Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

Санхүүгийн цахим залиланд өртөж, "эзэнгүй хэргийн" хохирогч болох сонголтыг бүү хий

Хуваалцах:

Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайн гэмт хэргийг хэн үйлдсэнийг мэдэх боломжгүй олон зуун гэмт хэрэг ковидын жилүүдээс эрчимтэй өсөж эхэлсэн. Энэ нь нийгэм өөрчлөгдөж бүх зүйл цахим руу шилжиж байгаатай холбоотой юм. Саяхан ЦЕГ-аас сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд койн, криптовалют, гадаадын олон сүлжээнд итгэж залилуулсан хүний тоо, мөнгөн дүнг гаргах боломжгүй гэж мэдэгдлээ.
Манай улсад койн, криптовалютай холбоотой хууль эрх зүйн орчин хангалтгүй, энэ талаар иргэдийн боловсрол дутмаг, үнэн бодит, зөв мэдээ мэдээлэл төдлийлөн авч чаддаггүй зэрэг нь хүмүүс залилуулахад ихээхэн нөлөөлж байна. Нөгөө талаас  мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой койн, криптовалют худалдаж авсан  хүний 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч бусдад залилуулсан байдаг.
Иргэдийн хувьд ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хороо анхаарах хэрэгтэй гэдэг ч  уг асуудлыг зохицуулах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Тийм ч учраас УИХ-ын нь зарим гишүүд Койнтой холбоотой асуудал иргэд өөрсдөө л болгоомжтой хандахгүй бол төрөөс ямар нэгэн арга хэмжээ авах ямар ч боломж байхгүй талаар удаа дараа мэдэгдэж байсан ч удаа бий.
Тэгэхээр төрийн болон албаныхны ярьж буй зүлээс харахад өнөөдөр цахим санхүүгийн залилантай холбоотой авах арга хэмжээ хаана хаанаа алга. Ер нь бол энэхүү санхүүгийн залилан, их хэмжээний санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломж нь иргэн хүний гарт бий.
 Албаны хүмүүсийн хэлж буйгаар "Уг асуудалтай холбоотойгоор хийж чадах зүйл байхгүй. Хуулиар энэ төрлийн үйл ажиллагааг хориглосон байдаг. Хорооноос үүнд ямар ч арга хэмжээ авах боломжгүй" гэсэн юм.
Тиймээс энэ төрлийн хэргийг бууруулахын тулд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, ОНМХ болон холбогдох байгуллагуудын хамтын ажилллагаа, оролцоо чухал байна. Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн суурь мэдлэг мэдээллийг иргэдэд өгөх замаар л санхүүгийн цахим залиланг бууруулах боломжтой юм.
Криптовалют гэж юу вэ?
Криптовалют нь хувь хүмүүс хоорондын солилцоонд оролцдог шифрлэжгдсэн зохицуулалтгүй цахим валют юм. Эдгээр мөнгөн тэмдэгтүүд нь биет хэлбэрээр байдаггүй бөгөөд өгөгдөл хэлбэрээр хадгалагдаж байдаг цахим хөрөнгийг илэрхийлдэг.
Криптовалютын зах зээл маш хурдан өөрчлөгдөж, зарим криптовалют шинээр бий болж, зарим нь алга болдог. Криптовалютын хүмүүсийг татдаг зүйл бол өөрсдийн мөнгийг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаас хамгаалах явдал юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр койн, криптовалютын суртчилгаа гарах нь хүмүүс тухайн мэдээлэлд шүүлтүүргүй итгэх шалтгаан болдог
Цахим валютын үнэ болон Bitcoin-ийн үнэ, ялангуяа валютын өсөлтийг тайлбарласан хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээний нөлөөнд ордог. Жишээлбэл, сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын үндэсний зохицуулах байгууллагууд олон сөрөг тайлбар хийжээ. 2013 онд Хятад улс санхүүгийн байгууллагуудад алдарт Bitcoin-тэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөж байсан нь криптовалютын ханшийг 300 доллараар буурахад хүргэсэн.
Энэ төрлийн гэмт хэрэг цаашид өсөх төлөвтэй байна
Цагдаагийн ерөнхий газарт ирж буй гомдлууд нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэмэгдэж байгаа ажээ. Учир нь "FT group", "Wayfair", "Familymart" гэх нэршилтэй программ ашиглан иргэдээс 60-аас 20 мянган ам.долларын барьцаа байршуулж залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Гэсэн ч энэ гэмт хэргийн хохирлыг бүрэн төлүүлэх, залилан хийсэн этгээдийг илрүүлэх, нийт хэдэн хүн хохирсныг тогтоох нь бүрхэг юм.
Дэлхийн даяар койн, криптовалютаар залилан хийдэг хүмүүс нь нэг койныг гаргаж ирж хүмүүсийг залилчихаад дараагийн койныг гаргаж ирж схем маягаар явдаг юм.  Койн, криптовалютын хохирчдын ихэнх хувь нь 40 наснаас доош хүмүүс байгаа бол сүлжээ, понзи схем буюу хөрөнгө оруулалтын луйварт 35 аас доош насныхан өртөж байна.
Залилан, мэхлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хуулийн ямар хариуцлага ногдуулдаг вэ
  • Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, хуурч, аль эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, аль эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 17.3 дугаар зүйл 2.2 Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
  • Энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5-12 жил байдаг.
скачать dle 12.0