Эдийн засаг

Ганцхан Монголд л байдаг "Чоно", “Бирд” эдийн засаг

Хуваалцах:
Манайхан сүүлийн эдийн засгийн загвар гэж ярих болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Монголд тохирчихмоор загварын эрэл хайгуул явагдаж, хурал чуулган дээр ч танилцуулагдаж л байлаа. “Чоно эдийн засаг”, Сармагчин, мод”-ны загвар гэх мэтээр анхаарал татсан санаанууд ч дэвшүүлж байсан юм.  Чоно эдийн засгийн загварыг анх санаачилсан хүн нь хэвлэлд “Чингис хаан гэхэд л чоныг судалж байгаад, цөөхүүлээ, 20 чоно нийлээд мянган хонь руу дайрдаг шиг аргаар дэлхийн талыг эзэлчихсэн юм биш үү гэдэг дүгнэлт гарсан. Чоно хэрэгтэй үедээ сүрэглэж дайрдаг. Мөн хүн, чоно хоёр мал сүргийн төлөө, амьдралын төлөө тэмцэж ирсэн. Бар бол багаараа амжилтад хүрч чаддаггүй. Энэ утгаар нь чоно эдийн засаг гэдэг ойлголтыг сөхөж тавьсан” гэж өгүүлсэн байсан. Эдийн засгийн тохирсон хэв загвараа олоод мэдлэг боловсролтой иргэдтэй, дэлхийд өрсөлдөхүйц эдийн засагтай улс болох энэ мэт санаа бол туйлын зөв.
Монголчууд бид нийлээд гадаад улсуудтай өрсөлдөхөд чоно эдийн засаг гэж хэмээх нэр томьёо тохирно. Харин дотоод эдийн засагт ямар эдийн засаг явж байгааг оноож хэлэхэд хэцүү байна. Учир нь одоо манай эдийн засаг яг энэ “чоно” гэдэг нэр томъёонд тохирохуйц хэв загвараар хөгжиж , заримдаа “бирд” ч гэж хэлж болохоор дүрд үе үе хувилж байгаа билээ. Чоно бол бололцоо гарсан үед цадталаа сайн идэж аваад, олон хоногийн турш зөнгөөрөө явдаг амьтан.
Манай үндэсний үйлдвэрлэгчид, худалдаачид яг л энэ зарчмаар ажилладаг учраас хөгжиж чадахгүй байгааг учир мэдэх мэргэжлийн хүмүүс хэлдэг. Цасаар шуурч, хүйтрэхтэй зэрэг нүүрсний худалдаачид “бололцоо”-г ашиглан уут нүүрсээ ердийнхөөс өндөр үнээр худалдана. Цагаан сар дөхөхөд цагаан идээ, махны үнэ хаданд гарчихдаг. Энэ жил гэхэд “Хөдөө орон нутгаас нийлүүлэлт бага байгаа” гэдэг шалтгаанаар цагаан идээний ханш өндөр тогтжээ. Хэдэн жилийн өмнө айхавтар ханиад гарахад амны хаалт, адууны мах, аарц бас л 1-2 дахин нэмэгдэж байсан.
Эрдэнэт хотын дэлгүүрүүд Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын цалин буух үеэр үнэ ханшаа өсгөдөг нь Монголд “чоно” төдийгүй "бирд" эдийн засаг оршиж байгаа, төрийн хяналт байхгүйг батлах тод жишээ. Эрдэнэт шиг жижиг хотыг хангахад тийм их бараа шаардагдахгүй. Эрэлт, нийлүүлэлтийн хууль энд ямар ч хамаагүй. Ганцхан бирд сэтгэлгээ, түүндээ дасч эвлэрсэн монгол зан л тэнд явж байна.
Үнэ өсгөх боломж бүрийг алдалгүй ашигладаг “чоно” аж ахуйн нэгж, наймаачидтай, татвар төлж байгаадаа бахархах бус, бултаж зугтаж чадсанд нь атаархдаг “бирд” сэтгэлгээ явж байна, Монголд. Энэ байдал байн, байсаар иргэдийн сэтгэл санаанд ч нөлөөлж эхэлсэн.   
“Зуд болоосой” гэсэн хүнийг “амны билэггүй туучий вэ” гэхээс өмнө “Зайлуул, арьс ширний ченж юм байх даа, аргагүй, аргагүй” гэх нь халаг болчихож. Энэ маягаар эмний наймаачин нь “Өвчин гараасай”, буяны ажил хийдэг хүмүүс “Хүн үхээсэй” гэж дотроо нууцхан боддог ч байж магадгүй. Хүн шуналтай байж болно. Гэхдээ бирд болж болохгүй шүү дээ. Уг нь энэ гажуудлыг жижиглэн худалдааны тухай хуулиар зохицуулж болох юм билээ. Гэтэл жижиглэн худалдаа эрхлэгчид нь хууль эрхзүйн орчин хангалтгүй байдгаас ийм байдалд хүрч байгааг учирлаж, өөрсдөө хөөцөлдөж хууль өргөн бариулаад ч батлагдахгүй өнөөг хүрсэн гэхээр үнэхээр хачирхалтай.
Бурхан багшийн сургаалд аз жаргал гэсэн ойлголт байдаггүй, зовлон л гэж байдаг. Үүнийгээ  “Хүн хүсэлтэй хүслээ гүйцээхийн төлөө зовдог” гэж тайлбарласан байдаг. Гэтэл манайхан аз жаргал гэж нэг юм гаргаж ирчихээд түүнийгээ “Хүн шунал, хүсэл тачаалтай байдаг. Түүнийгээ биелүүлбэл аз жаргал гэж нэрлэнэ” гэж хэлэх нь халаг байх юм.

Х.Батсайхан
скачать dle 12.0