Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Ж.Сүхбаатар: Орон нутагт шилжиж очвол нэг удаа 1 сая төгрөг өгөх зохицуулалтыг Сангийн яам хийж, төсөв дээр тусгана

Хуваалцах:

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших ажлыг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдсан талаар мэдээлэл өглөө. 
Тэрбээр "Өөрийн орлогоороо явдаг зургаан аймаг, алслагдсан гурван дүүрэг байгаа. Энэ газруудын тухайд Улаанбаатар хотоос иргэдийг шилжин суурьшихад хүлээж авах үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллах тухай юм.
Ерөнхий сайд үүрэг өгсөн. Улаанбаатар хотын захын дүүргийн иргэд, ажлын байрыг захиргааны аргаар шахаад гаргах талаар иргэд санал хэлдэг. Харин энэ удаад хөөж тууж байгаа хэлбэрээр биш, Улаанбаатар хотоос үдээд дэмжээд өгдөг, нөгөө талаас нь хүлээж аваад угтдаг агуулга руу оруулсан байдлаар ажлыг явуулах шийдвэр гарч байгаа.
2023 оны улсын төсөвт тусгагдсан ажлууд бий. Тухайлбал, ипотекийн зээлийн гурван хувь, төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэх, дулаан цахилгааны төслүүдийг орон нутагт үйлдвэрлэсэн бол эхний гурван жилд 90 хувь татвараас хөнгөлөх, мөн бизнесээ тийшээ шилжүүлбэл зээлийн нэг хувийн хүүтэй байх зэрэг багтана. 
Аймгийн Засаг дарга нарын орлогч, улсын хэмжээнд дэд сайд нар төвлөрлийг сааруулах асуудал дээр манлайлж ажиллана. Энэхүү ажил дээр бодитой үр дүнг гаргах ёстой. Тогтоол дээр улсын хэмжээний энэхүү ажлыг Д.Амарбаясгалан сайд бид хоёр ерөнхий удирдлагаар хангаад ажлын хэсгийг Сангийн сайд аваад явна. Орон нутагт байгаа татвартай холбоотой асуудал дээр дэмжлэг авах тухай гээд олон асуудал хөндөгдсөн.
Өмнө нь орон нутаг руу иргэдээ шилжүүлэх тухай ярихад бүтдэггүй байсан. Харин одоо бол Улаанбаатарт амьдарч буй иргэд өөрсдөө орон нутаг руу шилжихийг хүсээд байна. Дархан хот бол хүн амыг хүлээж авахад бэлэн байгаа. Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа технологийн сургуулийг нээсэн. Ирэх жил Ерөнхий сайд тухайн ажлыг тайланг сонсоно" гэлээ. 
Харин ажлын байрны тухайд "Орон нутгийн төсвийн төсөл удахгүй яригдана. Орон нутагт шилжиж очвол нэг удаа нэг сая төгрөг өгөх зохицуулалтыг Сангийн яам хийж, төсөв дээр тусгана. Ажлын байрны асуудал хүнд байгаа. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг зарчмаар зах зээлээ тэлэх бодлого барина" гэдгийг хэлэв. 
Түүнчлэн Улаанбаатарын цэргийн хүрээний анги нэгтгэлийг шат дараатайгаар нүүлгэн шилжүүлнэ гэдгийг Ж.Сүхбаатар онцоллоо. 
скачать dle 12.0