Нийгэм / Мэдээ мэдээлэл

Иргэдээ дэмжсэн “Ирээдүйн гэр орон”

Хуваалцах:

“Гадаад хүний нүдээр хөдөө орон нутгийн хөгжил” хэмээх гол сэдэвт цуврал сурвалжилгын арга хэмжээний нэг хэсэг болох Хубэй мужийн Ухань хотоор аялсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 05-р сарын 25-ны өдөр Хубэй мужийн Ухань хотын Жяншя дүүрэгт байрлах “Ирээдүйн гэр орон” гэх сайхан нэртэй паркийг зорилоо. Хөл хөдөлгөөнтэй Ухань хотоос цаг гаруй замыг аялж, уул усны өнгө үзэмжийг сонирхсоор “Ирээдүйн гэр орон” хэмээх том хаяг нүдэнд туслаа.

  Хоёр хоног үргэлжилсэн борооноор агаар цэвэршиж, өвс цэцэг өнгө засан, хөрс шорооноос нь анхилуун үнэр ханхалж очсон хэн бүхний сэтгэлийг сэргээж, мэлмийг баясгана.

“Ямар том хүрээлэн, ямар том барилга байгууламж вэ? Бороо хур ихтэй, цаг агаар нь таатай болохоор тариа төмс, жимс цэцэг гээд зүйлийн таримлууд сайхан байна” хэмээн манай багийн гишүүн Монгол Улсын иргэн Б.Тулга гайхан шагшиж байлаа.

Бид Аж үйлдвэрийн интеграцийн ордонд “Ирээдүйн гэр орон” паркийн бүтээн байгуулалтын ажлын төслүүд, газар ашиглалт, стратеги хөгжлийн төлөвлөгөөтэй танилцсаны дараа парк хариуцсан ажилтан Ү Чиүяны урилгаар 10000 мү /1га=15мү/ талбай бүхий бүтээн байгуулалтыг машинаар аялан сурвалжилгаа үргэлжлүүллээ.

1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өдгөө 530 сая юанийн хөрөнгө оруулалт хийгдэж, газар нутгийг шилжүүлэн хэрэглэх хэлбэрээр 5.3 мянган мү /1га=15мү/ талбай бүхий бүтээн байгуулалтыг хийж дуусаад байгаа энэхүү парк нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарыг нэгтгэн хөгжүүлж, иргэдэд ашиг хүртээх зорилттой юм. Замын хоёр талд жигдрэн бие биеэ чимсэн цэцэг мод, жимс жимсгэний моднуудын дунд Cordyceps militaris үржүүлгийн төв, шинжилгээ судалгааны төв, үйлдвэрлэлийн орд, хүнсний ногооны хүлэмж, цэцгийн архитектур хэмээх орчин үеийн том том барилгууд сүндэрлэжээ.

Бид Cordyceps militaris үржүүлгийн төвд орж, дэвшилт технологи, өндөр технологийн үйлдвэрлэлийн шугамтай танилцав. Тус төвд торгоны эр эрвээхэй зэрэг бичил биетнийг үржүүлэн, хүний биед шим тэжээл нөхөх цай, хорт хавдраас сэргийлэх эмийн бүрэлдэхүүнийг үйлдвэрлэж байгааг мэдэж авав. Мөн "Хөдөө тосгоны хөгжлийг бүтээн байгуулагч, гурван аж үйлдвэрийн салбарыг нэгтгэх манлайлагч, сайхан орон сууцыг бүтээгч, эрүүл амьдралыг бүтээгч” зэрэг тодорхой ажлын төлөвлөгөөг бидэнд танилцууллаа.

   Тус парк нь Тянь Пү тосгоноор голлосон 10 гаруй тосгоны газар нутгийг түрээслэх ба тариачдад хувьцаа өгөх хэлбэрээр эзэмшин "эрүүл мэнд, аз жаргалыг бий болгох" зарчмын дагуу "хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, хөдөө тосгоныг сайн сайхан болгох, тариачдыг чинээлэг амьдралд хүргэх" зорилтын хэрэгжилтийг ахиулжээ. Мөн тосгоны хүн ам, эд баялаг, эд материалаа хөдөө орон нутаг руу идэвхтэй шилжүүлж, “хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, сургалт хийх, ажлын байраар хангах, аж үйлдвэрлэлээр орлогоо нэмэгдүүлэх" зэрэг арга бодлого хэрэгжүүлснээр жил бүр тосгоны 50 гаруй иргэн ажлын байртай болж байна. Ажил үйлсэд нь амар тайван нөхцөл байдал бүрдүүлэх зорилгоор тариачдын нийгэм эрүүл мэндийн баталгааг хангаж, 2021 оны 12-р сарын эцсийн байдлаар иргэдийн нийгмийн баталгаанд 1.5 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад тусалжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба бусад салбарын дэмжлэгийг үзүүлж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, орон нутгийн шинэ дүр төрхийг бий болгоход түлхэц болж байгаа юм.

   “Биднийг өглөө орой машинаар авч, хүргэж байна. Зөвхөн цайны тарианы өвсийг ялгадаг. Ажил нь ч хөнгөн, сайхан агаар, сайхан орчин нөхцөлд гэртээ зүгээр суугаад яах билээ. Энд ирээд өдрийн 100 гаруй юанийн орлого олж байна” хэмээн 60 гарч яваа арав гаруй эмэгтэй цайны тариаланд ажиллаж байв.

Жаргах нарны улбар туяанд загас жараахай үсэрсэн Лянзи голын эрэг дэх цайны тариаланд инээд баярын дуу хангинаж байлаа.

 Тус парк 700 мү /1га=15мү/ экологийн ой, 260 га киви, 260 га гардения цэцэг, үрлэн помидор, усан үзэм, тоор, цэцэгт байцаа зэрэг ургамлуудыг тарьж, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн тогтолцоо, үйлдвэрлэлийн тогтолцоо, удирдлагын тогтолцоо, нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн салбарыг нэгдүүлсэн хөгжлийн тогтолцоог бүрдүүлэх зорилтоор ажиллаж байна. Ү Чиүян:

- “Нэгдүгээр аж үйлдвэр нь хөдөө аж ахуйн экологийн тариалалт ба үржүүлэх зэрэг ажлаар голлож байна. Үүнд киви, гардения цэцэг, 100 мянга орчим жимсний мод зэргийг тарьж ургуулж байгаа бөгөөд Кордицепс милитарис, торгоны эр эрвээхэй зэрэг бичил биетнийг үржүүлэн, хоёрдугаар аж үйлдвэрт өндөр чанар бүхий түүхий эд хангахаар ажиллаж байна. Хоёрдугаар аж үйлдвэр нь эрүүл мэндийн томоохон салбарыг бүтээн байгуулахад гол цөм болгон ажиллаж байна. 37.5 мянган квадрат метр талбай бүхий 6 томоохон боловсруулалтын ордон нь голцуу бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, үйлчилгээний инновацад анхаарлаа хандуулж, 6 үйлдвэрлэлийн шугамыг ажиллуулан, өндөр технологи бүхий олон төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх төдийгүй 10 тэрбум юанийн өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эрчимтэй боловсруулан үйлдвэрлэх хүчин чадалтай юм.   

 - Гуравдугаар аж үйлдвэр нь нэг, хоёрдугаар аж үйлдвэрт суурилан нийтийн үйлчилгээг хөгжүүлж, нийтийн хоол унд, буудал, үзэсгэлэн яармаг, аялал жуулчлал, хурал цуглаан зохион байгуулах ба бусад төслүүдийг дэмжиж, маркетингийн үйлчилгээний өндөр түвшний туршлага бүхий платформыг бий болгоход хүч чармайлт гарган ажиллаж байна. Энэхүү гурван том аж үйлдвэрийн салбар нь интернэт технологиор холболдож, "үйлдвэрлэл + боловсруулах + үйлчилгээ + технологи + соёл + урлаг" хэмээх орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн кластерийг бүрдүүлсэн. Ингээд орчин үеийн хөдөө аж ахуй, хөдөө тосгоны бүтээн байгуулалт, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах бөгөөд гурван аж үйлдвэрийг нэгтгэх загвар нь хөдөө орон нутагт аж төрөх ирээдүйн шинэ орон зайг бий болгоход дэмжинэ.

Тус парк нь хөдөө аж ахуйн өндөр технологийг ашиглан уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, менежментийн арга барилыг өөрчилж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж байгаа бөгөөд тосгоны тохижилт, байр байшинг нэгдсэн байдлаар засан шинэчилж, хөдөөгийн өнгө үзэмж, дүр төрх цоо шинээр өөрчлөгдөж байна. Үүнчлэн ядуурлыг бууруулах бодлогын дагуу идэвхтэй ажиллаж, тариачдад үр шимийг хүртэх боломжийг ханган, тариачдыг ядуурлаас гаргаж баяжих замд хөтөлж байгаа юм. Өргөн уудам хөдөө нутаг бол алтаар сольшгүй эрдэнэ гэдэг. Орчин үеийн хөдөө орон нутаг гэдэг ирээдүйн сайхан нутаг, ажил үйлс босгох хүслийн нутаг аж.

Хөдөлмөр хүчээрээ аж амьдралаа өөд татаж яваа энэ нутгийн иргэд ч газрын хишгээ хүртэж, Лянзи нуурын эрэг дээр цаг үетэйгээ алхаа нэгтгэн урагшилж, шинэ хөдөө орон нутгийн гайхамшигт дүр зургийг бүтээж байна...

Цээж онгойлгох хээр талын амьсгаа, нам гүмхэн уран байгаль, өнөр амьдрал хөгжөөсөн энэ сайхан нутагт мандах наран илч гэрлээ түгээх нь лавтай.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Баянмөнх, Хань Хуншя, Сурнаа
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж: Солонго
скачать dle 12.0