Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

​Чуулган: Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна гэв

Хуваалцах:


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав. 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Дахиад өнгөрсөн наймдугаар сард ҮХӨ хийж, “давхар дээл”-ээ нөмөрч авсан. Ингэхдээ сайд нараа УИХ-д олон удаа сонгогдсон нөлөө бүхий гишүүдийг томилох замаар УИХ-ын үйл ажиллагааг Засгийн газрын үйл ажиллагааг илт лоббиддог болсон. Гэтэл энэ нь багадаад Хуулт тогтоомжийн тухай хуулиар оролдож, УИХ-ын гишүүдийн эрхийг боогдуулсан хуулийн төсөл оруулж ирлээ. УИХ Засгийн газарт эрх мэдлийг хангалттай өгсөн. Анхдагч хуулийг өргөн барих, шинэчлэх бүрэн эрх Засгийн газарт бий. УИХ-ын гишүүд татвар, зөрчил, эрүүгийн болон бусад хуулиудад өөрчлөлт хийх эрхийг хааж байгаад харамсаж байна. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй байх хэрэгтэй.  
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Б.Пүрэвдорж гишүүн баталсан хуулиа уншаагүй байна л даа. УИХ-ын тухай хуулийн 38.1-д УИХ-ын гишүүдийн өргөн барих хуулиудын хүрээ, 38.2-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлах хуулийн хүрээн хязгаар, 38.3-т Засгийн газрын хууль санаачлах хүрээг баталсан. Та хөдөө гадаа “13” тоглож явахын оронд үүнийгээ уншиж байх хэрэгтэй. 
Хоёрт, төсвийн бодлого, татварын бодлого, нийгмийн даатгалын бодлого урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдах ёстой. Жишээлбэл, НДС-г 10 их наядаар арвижуулах шаардлагатай. Гэтэл таны барьж буй бодлого НДС-д жил бүр 60 тэрбум төгрөгийн дарамт үүрүүлэх юм. Энэ урт хугацааны бодлоготой нийлэхгүй тул мэргэжлийн Засгийн газар нь төсөв, санхүүгийн бодлогоо хууль санаачлах эрхийн хүрээнд тодорхойлж явах агуулгатай юм.  
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг хуулиар тогтоож болно гэж орсон. Гэхдээ Монгол Улс парламентын засаглалтай. Бид юм л бол Засгийн газраа дэмжиж байна гээд, УИХ эрх мэдлээ Засгийн газар руу шилжүүлж байна. Энэ эрх мэдлийг Засгийн газар хэрхэн хэрэгжүүлж байна вэ. Ерөнхий сайд сайд нараа томилох эрх авснаас хойш мэргэжлийн байж чадаж байна уу, Засгийн газрын нэр хүнд сайжирсан уу гэж асуувал асуудал байна. Одоо УИХ-ын гишүүдийн хууль тогтоох эрхийг хязгаарлах юм байна даа. Цаашдаа УИХ-д эрх үлдэж байна уу. Тодорхой хэмжээгээр нийгмийн суурь харилцааг тогтоодог асуудлыг Засгийн газар санаачилж болно. Гэтэл нийгмийн салбарыг зохицуулдаг боловсролын тухай асуудал, нийгмийн даатгал халамжийн харилцааг тогтоож буй асуудлыг Засгийн газар боловсруулж, УИХ санаачлах эрхгүй болгож байгаа юм бэ. УИХ-ын гишүүний онцгой бүрэн эрхэд яагаад ингэж халдаж байна вэ. Засгийн газарт эрх өгөөд гурван жил боллоо, гэвч Засгийн газраас боловсрол, соёлын чиглэлээр нэг ч хууль орж ирээгүй шүү. 


УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна гэж бид 2020 онд баталсан. Үүнийгээ л Хууль тогтоомжийн тухай хуульд оруулах гэж байгаа юм. 
Хууль тогтоох эрх мэдэл, хууль санаачлах эрхийн хүрээ хязгаар гэсэн хоёр өөр ойлголтыг хольж яриад байна. УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг өнгөрсөн 32 жилийн хугацаанд хязгаарласан зүйл байхгүй. Хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д бий. Харин хууль, тогтоомжийн төсөл боловсруулах хүрээ хязгаар өөр асуудал. Манайх шиг ийм өргөн хүрээтэй улс байхгүй. Зарим улсад Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй, зарим улсад УИХ-ын гишүүн нь манайхаас илүү хумигдмал байдаг.  
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Засгийн газрын бүх хуулийг л дэмждэг, гэхдээ энэ хуулийг дэмжихгүй. Х.Нямбаатар сайд худал хариулаад байгаа учир би саналаа хэлнэ. Х.Нямбаатар сайд УИХ-ын тухай хуулийн 38.3-ийг яриад байна. Энэ заалт нь татвар, эрүү, иргэн, захиргааны, зөрчлийн анхдагч болон шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачилна гэж УИХ-ын тухай хуульд бий. Гэтэл одоо орж ирж буй хуулиар гамшгаас хамгаалах, газар өмчлөх, ашиглах, нийгмийн даатгал, халамж, боловсрол гэсэн том асуудлуудаар хууль санаачлах эрхийг Засгийн газар авна гэж оруулах гэж байна. Мөн 38.3-т зааснаар анхдагч болон шинэчилсэн найруулгыг Засгийн газар санаачилна гэж заасан. Гэтэл нэмэлт, өөрчлөлтийг нь хүртэл УИХ-ын гишүүд санаачлах эрхгүй болох гэж байна. Энэ нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Үеийн нөхөр, намын нөхөр Х.Нямбаатарт шүүмж хэлье. Чи насаараа сайд хийх гэж байгаа юм биш. Ц.Нямдорж сайд л олон жил хийсэн. Тэрнээс их хийх юм уу. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй. Төрийн засаглалыг хуваах зарчим гэж бий.  
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл оруулж ирлээ. Энэ удаагийн Засгийн газар үе үеийн Засгийн газраас илүү эрхтэй байгаа шүү. Юм л болвол УИХ руу дайрч, эрх мэдлийг нь багасгадаг байдлаа боль. Аль яам оруулж ирсэн юм, энэ хуулийн төслийг. Засгийн газар УИХ болох гээд байгаа юм уу. Энэ хуулийн төслийг нь дэмжиж өгөөд цаашдаа Монгол Улсын Засгийн Их газар гэж нэрлэх юм уу. Ийм Үндсэн хуулийн зөрчилтэй хуулийг оруулж ирж болохгүй. 


УИХ-ын гишүүн Д.Ганбат: Гишүүдтэй санал нэг байна, хуулийг буцаа. Энэ арай хэтэрч байна. Хууль тогтоох эрх УИХ-д бий. Давжаа парламентад “давхар дээл” нөмөргөчихсөн. УИХ, Засгийн газар учир нь олдохоо байлаа.  
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаадлага бий. Гэхдээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байгааг анхаарах нь зүйтэй.  
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: УИХ-ын тухай хуулийн 38.3-аар хэвээр үлдээгээд, гамшиг, боловсролын асуудлыг татъя. Мөн нэмэлт, өөрчлөлтийг ч татъя. Харин төслийг хэвээр үлдээхээр харилцан ойлголцвол яасан юм бэ. 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: УИХ анхдагч гэдгийг байнга санахгүй бол хөл толгойгоо алдах нь. Үндсэн хуулиар тогтоосон суурь нь ажиллахгүй, үл ойлголцох байдал бий болно. Энэ маш явдалтай, хэцүү асуудал шүү. Хууль санаачлагч сайн бодоорой. УИХ төсөв дээр зарлага нэмж чадахгүй, татвар шинэчилж чадахгүй, бид дэгээс өөр санаачлах юмгүй болох гээд байна. Үүнийг дэмжиж болохгүй. 
Хууль болохгүй байна гээд л ажлаа хийхгүй юм. Сая нүүрсний хулгайн асуудал ярихад хууль хяналтын байгууллагынхан хууль чинь ийм шүү дээ гээд яриад сууж байна. Байгаа хуулиндаа зохицуулж хуулиа хэрэгжүүлж амьдрах чухал болохоос бүх юмаа хууль руу чихэж болохгүй. Тэгээд баахан хууль батлаад тогтворгүй байдал үүсгээд байгаа юм. 
Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явуулах гэсэн боловч гишүүдийн ирц бүрдээгүй тул хойшлуулав. Чуулганы танхимд 20 хүрэхгүй гишүүн сууж байна. 
скачать dle 12.0