутай ч, монгол өрх бүрээс тийшээ явж ажиллаж, амьдарч үзсэн гэхэд хилсдэхгүй юм.

Одоо ч тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийн оочер оволзож байна.

Ялангуяа энэ зунаас хойш ийм хүсэл тээж, ЭСЯ-нд нь виз мэдүүлсэн иргэдийн тоо эрс өсчээ. Энэ нь гурав дахь жилдээ үргэлжилж буй ковидын хөл хорио улс орон бүрт өнөө зунаас арай суларсантай холбоотой юм.

Гэрийн хорионд бараг хоёр жил суусан бидний орлого зарлага ч юу болсон нь ойлгомжтой. Тиймээс Солонгосыг зорих монголчууд олширсонд гайхах хэрэггүй биз ээ.

Солонгос улс ч ковидын хөл хориогоо сулруулж, энэ зунаас гадны иргэдийг авч эхэлсэн байна. Ялангуяа ковидын тухайд маскаа тайлаад удсан монголчуудад тийм ч хатуурхалгүй хилээр нэвтрүүлэх болжээ. Мөн хөдөлмөр эрхлэх чиглэл дээр ч бодитой боломжуудыг нээхээр болж байх шиг байна. Тиймээс манайхан ямар нэг аргаар, яаж ийгээд л Солонгост очихыг бодно. Ер нь оччихно. Нутаг нэгтнүүд маань бөөн бөөнөөрөө зорьж эхлэхтэй зэрэгцэн тус улсад очиж таарав. Тэндэх монголчууддаа албан ёсоор төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага Солонгосын Сөүлд байх аж. Сөүлийн төв хэсэг, манайхны мэддэгээр “Монгол таун”-ы баруун урдхантай ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг байна. Тус төв нь “...Солонгост оршин сууж буй монгол иргэдэд ХНХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд хоёр улсын холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэн, нийгмийн даатгалын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлж, монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн үйлчилгээг шуурхай үзүүлнэ” гэсэн зорилтыг тавьжээ. ХНХЯ-ны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, НДЕГ-ын харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү Солонгос дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвийг тэндэх монголчууд “Нэг цэг” гээд товчлоод нэрлэчихсэн байдаг юм байна. Энэ төвийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг нь 14 мэргэжилтэнтэй. Харин Нийгмийн даатгалын тасаг нь найман мэргэжилтэнтэй ажилладаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг нь ажиллаж буй монгол иргэдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарсан асуудалтай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах, тэдэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, ажил олгогчидтой харилцан зөвшилцөх, Солонгосын Хөдөлмөрийн яам болон холбогдох газруудад монгол иргэдийн гомдлыг барагдуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, гэрээт ажилчдад зориулж нутаг буцахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, Солонгост хууль ёсны дагуу оршин суухтай холбоотой сургалт зөвлөгөөг зохион байгуулах, мөн гэрээт ажилчдыг ахисан түвшинд хүргэх шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны чиглэлийн дагуу сүүлийн дөрвөн жил хагасын байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасаг нь 13.6 тэрбум төгрөгийг монгол иргэддээ олгуулжээ.

Мөн Солонгосын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамжийн корпорацитай хамтарч 221 монгол хүний 9.0 тэрбум гаруй төгрөгийн үйлдвэрийн ослын нөхөн олговрыг олгуулсан байна. 2014-2022 оныг нийтээр нь аваад үзвэл 3642 монгол хүнийхээ 42 тэрбум вонын нөхөн олговрыг олж өгсөн байгаа юм.

Харин Нийгмийн даатгалын тасгийн тухайд Солонгост ажиллаж буй иргэдээ Монгол Улсын тэтгэврийн даатгал, сайн дурын даатгалд хамруулах, сайн дурын шимтгэлийн орлого төвлөрүүлэх, Солонгосын Үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлсөн иргэдийн шимтгэлийг буцаан олгуулах, Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжуудын талаарх мэдээллээр хангаж, сургалт зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд 13.9 тэрбум төгрөгийг Монгол Улсын Нийгмийн даатгалын санд төвлөрүүлжээ.

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв буюу “Нэг цэг”-ийн даргаар Д.Баярмандах ажилладаг. Сүрхий нөхөр аж. Тэрбээр “Нэг цэг”-ээ Солонгосын Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Үндэсний тэтгэврийн алба, Хөдөлмөр халамжийн корпорац, “Ёжү” олон улсын сургалтын тав, Хөдөлмөрийн хэлтэс, биржүүд, Гадаад ажилчдыг дэмжих нэр бүхий найман төв, “Самсунг” даатгалын газар зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай нь нарийн нягт холбоотой ажилладаг болгожээ. Тэгээд монгол иргэддээ шаардлагатай тусламж үйлчилгээг авдаг байгаа юм. Тухайлбал, Солонгосын “Воне” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй монгол иргэддээ 74.1 сая төгрөгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийлгэсэн. “Анам” эмнэлэгтэй хамтраад дээрхийн адил үйлчилгээ үзүүлдэг байна.

Бас нэг сонин гэвэл тус төвөөс эрхлэн “Нэг цэг” /One stop/ сэтгүүлийг гаргаж, монголчууддаа үнэгүй тарааж байна. Сэтгүүл хэвлэх зардал өндөр ч Д.Баярмандах дарга өөрөө, бас ажилтнууд нь “гүйж” байгаад болгоод байдаг тухайгаа хэлсэн. Хамгийн гол нь тэрхүү сэтгүүл нь Монголын төр засгийн цаг үеийн мэдээлэл, “Нэг цэг”-ийн үйл ажиллагаанаас гадна тэнд ажиллаж буй монголчуудынхаа ажил, амьдралд хэрэгцээт мэдээ сэлт, чөлөөт цагт нь зориулсан, мөн урам зориг өгөх нийтлэл ярилцлагуудыг багтаадаг байна. Уг сэтгүүлийг тус төвд ажилладаг туршлагатай сэтгүүлч Ж.Жаргалсайхан эрхэлдэг юм байна.

Түүнээс гадна, тус төвийн оффисын хананд хийж гүйцэтгэх ажлаа календарь хэлбэрээр хэвлээд хадчихсан нь анхаарал татсан. Мөн алба хаагчдынхаа хийж гүйцэтгэх ажлын жагсаалтыг солонгос, монгол хэлээр хэвлэн хананд байрлуулсан нь ч үйлчлүүлэхээр очиж буй хүмүүст чухал гарын авлага болохоор юм байна лээ. Бас Солонгост гэрээгээр ажилладаг монголчуудын байршил тоон судалгааны талаарх мэдээлэл ч байнга шинэчлэгдэх байдлаар хананд нь байрлаж байдаг аж.

Сүүлийн 2-3 жилд ковид гээд гэрээний шинэ ажилчид бараг очоогүй байна. Солонгосын талаас тэнд ажиллаад гэрээний хугацаа нь дууссан монголчуудын гэрээг дахин нэг жилээр сунгаж ажиллуулжээ. Саяхан даа, сар гаруйн өмнө мань эрийг зарим нэг хэвлэлээр гөвсөн. Тэр нь ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн “хариу арга хэмжээ” байжээ. “Монгол таун”-ыг бараадан түрээсэлсэн төвийн ажилтнууд голдуу залуус байна лээ. “...Зөвхөн гэрээний гэлтгүй, энд амьдардаг монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэх хэрэгтэй болдог. Тиймээс ажлын цаг гэж ярихад ер нь хэцүү дээ. Гадуур явах ажил ихтэй. Залуус маань ч ажил үүргээ сайн нугалдаг” гэж Д.Баярмандах дарга ярьсан. 

“Нэг цэг”-ийн ажилтнуудтай ярьж байхад хийж буй ажилдаа түүртээд байх нь бараг үгүй аж. Цалин, үйлдвэрийн осол, гэмт хэрэгт холбогдоод цэрэг цагдаад баригдсан гээд манайхны асуудал мунддаггүй байна. Гэхдээ энэ нь зөвхөн гэрээний ажилчдын асуудал биш “хар”-лаад алга болчихсон хүмүүс ч тэднийд ханддаг байгаа юм. “...Цалингаа авч чадахгүй байна”, “...Солонгос хүмүүст дээрэлхүүллээ” гээд л ороод ирдэг гэж байна. Тэднийг “...Чи харласан учраас хүлээж авахгүй” гэж болохгүй. Үйлчлэх л ёстой гэцгээж байна лээ.

“Нэг цэг”-ийн ажилтнууд, дарга нь ч нэг зүйлийг байн байн ярьсан. Тэр юу юм гэхээр “...Манайхан гэрээгээр ирээд “хар”-лачихдаг. Тэр нь наашаа ирэхээр виз, ажиллах зөвшөөрөл хүлээж байгаа монголчууддаа гай болж байгааг ойлгодоггүй нь харамсалтай” гэж байв.   Өөрөөр хэлбэл, гэрээгээр очоод “хар”-лачихаар дараа нь авах квотоо Солонгосын тал бууруулчихдаг байна. Тиймээс хууль эрх зүйн хувьд юм уу, ямар нэг хөшүүрэг хэрэгтэй болсон гэсэн үг. Манайхтай адил Солонгост ажиллах хүч нь ордог Вьетнам ч бил үү, ийм байдал газар авсан учраас “хар”-ласан иргэдээ нутагтаа аваачаад хорих ял хүртэл шийтгэдэг болсон гэж байгаа юм. Учир нь тухайн улс ийм үйлдэл гаргасан иргэдээ “...Эх орныхоо нэр хүндийг сэвтүүлсэн, нутаг нэгтнүүдийнхээ боломжийг хаасан” гэж буруутгадаг болжээ. Монгол ч ингэтэл ял шийтгэл оноодоггүй юм гэхэд “...Харлахгүй ээ” гэсэн хариуцлагын гэрээ ч хамаагүй байгуулах хэрэгтэйг тэд хэлж байна.

Б.ДАМДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. БААСАН ГАРАГ. № 169 (6901)

 

скачать dle 12.0