Нийтлэл

Далай лам: Халх Жавзундамбын хувилгаан заларч байна

Хуваалцах:

Энэтхэг, Дармасала хот (2023.03.08)
Өглөө эрт Дээрхийн гэгээнтэн Далай ламыг Зүглаг Хан дуганд морилох үеэр дуганы тагт, талбай 5000 орчим лам хуврага, ани нар болон 600 орчим монголчууд, бусад сүсэгтэн олноор дүүрэн байлаа. 
Дээрхийн Гэгээнтэн мандалын өмнөх суудалд заларч, Дэмчог бурханы бэлтгэл номыг чимээгүйхэн бүтээж эхлэв. Бэлтгэл номоо дүүргээд, Дээрхийн Гэгээнтэн сэнтийдээ заларлаа.
 
Далай лам Дэмчог ядамын бэлтгэл номын айлдвар айлдахаар Зүглаг Хан дуганд морилон ирэв. Дармасала, 2023.03.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
 
ДАЛАЙ ЛАМЫН АЙЛТГАЛААС...
Дээрхийн гэгээнтэн түүний зүүн талд заларсан хүүгийн зүг харан нийтэд хандаж, “Монголын Халх Жавзундамбын хувилгаан өнөөдөр энд заларсан байна. Түүний өмнөх дүрүүд Нагбува Кришначаряа уламжлалын Дэмчог ядамтай маш ойрын холбоотой юм. Тэдний нэг нь Дэмчог ядамын бясалгал бүтээлд зориулан Монголд хийд байгуулж байсан түүхтэй. Тиймээс Халх Жавзундамбын хувилгаан өнөөдөр энд заларч байгаа нь машид өлзий дэмбэрэлтэй үйл явдал юм” хэмээн айлдав.
Тэрбээр цааш нь “Төвөдөд нууц тарнийн ном маш өргөн дэлгэрсэн. Дэмчог ядамын тухайд Гантапада болон Лүеипагийн уламжлал түгээмэл хэдий ч Кришначарягийн уламжлал нэлээд ховор юм. Би Нагбува Кришначаряа уламжлалын Дэмчог ядамын авшигийг Датаг ринбочэгээс хүртэж байсан бөгөөд энэ ядамын бясалгал бүтээлийг хийхэд надад сэтгэлд их ойр дотно мэдрэмж төрдөг байсан. Өнөөдөр би маргааш хүртээх авшигийн дагон буюу бэлтгэл хэсгийг номлоно. Дэмчог ядамын номлол нь харьцашгүй дээд дандрын ёсонд хамаардаг юм. Сандуй буюу Гухясамажа илбийн биеийг голлодог бол Дэмчог ядам гэгээн гэрлийг голлодог. Гэвчиг илбийн биеийг голловоос гэгээн гэрэл аяндаа ургах болно" хэмээв. 
Далай лам мөн "Дээр хэлсэнчлэн Кришначаряа уламжлалын Дэмчог ядам миний сэтгэлд их ойр байдаг. Би авшигийг нь хүртэж нямба бүтээлийг нь ёсчилон үйлдсэн. Бага зэрэг дөвийлгөсөн мэт сонсогдож болох ч надад Их бүтээлч Кришначаряатай холбоотой мэт мэдрэмж төрдөг. 
Авшиг хүртэхийн тулд авшигийн бэлтгэл зайлшгүй хэрэгтэй тул бэлтгэл хэсгийг өнөөдөр номлоно. Би өөрийгөө Дэмчог ядам болгон бясалгасан байгаа.
 

Эхлээд бид авшиг хүртээх үеэр гарч болох саад тотгорыг арилгах зорилгоор зэтгэрийн балинг гаргана. Үнэндээ бол жинхэнэ саад тотгор бидний сэтгэлд буй өөрийгөө энхрийлсэн ба юмсын мөн чанарыг таниагүй мунхаг юм. Тиймээс бид өөрийн уг мөн чанараа таниагүй мунхарсан тэдгээр амьтдад энэ балинг өгч байна гэж хэлж болно.
Бурхан багш бол бусад шашны олон багш, мэргэдээс энэрэл нигүүлсэл, бусдын тусын тулд хийсэн үйлээрээ үнэхээр ханьцашгүй нэгэн юм. Бурхан багш авах, гээхийн ухааныг ёсчлон зааж, зам мөрийг үзүүлсэн билээ. Бурхан багш бидэнд сэтгэлийг номхотгож хувирган өөрчлөх арга замыг нээж харуулсан юм.
Нууц тарнийн номоор бид хамт төрсөн гэгээн гэрлийн сэтгэлийг ил гаргах боломжтой. Хэрэв ингэж чадваас илбийн биеийг олж, улмаар тэр хоёрын нэгдлээр номын болон дүрст лагшин бүтэх шалтгаан бидний сэтгэлд бий болно. Энэ бүгд шинжлэх ухааны талаасаа ч үндэслэлтэй тодорхой, үнэнд нийцтэй байна.
Бурханы хутаг гэдэг нь бүх нисваанисыг арилгаж, бүх эрдмийг гүйцээсэн эрдмийг хэлнэ. Түүнд бид хэрхэн яаж хүрэх вэ? Гэгээн гэрлийн сэтгэлийг ил гаргах замаар хүрэх болно. Бидний дотоод сэтгэлд ийм боломж бий бөгөөд бид үүнийг гэгээрлийн зам мөрд урвуулах хэрэгтэй.
Гэгээн гэрлийн сэтгэл ил гарах үед түүний уналга болсон хий нь илбийн биед хувирдаг. Ийм дээдийн эрдэм бүтээлд хүрэх боломжтой юм. Бидний сэтгэл болон хий бүдүүн, нарийн маш олон янзын түвшинтэй. Хий, сэтгэл хоёр бол тэргүүлшгүй цагаас байсаар ирсэн бөгөөд бодьгалыг тодорхойлдог үндсэн төлөв юм. Бүдүүн сэтгэл, хийг хурааснаар бид маш нарийн хамт төрсөн гэгээн гэрлийн сэтгэл, түүний унаа болсон хийн эрчмийг ил гаргаж чадна.
 
Дэмчог ядамын бэлтгэл номын айлдварын үеэр Монголын Халх Жавзандамбын хувилгаан мод орхих зан үйлийг үйлдэж байгаа нь. Дармасала, 2023.03.08. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Авшиг хүртэхдээ бид тэнгэр хүний сайн төрлийг авах гэх мэтийн тухайтад бус төгс гэгээрэлд хүрэхийн тулд авшигийг хүртэх ёстой. Нууц тарнийн номын дагуу бид өөрсдийгөө ядам болгон маш тодорхойгоор бясалгах хэрэгтэй байдаг. Тиймээс бид эхлээд өөрсдийн эглийн биеийг хоосон чанарын агаарт уусгаад тэндээс Дэмчог буюу Хэругагийн дүр байдлыг үүсгэн бясалгана" гэлээ. 
Дээрхийн Гэгээнтэн нийт олонд хандан бодьсадвын санваарыг хүртэхийн өмнө амьтны тусыг бүтээе гэсэн чин сэтгэлийг төрүүлэх нь маш чухал болохыг онцлов.
Тэрээр "Бодь сэтгэлийг үүсгэж чадваас сэтгэлийн амар амгалан аяндаа ирнэ. Сайн цагийн мянган бурхад ч мөн бодь сэтгэлийг бясалгаж эрдэм бүгдийг гүйцээн төгс гэгээрсэн юм" хэмээн айлдлаа.
Ийм учраас өглөө бүр бодь сэтгэлийг үүсгэн хоосон чанартай уялдуулан бясалгадаг тухайгаа Дээрхийн Гэгээнтэн нэмж онцолсон юм.
Цаашлаад Дээрхийн гэгээнтэн "Шантидэва гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ ном бол бодьсадвын явдал мөр, бодь сэтгэлийг хэрхэн анхааран авах, түүнийг яаж бясалгах талаар маш сайхан тайлбарласан хамгийн сайн ном юм. Энэ номыг би орныхоо дэргэд өөртөө ойр байлгадаг" хэмээн айлдав.
Дээрхийн гэгээнтэн цугласан олонд хандан "Өмнийн огторгуйд Бурхан Багш, түүний шадар найман бодьсадва нар болон эртний Энэтхэг, Төвөдийн дээдэс мэргэдүүдийн хамтаар бодитойгоор заларсан байна хэмээн бодоорой. Ингээд бодьсадвын санваар хүртэх уншлагыг намайг дагаж гурван удаа уншаарай" хэмээсэн юм. 
Дэмчог ядамын бэлтгэлийн хүрээнд Жадо ринбочэ мод орхиход зүүн зүгт буув. Сүсэгтэн олонд адисласан рашаан, хамгаалах улаан утас болон урт богино гүш өвс тараалаа. Гүш өвсийг дэр болон гудасны дор байрлуулах учиртай агаад зүүдээ манахад тустай юм.
Айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн сүсэгтэн олныг зүүдээ манахыг зөвлөв.
Өглөөний айлдвар ийн өндөрлөсний дараа Дээрхийн гэгээнтэн монголчуудад мөргөл тавилаа. Цугласан олон тарж гартаа гүш өвс барьсан хүмүүс зүг бүрт дүүрэн харагдаж байлаа.
скачать dle 12.0